Сэтгэл зүйч Б.Баярцэнгэлтэй ярилцлаа.
-Таны хувьд өөрийгөө шүтэн бишрэх нь эмгэгийн нарсистик гажиг гэж тодорхойлсон нь сонирхол татаж байна л даа. Тиймээс энэ талаар ярилцлагаа эхэлье. Сүүлийн үед Монголд ийм эмгэгтэй хүмүүст илтэд олширлоо. Энэ нь юутай холбоотой гэж та дүгнэж байна?
-Нарсистик бие хүний зан үйлийн эмгэг юм. Ер нь тухайн хүн бодитоор үнэлэгдэхгүй байгаатай холбоотой. Сэтгэлдээ авсан шарх эсвэл хайр энхрийлэл дутуу амссан, багадаа тохиолдсон биелэгдээгүй хэрэгцээнээс үүдэлтэй эмгэг гэж тодорхойлж болно. Мөн амьдрах аж төрөх орчин нөлөөлдөг. Хүн бүрт магтуулах хүсэл байдаг. Гэхдээ чин сэтгэлээс, үнэнээсээ урамшуулсан үгс хүнд сайхан сэтгэгдэл төрүүлдэг бол хий хоосон магтаал эсрэгээрээ онцгүй сэтгэгдэл үлдээдэг. Нарсистик хэв шинж туйлын дээд цэгтээ тулаад эхлэхээр хангагдаагүй маш их хэрэгцээ нь хальж эхэлнэ. Нарсистик хам шинж хүн бүрт бий.
Маш их атуурхуу, өөрийгөө өргөмжлөх дуртай, нэр хүндэд улайрдаг, өөрийгөө хаан мэт өргөмжилж, бодит байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байдал Монголын улстөрчдөд ихээр ажиглагддаг.
Ялангуяа бүүмер төлөөллийн улстөрч их бий. Сүүлдээ энэ хамж шинж нь хэтрээд өөртөө зориулж асуулт асуулгадаг, өөрөө өөрийгөө магтуулах гэх мэт араншин гаргадаг. Эрүүл сэтгэцтэй хүн өөрийг нь магтахад ичдэг бол эрүүл бус сэтгэхүйтэй хүн илүү ихээр магтуулж өөрсдийнхөө эмгэгийг хооллож эхэлдэг. Ер энэ хам шинж хүн бүрт байх ч хэрээс хэтэрвэл бусад эмгэг рүү шилжиж сэтгэл санаа нь тайван бус байдалтай болно гэсэн үг. Нарсистик эмгэгтэй хүмүүс бусдын бодол, амьдрал дээр өрнөж буй үнэн зүйлс тэдний хувьд бүгд худал, үнэн биш зөвхөн өөрсдөө сайн сайхны туйл, зөв үнэний дээд гэж үздэг. Байнга бусдад магтуулж өөртөө дурлаж явна гээд бодоод үз л дээ, ямар эрүүл хүнээс тийм үйлдэл гарах вэ дээ.
-Нарсистик эмгэг гэдэг нь дутуугийн комплекс гэсэн үг юм биш үү. Тийм эмгэг ямар тохиолдолд сэдэрдэг юм бэ?
-Манай улстөрчдийн нарсистик хам шинж элдэв нэвтрүүлэгт орохоороо их сэдэрдэг. Өөртөө зохихгүй өргөмжилсөн үгсийг сонсох гээд ичихгүй хүлээгээд сууж байдаг. Тэдний нөлөөнд эелдэг, даруу төлөв гишүүд арчигдаад мартагдаж эхэлж байна. Улстөрчдийн гаргасан буруу шийдвэрт иргэд бухимдлаа маш хурцаар илэрхийлдэг болсон. Товчхондоо төрд итгэх итгэл нь алдарсан. Энэ бол яахын аргагүй анхаарах ёстой асуудлын нэг.
-Сүүлийн үед намгүй бол амьдрах аргагүй мэт ойлголт нийгэмд бий болж байна. Хамгийн аюултай нь, залуус хэн нэгний “цүнх” барьж дулдуйдаж албан тушаалд очдог, амьдардаг болсон. Хувь хүний энэ эмгэг нийгмийн эмгэг болчихлоо шүү дээ?
-Нийгмийг хүмүүс лбүрдүүлдэг. Хүмүүс нэгнээ даган дууриах үндсэн дээр аливаад хандах тал бий. Ер нь амар амьдрах арга хэлбэрийг сонгож, үүнийг нь дууриаж зөвтгөх нь нийгэмд халтай. Улстөр ямар байна нийгмийн сэтгэл зүй тийм л байна. Бүгд хоорондоо уялдаа холбоотой. Залуусыг ажилгүй бэлэнчлэх сэтгэлгээтэй гэж ярьдаг төрийн өндөрлөгүүд өөрсдөө залуусаар цүнхээ бариулдаг. Цүнх баригчдыг нь доод үеийнхэн нь "Амжилттай яваа мундаг ах" гэж итгэхийг хичээдэг болчхоод байна. Төр засагтаа итгэлгүйн улмаас нийгмийн сэтгэл зүйн байдал сөрөг байх нь ойлгомжтой.
–Фредрих Ницшег “Чамайг надад худал хэлсэнд би гутраагүй, харин үүнээс хойш чамд итгэж чадахгүй болсондоо гутарч байна” гэж хэлсэн бий.. Иргэдийн төрд итгэх итгэл алдрах нь маш нийгмийн сэтгэл зүйг доройтуулдаг гэдэг. Тэгэхээр нийгмийн энэ эмгэгийг яаж эмчлэх ёстой юм бол?
-Хэрэв нарсистик эмгэгтэй хүмүүсийг төрд сонгоод байвал нийгэм бүр их доройтох нь тодорхой. Сэтгэлзүй талаасаа төрд итгэх итгэл алдрахад нийгэмд итгэх итгэл хэврэг болж, төрд, нийгэмд итгэлгүй болсноор хүн нь хүндээ итгэхээ больж, эцэстээ энэ нь өөртөө итгэх итгэлийг нь хулгайлдаг. Энэхүү итгэл алдарсан нөхцөл нь нийгмийн сэтгэл зүйн уруу дорой чиг хандлагыг бүрдүүлж, харин дээрх итгэлийн давхрагууд бат тогтвортой байгаа нөхцөлд нийгмийн сэтгэл зүй өөдрөг, эрч хүчтэй, урам зориг, хүсэл тэмүүлэл дүүрэн байдаг.
Гадна талдаа итгэх юмгүй болсон хүнд улс нийгэм, бусдын өмнө хүлээх үүрэг хариуцлага нь утга учиргүй болж, ганцаардал, сэтгэл гутрал, стресс, сэтгэлийн дарамтат төлөв хуримтлагдана. Түүнийгээ даван туулах гэсэн зарим нэгэнд бусдыг үзэн ядах гэмт хэргийн сөрөг сэтгэл зүй төлөвшин бүрэлддэг.
Монголын нийгмийн сэтгэлзүй түгшүүртэй гэж хэлж болохуйц, цахим орчинд төдийгүй амьдрал дээр ч хүмүүс бие биеэсээ сөрөг хандлага, дайралтуудыг өдөр тутамдаа мэдэрдэг болсон. Ерөнхийдөө нийгмийн сэтгэлзүй гэмтээд удаж байна.
Монголын хүн амын эрүүл мэнд тэр дундаа сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг анхаарал хандуулах цаг болсон. Хүний мөн чанар өөрөө л сайхан таатай байх тулгамдаж буй асуудлаа шийдэхийг эрмэлздэг, хүрээлэн буй орчин ямар байх нь хамаагүй гэж санадаг. Гэвч нийгмийн сэтгэл зүйн байдал хүний зан байдал, амьдралын хэвшил, үзэлд маш том нөлөөлөл үзүүлж байдаг. Мөн нийгмийн сэтгэл зүй эрүүл, таатай эерэг байхад хүн бүрийн оролцоо чухал төдийгүй үүнд улстөр, нийгэм, эдийн засгийн байдал ч хамаатай.
-Өнөөдөр бидэнд талхны мөнгөнөөс илүүтэй сэтгэлзүйн хэрэгцээ дутагдаж байгаа юм шиг санагддаг. Хэн нэгний халуун дулаан үгс, урмаар цангадаг ч гэх юм уу. Энэ талаарх таны бодол?
-Монгол хүний авир араншин хичнээн эвдэрч шунахай сэтгэл, цэвдэг араншинтай болж байгааг сүүлийн үед гарч буй гэмт хэргүүдээс харж болохоор байна. Хүнийг хайрлах өрөвдөх, хүн ёсоор үзэх, хүндлэх, үнэн сэтгэлээр хандах олон зүйл дээр бид санаа тавих цаг болсон. Энэ асуудал нь эргээд нийгмийн сэтгэл зүйтэй холбогдож таардаг. Бие даасан байдал, хэн нэгнээс хараат бус байж чадах хэмжээнд л өөрийгөө аваачих нь чухал. Мэдээж бусдын эерэг хандлага чухал. Гэхдээ тэр нь таныг сайн сайхан байлгадаг зүйл гэвэл харьцангуй ойлголт. Сэтгэлзүйн асуудлаа мэргэжлийн байгууллагад хандаж шийдэх хэрэгтэй. Хүмүүсийн сэтгэлийн боловсролд хийгдэх хөрөнгө оруулалт чухал байна. Төр засгийн тогтвортой байдал, нийгмийн эрүүл мэнд рүү чиглэсэн үйлчилгээ, хүмүүсийн аж төрөх орчинг таатай эерэг байлгахын тухайд бодлогоор дэмжих нь зөв.
Ашиг сонирхол дагасан нэгнээ худал магтах эргээгээд өөртөө ашигтайгаар эргүүлдэг тийм л нийгмийн орчин байж болохгүй. Үүнийг хүлээн зөвшөөрвөл л маш харанхуй нийгэм бий болно. Шударга энгийн урсгалаараа явахад ажил бүтэмжтэй, шударга эрх зүйт орчинтой, хүмүүсийн харилцаа хуурмаг ашиг харсан бус байвал тааламжтай. Хүмүүс анхан шатны сэтгэлзүйн бэрхшээл асуудлаа мэргэжлийн байгууллагад хандан зөвлөгөө авдаг, гэр бүлийнхээ сэтгэл зүйд анхаарч хэлэх үг, үйлдлээ бусдад ямар санагдах вэ гэдгийг боддог болчихвол нэг шат ахина гэсэн үг.
Холбоотой мэдээ