Бээжин-2022: Рекорд эвдсэн ялалтууд, зүрх зүссэн бүтэлгүйтлүүд

Хуучирсан мэдээ: 2022.02.21-нд нийтлэгдсэн

Бээжин 2022

Бээжин-2022: Рекорд эвдсэн ялалтууд, зүрх зүссэн бүтэлгүйтлүүд

Бээжин-2022: Рекорд эвдсэн ялалтууд, зүрх зүссэн бүтэлгүйтлүүд

Бээжин-2022 өвлийн 24 дэх удаагийн олимп өчигдөр/2022.02.20/ ёслол төгөлдөр хөшгөө хаалаа. 91 орны 2871 тамирчин долоон спортын 15 төрөлд 109 багц медалийн төлөө цар тахлыг умартан өрсөлдөж, хүн төрөлхтнийг баясгаж чадав.


РЕКОРД ШИНЭЧЛЭН ТОГТООГЧИД

Норвеги

Норвеги улс өвлийн спортоор дэлхийн том гүрэн гэдгээ харуулж, нэг өвлийн олимпоос 16 алтан медаль хүртэж, рекорд тогтоов. Тус улсын биатлоны тамирчин Йоханнес Тиннес Бё нь Бээжингийн олимпоос таван медаль авсны дөрөв нь алт байлаа.

Натан Чен

АНУ-ын уран гулгагч Натан Чен эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртэж, ард түмнээ баярлуулсан. 22 настай тэрбээр эрэгтэйчүүдийн богино үзүүлбэр дээр 113.97 оноо авч, рекорд тогтоосон юм.

Ирен Вюст

Нидерландын тэшүүрчин Ирен Вюст өвөл, зуны олимпийн түүхэнд таван олимпийн ганцаарчилсан төрлөөс таван алтан медаль хүртсэн анхны тамирчин болсон. Түүнээс өмнө Майкл Фелпс тэргүүтэй тамирчид дөрвөн олимпоос дөрвөн алтан медаль хүртээд байв. Мөн 35 настай тэрбээр 1500 метрийн уралдаанд 1:53.28 минут гэсэн амжилттай түрүүлж, дахин нэг рекорд тогтоосон.

Суй Вэнжин, Хан Цун

Хятадын уран гулгалтын хос болох Суй Вэнжин, Хан Цун нар хосын богино үзүүлбэр дээр 84.41 оноо авч, рекорд шинэчлэн тогтоожээ. Тэд 2018 оны олимпод түрүүлэхэд ердөө 0.43 оноо дутаж байсан бол энэ удаад түрүүлэхдээ Оросын хосоос 0.63 оноо илүү байв.

Хлое Ким

АНУ-ын сноубордын тамирчин Хлое Ким хафпайп төрөлд хоёр алтан медаль хүртсэн анхны эмэгтэй тамирчин болов. Өдгөө 21 настай тэрбээр 2018 онд 17 насандаа энэ төрөлд түрүүлж байсан бол энэ жил аваргаа хамгаалжээ.

Ирен Схаутен

Нидерландын тэшүүрчин Ирен Схаутен нэг олимпоор хоёр рекорд эвдэв. Тэрбээр эхлээд 3000 метрийн уралдаанд 3:56.93 гэсэн хугацаатай түрүүлж, рекорд шинэчилсэн бол үүнээсээ яг нэг өдрийн дараа 5000 метрийн уралдаанд 6:43.51 гэсэн хугацаатай түрүүлж, дахин рекорд тогтоосон аж.

Кайшү Хирано

Японы сноубордын тамирчин Кайшү Хирано хафпайпын төрөл дээр 24 фут өндөрт гарч рекорд тогтоожээ. Харамсалтай нь тэрбээр медаль хүртээгүй ч түүний ах Аюүмү Хирано алтан медаль хүртсэн.

Нильс ван дер Пул

Шведийн тэшүүрчин Нильс ван дер Пул өөрийн тогтоосон рекордоо шинэчилжээ. Тэрбээр жилийн өмнө 10 мянган метр зайг 12:32.95 минутад туулж, дэлхийн рекордыг тогтоож байсан бол өнгөрөгч олимпоор энэ хугацаагаа 12:30.74 минут болгон ахиулжээ.

Кьелд Нейс

Нидерланд тэшүүрчин Томас Крол 1500 метр зайг 1:43.55 минутад туулж, рекорд тогтоосон ч ердөө ганцхан минутын дараа түүний багийн анд Кьелд Нейс энэ рекордыг 1:43.21 минут болгон шинэчилж, алтан медаль хүртжээ.

ТҮҮХИЙГ ДАХИН БИЧСЭН НЬ

Эрин Жексон

АНУ-ын тэшүүрчин Эрин Жексон эмэгтэйчүүдийн 500 метрийн төрөлд алтан медаль хүртэж, энэхүү төрөлд алтан медаль хүртсэн анхны өнгөт арьст эмэгтэй тамирчин болжээ. Мөн 500 метрийн дэлхийн чансааг тэргүүлж буй тэрбээр энэхүү спортын түүхэнд олимпийн алтан медаль хүртсэн хоёр дахь өнгөт арьст тамирчин болсон гэнэ. Түүнээс өмнө АНУ-ын эрэгтэй тамирчин Шани Дэвис хүртсэн аж.

Клаудиа Пехштайн

Германы тэшүүрчин Клаудиа Пехштайн 49 насандаа олимпийн мөсөн замд уралдан өвлийн олимпийн түүхэн дэх хамгийн ахмад оролцогч болжээ. Мөн тэрбээр өвлийн найман олимпод оролцсон анхны тамирчин болсон аж.

Донован Каррильо

Мексикийн уран гулгагч Донован Каррильо богино үзүүлбэр дээрээ 79.69 оноо авч, олимпийн уран гулгалтын финалын шатанд үлдсэн анхны Мексик тамирчин болжээ. Мексикт олимпийн стандарт нийцсэн мөсөн гулгуурын талбай байдаггүй бөгөөд 30 жилийн дараа Мексик уран гулгагч олимпод оролцсон нь энэ байв.

Тимоти ЛеДук

ЛГБТ тамирчдын төлөөлөл болох АНУ-ын уран гулгагч Тимоти ЛеДук өвлийн олимпод оролцсон анхны нон-бинари тамирчин болжээ. Эшли Гайн-Грибблийн хамтаар хосын төрөлд анхны олимпдоо оролцсон тэрбээр чөлөөт үзүүлбэр дээр наймдугаар байрт оржээ.

ОЛИМПИЙН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

Линдси Жекобеллис

АНУ-ын сноубордын тамирчин Линдси Жекобеллис таван олимпод хүч үзсэний эцэст Бээжин-2022 олимпоос хүсэн хүлээсэн алтан медалиа хүртэв. Өдгөө 36 настай тэрбээр 2006 оны Туриний олимпоос мөнгөн медаль хүртэж байжээ.

Эйлин Гу

Бээжин-2022 өвлийн олимпийн онцлох тамирчдын нэг яахын аргагүй Америкт төрж өссөн Хятад сноубордчин Эйлин Гу байлаа. Дөнгөж 18 настай тэрбээр энэ олимпоос хоёр алт, нэг мөнгөн медаль хүртсэн.

Натан Чен

Анхны олимпдоо туршлагагүйтэж байсан Натан Чен энэ удаад алдаагаа засч, алтан медаль хүртэв. Тэрбээр уран гулгалтын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртсэн долоо дахь Америк тамирчин болсон билээ.

Макс Паррот

Канадын сноубордын тамирчин Макс Паррот эрэгтэйчүүдийн слоупстайл төрөлд түрүүлж, олимпоос алтан медаль хүртсэн. Өдгөө 27 настай түүний хувьд гурван жилийн өмнө хорт хавдартай хэмээн оношлогдож, 2019 онд бүрэн эдгэрчээ.

Колби Стивенсен

АНУ-ын цаначин Колби Стивенсон 2016 онд автомашины осолд орж, гавлын яс нь 30 газраа цуурчээ. Азаар үхлээс эргэн ирсэн тэрбээр олимпийн эрэгтэйчүүдийн “Big Air” төрөлд мөнгөн медаль хүртсэн аж.

ЗҮРХ ЗҮССЭН БҮТЭЛГҮЙТЛҮҮД

Винсент Чжоу халдвар авсан нь

АНУ-ын уран гулгагч Винсент Чжоу багийн тэмцээнд мөнгөн медаль хүртсэн ч эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд оролцож чадаагүй. Учир нь тэрбээр тамирчдын тосгон дотор Covid-19-ийн халдвар авсан юм. 21 настай тэрбээр 2019 оны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж байсан билээ.

Микаела Шиффрин бүтэлгүйтэв

Цанын од тамирчин Микаела Шиффринийг медаль авна гэж олон хүн бодож байсан ч тэрбээр ганцаарчилсан төрлийн таван тэмцээнд оролцож, гуравт нь замаа дуусгаж чадаагүй аж. Тэрбээр ярихдаа “Олимпийн түүхэнд над шиг ийм боломж ашиглаж чадаагүй бүтэлгүйтсэн хүн байдаг эсэхийг мэдэхгүй байна” гэжээ.

Камила Валиева допингтой холбогдсон

Оросын алтан медалийн найдвар Камила Валиева олимпийн үеэр допингтой нэр холбогдож, олон хүнийг цочирдуулсан. Багийн тэмцээнд алтан медаль хүртсэн түүнийг ганцаарчилсан төрөлд дахин алтан медаль хүртэнэ гэж Оросын ард түмэн хүлээж байв. Гэвч олимпийн өмнө өгсөн допингийн шинжилгээний хариу нь ил болж, 15 настай охины сэтгэл зүйд сөргөөр нөлөөлсөн.

СЭТГЭЛ ХӨДӨЛГӨМ МӨЧ

Лейф Нордгрен охинтойгоо уулзав

АНУ-ын биатлоны тамирчин Лейф Нордгренийг олимпод оролцож байх үеэр эхнэр нь амаржиж, охинтой болжээ. Тэрбээр дөнгөж мэндэлсэн үртэйгээ онлайнаар холбогдож, нулимсаа барьж дийлээгүй аж. Нордгрен эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 87 дугаар байрт орж медаль хүртэж чадаагүй ч “Амьдралынхаа хамгийн том ялалтыг байгууллаа” гэжээ.

Украин, Оросын тамирчид тэврэлдсэн нь

Сүүлийн үед Украин, Оросын харилцаа таагүй байгаа ч олимпийн цанын төрөлд мөнгөн медаль хүртсэн Украины Олександр Абраменко болон Оросын Илья Буров нар баяраа хуваалцаж, тэврэлджээ.

Боломжоо ашигласан Ник Баумгартнер

Өдгөө 40 настай Ник Баумгартнер сноубордын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд медаль хүртэх сайхан боломжоо алдаж, “Боломжоо алдчихлаа” хэмээн уйлж байв. Гэвч үүнээс хэдхэн өдрийн дараа Линдси Жекобеллистэй холимог багийн тэмцээнд хамтран оролцож, алтан медаль хүртэж, баярын нулимсаа барьж дийлээгүй.

Финланд Оросыг ялж, олимпийн аварга болов

Түүх яривал өстөн дайснууд гэж болохоор Финланд, Оросын хоккейн багууд олимпийн финалд учраа таарсан. Аваргаа хамгаалах зорилготой Оросуудаас Михаил Григоренко тоглолтын эхний гоолыг оруулсан ч Финландаас Вилле Покка, Ханнес Бьорнинен нар хариу гоолдож, Финланд анх удаагаа хоккейн төрөлд олимпийн аварга болов.

ТАЛЫН МОНГОЛЧУУД БЭЭЖИНД

Өвлийн олимпод Монгол Улсаа төлөөлөн гүйлтийн цанын төрөлд Б.Ачбадрах, А.Энхтуул нар өрсөлдсөн. А.Энхтуул эмэгтэйчүүдийн спринт төрөлд 79 дүгээр байр, Б.Ачбадрах эрэгтэйчүүдийн 1.5 км-ийн спринт зайд 77 дугаар байр тус тус эзэлсэн. Харин үндсэн төрөлдөө А.Энхтуул 85 дугаар байрт орсон бол Б.Ачбадрах өөрийн үндсэн төрөл буюу эрэгтэйчүүдийн 15 км-т 65 дугаар байрт оржээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж