Столтенберг: НАТО зүүн тийш тэлэхгүй амлалтаа зөрчөөгүй

Хуучирсан мэдээ: 2022.02.20-нд нийтлэгдсэн

Столтенберг: НАТО зүүн тийш тэлэхгүй амлалтаа зөрчөөгүй

Столтенберг: НАТО зүүн тийш тэлэхгүй амлалтаа зөрчөөгүй

НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг ARD телевизийн сувгаар "НАТО зүүн тийш тэлэхгүй гэсэн амлалтаа зөрчөөгүй" гэж ярьжээ. Тэрбээр “Умард Атлантын гэрээний байгууллага (НАТО) 90-ээд оны амлалтаа зөрчсөн үү, Оросын зөв үү” гэсэн сэтгүүлчийн асуултад "НАТО 30 гишүүн оронтой, хамтран шийдвэр гаргадаг. НАТО-гийн орнууд эвслийг үүсгэн байгуулах гэрээ, Вашингтоны гэрээнд зааснаа зөрчсөн шийдвэр гаргасан удаагүй" гэж хариулсан байна.

“Der Spiegel” сэтгүүл өмнө нь Америкийн улс төр судлаач Жошуа Шифринсоны олж илрүүлсэн архивын баримт бичгүүдийг иш татан, 1991 онд ЗХУ-ын эрх баригчдад барууны орнууд "Умард Атлантын холбоог зүүн тийш тэлэхээс татгалзана" гэж амласан гэж мэдээлжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн оны сүүлийн хэвлэлийн хурал дээрээ Украины хямралд АНУ болон НАТО тэргүүтэй барууны эвслийг буруутгасан бөгөөд амлалтаа зөрчиж, шударга бус тоглож байна гэж шүүмжилсэн билээ.

Тэрбээр “Тэд 1990 онд НАТО ОХУ руу нэг ч алхам урагшлахгүй гэж хэлсэн. Гэтэл тэд өнөөдөр биднийг увайгүйгээр хуурч, Польш, Румын зэргээр НАТО ОХУ-ын хилийн ойролцоо улам хүчээ бэхжүүлсээр байна.

Бид АНУ, эсвэл Их Британийн хилд ойртсон гэж үү. Одоо тэд Украиныг НАТО-д элсүүлэхээр зорьж байна. Өөрөөр хэлбэл, ОХУ-ын хилийн ойролцоо НАТО-гийн зэвсгийн системүүд бий болно. Уг нь бидэнд ийм зүйл огт болохгүй гэж амласан. Тэд бидэнд ийм амлалт цаасан дээр хаана бичигдсэн юм бэ. Хаана ч биш. Тиймээс там руугаа тонил. Бидэнд чиний асуудал хамаагүй гэж хандсан. Энэ байдал олон жилийн турш үргэлжилсэн.

Бид асуудал бүрт өөрийн эрх ашгийг хамгаалж, санаа зовнилоо илэрхийлдэг ч “Чиний асуудал бидэнд хамаагүй. Бид шаардлагатай гэж үзсэн зүйлээ хийх болно” гэж ханддаг. Украины асуудалд ОХУ дангаараа энх тайвны баталгаа өгөх ёсгүй. Эсрэгээрээ тэд баталгаа гаргах ёстой. Бид ярилцаж, энэ асуудлыг нэг мөр шийдэх ёстой.

ЗХУ задарч, олон улс болж бутарсан. Гэсэн ч энэ нь тэдэнд хангалттай байгаагүй. Тэдний бодлоор бид хэдэн хэсэгт хуваагдаж, ердөө 146 саяулаа үлдсэн ч ОХУ өнөөдөр хэтэрхий том гүрэн хэвээр байна.

Бид ОХУ-ын аюулгүй байдлыг хэрхэн хангахаа маш сайн мэдэж байна. Тиймээс НАТО цаашид дорно зүгт тэлэх ёсгүй гэдэг дээр хатуу байр суурьтай байгаа юм. Одоогоор бид ерөнхийдөө эерэг хариу үйлдэл үзүүлж байна. Одоо асуудал тэдний талд, тиймээс хариу хэлэхийг хүлээж байна. АНУ асуудлыг энхийг замаар шийдвэрлэж, яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Талууд төлөөлөгчдөө томилсон бөгөөд нөхцөл байдал хэлэлцээний замаар шийдэгдэнэ гэдэгт би итгэлтэй байна” гэсэн юм.

Эх сурвалж: ARD.DE, TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж