Тойм: Хилээ нээж, Хөгжлийн банкны экс удирдлагуудыг хорьсон долоо хоног

Хуучирсан мэдээ: 2022.02.20-нд нийтлэгдсэн

Тойм: Хилээ нээж, Хөгжлийн банкны экс удирдлагуудыг хорьсон долоо хоног

Тойм: Хилээ нээж, Хөгжлийн банкны экс удирдлагуудыг хорьсон долоо хоног

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын улмаас хоёр жил саатсан хөрөнгө оруулагч, жуулчдад хандан, Монгол Улс олон улсын зорчих хөдөлгөөнд бүрэн нээлттэй болж буйг зарлалаа. Тодруулбал, Монгол Улсын засгийн газар ээлжит бусаар хуралдаж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг хүчингүй болгож, цар тахлын улбар шар түвшнийг шар түвшинд шилжүүлэх тогтоол батлав.

Гүйцэтгэх засаглал халдвар, хамгааллын эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан цар тахлын хязгаарлалтын дэглэмийг сулруулах нь зүйтэй гэж үзсэнээр Монгол Улс амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, гараа ариутгах, вакцинд идэвхтэй хамрагдах зөвлөмжөөс бусад цар тахлын үеийн хязгаарлалтаа цуцаллаа.

Энэ долоо хоногийн байдлаар Монгол Улсын зорилтот хүн ам буюу насанд хүрэгчдийн 92 хувь нь Covid-19-өөс урьдчилан сэргийлэх вакцины бүрэн тунд, харин гуравдугаар тунд зорилтот бүлгийн 52 хувь, дөрөвдүгээр тунд 90 мянган иргэн хамрагдсан байна.

“Ньюс” агентлаг энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.

ВАКЦИНЫ БҮРЭН ТУНД ХАМРАГДСАН ХӨРӨНГӨ ӨРУУЛАГЧ, ЖУУЛЧДЫГ ШУУД
ХҮЛЭЭН АВНА

Монгол Улс зорин ирэх хөрөнгө оруулагч, жуулчдыг вакцины бүрэн тунд хамрагдсан бол хүлээн авахад бэлэн, харин вакцинд хамрагдаагүй бол Монгол Улсад вакцин хийлгэх бүрэн боломжтойг мэдээллээ.

Манай улс 2020 оны арваннэгдүгээр сарын 12-ноос хойш хоёр жилийн хугацаанд нийт долоон удаа хатуу хөл хорио тогтоож, 79 хоног улаан түвшинд, бусад хугацаанд улбар шар түвшин буюу гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт байв. Үүний улмаас экспорт хаагдаж, ачаа барааны эргэлт удааширч, сургуулиуд танхимаар хичээллэх боломжгүй болж, аж ахуйн нэгжүүд үүдээ барьж, 200 гаруй мянган ажлын байр эрсдэлд орсон. Монгол Улсын эдийн засаг 1992 оноос хойш анх удаа хасах баланстай, 5.3 хувь унасан үзүүлэлттэй гарсан билээ.

Дэлхий нийтэд Covid-19-ийн омикрон хувилбарын давлагаа буурах шатандаа орж буй, Монголд шинжилгээгээр эерэг гарах үзүүлэлт 50 хувь буурсан ч цар тахлын сорилт бүрэн дуусаагүй байгаа юм. Иймд аж ахуйн нэгж, иргэн бүр сонор сэрэмжтэй байж, вакциндаа хамрагдан, амны хаалтаа зүүх зэргээр халдварын эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах нь чухлыг холбогдох албаныхан анхааруулж байна.

Мөн Засгийн газар энэ долоо хоногт Монгол Улсын газрын хилийн боомттой аймгуудад гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг хэвээр үргэлжилж, хилээр зорчих хөдөлгөөнд ямар нэгэн хязгаарлалт тогтоохгүй байх шийвэр гаргалаа.

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ӨМНӨХ УДИРДЛАГУУДЫГ ХОРИЛОО

Энэ долоо хоногт олны анхаарал татсан үйл явдлуудын нэг нь Хөгжлийн банкны удирдлагуудад холбогдох хэргийн шүүх хурал байлаа. Тус банкны чанаргүй зээлтэй холбоотой, үе үеийн удирдлагуудыг цагдан хорих эсэх шүүх хурал энэ сарын 2022.02.18-ны өдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд болов. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, Б.Батбаяр, ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар болон тэргүүн дэд захирал асан Ч.Энхбат, Д.Дэлгэрсайхан, Б.Батбаяр, Хөгжлийн банкны дэд захирал Ч.Мөнхбаяр нарыг цагдан хорих хүсэлтийг АТГ-аас шүүхэд ирүүлжээ.

Хөгжлийн банк байгуулагдсан цагаас олгосон эхэлсэн зээлүүдээс тодорхой хувь нь чанаргүй болж, зээлээ эргэн төлөөгүй учраас тус банкнаас өнгөрсөн нэгдүгээр сард 73 компанийг шалгуулахаар АТГ-т хандсан. АТГ тус хүсэлтийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн билээ.

Шүүхээс Б.Батбаяр, Ч.Мөнхбаяр, Б.Шинэбаатар, Ч.Энхбат нарыг нэг сар цагдан хорих шийдвэр гаргав.

Б.Батбаярын өмгөөлөгч П.Одонтунгалаг хэлэхдээ "Таван жил хэргийг шалгасан мөртлөө ямар ч баримтгүйгээр таван минут завсарлаад, нэг сар хорихоор шийдвэрлэсэн нь шударга бус байна. Монгол Улсад шүүхийн байгууллага байгаад яах юм бэ. Хүнийг үндэслэлгүйгээр хорилоо. Мөрөөрөө албан үүргээ гүйцэтгэсний төлөө амь нас, сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирч байна. Гэрчид худал мэдээлэл өгч болзошгүй гэдэг баримтгүй үндэслэлээр хорьж, төрийн байгууллага иргэн хүнийг гүтгэж болохгүй шүү дээ. Нотлох баримт огт алга. Хуулийн байгууллага нийгэмд шударга ёс тогтоох ёстой биз дээ. Гэрээсээ ирээд яагаад хэргээ шалгуулж болдоггүй юм бэ. Шүүхэд итгэх итгэл үнэмшил алга" гэв.

Шүүгдэгч Б.Батбаяр хэлэхдээ "Намайг ажиллаж байхад нийт 20 гаруй компанийн асуудал шүүх дээр явж байсан. Хувь хүнтэй холбоотой асуудлыг шалгаж байна. Бусад хууль дүрэм зөрчсөн эсэхийг хурдан тогтоож өгөхийг хүсч байна. 2018 оноос хойш шалгалтын ажил үргэлжилж байна.

Чанаргүй зээл өндөр болсон байхад Төрийн орон сууцны корпорацийн дутуу орхисон блокуудыг өөрийн данс дээр бүртгэж авч, эдийн засгийн эргэлтэд оруулж байсан. Банкны ТУЗ 70-аас дээш хувийн саналаар асуудлыг шийдвэрлэдэг. Чанаргүй зээлийг бага хэмжээнд байлгахын тулд ажлууд хийгээд байсан. Энд дотоодоос гадна гадаадын хүчин зүйл ч нөлөөтэй. Зээлдэгчид янз бүрийн нөхцөл байдал хэлдэг. Түүнийг төсөл бүр дээр судалж байж шийдвэр гаргадаг" гэж хэлэв. Шүүх хурлын дараа Б.Батбаярыг жийп машинаар хорих анги руу авч явав.

Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Б.Баасансайхан хэлэхдээ "Прокурорын шаардлага хууль бус, дутуу санал дээр үндэслэж, шийдвэр гаргасан. Бид хуулийн дагуу гомдлоо гаргана. Н.Мөнхбаяр 2016-2019 оны хооронд Хөгжлийн банканд ажиллаж байсан. Авлигатай тэмцэх газраас албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгосон гэдэг үндэслэлээр гурав дахь жилдээ шалгаж байна. Өнөөдөр энэ асуудалд тухайн ажил эрхэлж байсан албан тушаалтнуудын гэмт хэргийг шалгахаас тэрэнд зээл өгсөн гэдгийг шүүмжилж буй нь өрөөсгөл юм. Үндсэн хуульд зааснаар, эцэслэн тогтоож байж гэм буруутай гэж хэлэх нь зүйтэй байх" гэв.

Хөгжлийн банкны дэд захирал Б.Чойжилжалбуу, "Капитал" банкны захирал А.Ариунболд, "Алтай констракшн" компанийн захирал Х.Бат-Эрдэнэ нарыг шүүх хурал болсон ч хэлэлцэх хугацааг хоёрдугаар сарын 21-нийг хүртэл хойшлуулсан юм. Учир нь, яллагдагч Б.Чойжилжалбуу шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасан бол Х.Бат-Эрдэнийн өмгөөлөгчөөс яллагдагч Х.Бат-Эрдэнийг шүүхийн хэлэлцүүлэгт оролцуулах саналыг хүлээн авсан аж.

ИРГЭН БҮРИЙГ ИРЭХ ТАВДУГААР САРЫН 1-НЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ
ҮЗЛЭГ, ОНОШЛОГООНД ХАМРУУЛНА

Засгийн газрын ээлжит хуралдаанаас ирэх тавдугаар сарын 1-нээс улс даяар бүх хүн амыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн шинжилгээнд хамруулах шийдвэр гаргав. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого "Алсын хараа-2050"-д иргэн бүрийг хоёр жил тутамд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар тусгасан. Мөн Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэн бүрийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, үзлэг оношлогоонд тогтмол хамрагдах боломжийг олон улсад нийцүүлж сайжруулах тухай тусгажээ.

Манай улсын хүн амын дундаж наслалт эмэгтэй 75.8, эрэгтэй 66.1 байдаг аж. Өөрөөр хэлбэл, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 9.7 жил байгаа юм. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт энэ зөрүүг таван жил болгож бууруулахаар тусгасан. Дээрх хөтөлбөрийн дагуу урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэх аяныг энэ оны тавдугаар сарын 1-ний өдөр гэхэд улс даяар эхлүүлэхээр төлөвлөж буйг Эрүүл мэндийн сайд С.Энхболд дуулгав.

Тэрбээр "Хоёр жилийн хугацаанд цар тахалтай байсан тул Covid-19-ийн дараах нөхөн сэргээх эмчилгээнд энэхүү урьдчилан сэргийлэх үзлэг том үр дүн авчирна. Нөгөөтэйгүүр, манай улсад амьсгалын зам, шээс бэлгийн зам, хоол боловсруулах тогтолцоо, гэмтэл согогийн өвчлөл тэргүүлдэг. Харин зүрх судас, хавдар, осол гэмтэл, амьсгалын замын өвчлөл нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна. Тиймээс урьдчилан сэргийлэх үзлэгээр дээрх өвлөл рүү илүү чиглэсэн шинжилгээг дэлгэрэнгүй хийх юм. Олон улсад хэрэглэж буй 24-25 нэр төрлийн оношилгооны 17-г нь манай улсад хийдэг. Урьдчилан сэргийлэх үзлэгээр аль болох иргэдийн бүх эрхтэн системийг хамруулна. Ингэхдээ нярай хүүхдээс эхлээд настан буурал хүртэл хамруулах зорилт тавьж, насны багцад өөрчлөлт оруулах төлөвлөгөө гаргаж байна" хэмээв.

Монголд жилд зарцуулж байгаа урьдчилан сэргийлэх үзлэгийн тоо төлөвлөгөөний 10 хувиас хэтрэхгүй байгаа аж. Тиймээс энэ жилийн төсөвт зөвхөн урьдчилан сэргийлэх үзлэгт иргэдийг хамруулах хүрээнд Эрүүл мэндийн даатгалын санд 60.8 тэрбум төгрөг суулгажээ.

МАН-ЫН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРОО ЗАРИМ ГИШҮҮНДЭЭ ХАРИУЦЛАГА ТООЦЛОО

МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж, Г.Солтан, Д.Дамба-Очир, Д.Хаянхярваа, Б.Ундармаа, Б.Батзориг нарыг намын гишүнээс хасч, Э.Эрдэнэжамъян, Э.Цасчихэр, Г.Батсайхан, Д.Дуламсүрэн, Б.Даваасамбуу нарыг Бага хурлын гишүүнээс чөлөөлөв. Тус нам өнгөрсөн 30 дугаар их хурлаараа авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон гишүүддээ хариуцлага тооцож, хатуу тэмцэхээ зарласан билээ.

МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар “МАН авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон гишүүнээ бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэхгүй. Мөн төрийн өндөр албан тушаалд байхдаа авлигын хэрэгт холбогдож, яллагдагчаар татагдсан тохиолдолд намын гишүүнээс түдгэлзүүлэх шийдвэр гаргана. Хэрэв авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогдвол намын гишүүнээс хасахаар болж дүрэмдээ өөрчлөлт оруулсан” хэмээн тодотгов. Ийм дүрмийн өөрчлөлт хийсэн анхны улс төрийн хүчин гэдгээ ч тэмдэглэв.

Хөгжлийн банкны асуудлаар МАН ажлын баг гарган ажиллаж буй бөөгөөд намын аль нэг гишүүн хэрэгт яллагдагчаар татагдвал 30 хоногийн дотор намын гишүүнээс түдгэлзэх хүсэлтээ өгөх шаардлагатайг дуулгаад, хууль хяналтын байгууллага гэм буруутайд тооцвол хэнийг ч хаацайлахгүйгээ мэдэгдэв.

Бусдад давуу эрх олгож, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй асуудалд нэр холбогдоод буй С.Бямбацогт, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Х.Дамдинням, Н.Билэгт, А.Сүхбат, Ш.Лхамсүрэн, Ш.Үнэнбат тэргүүтэй найман хүнээс тайлбар ирүүлэхийг шаардан үүрэг өгчээ. Харин Ц.Анандбазар гишүүн намаас түдгэлзсэн учраас асуудлыг нь хэлэлцээгүйг тодотгосон юм.

ТЕГ-ААС Ч.МӨНХБАЯРЫГ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТ СЭЖИГЛЭН, ТУСГАЙ АЖИЛЛАГАА ЯВУУЛАН БАРИВЧЛАВ

Тагнуулын ерөнхий газраас Монгол Улсын иргэн Ч.Мөнхбаярыг баривчлан саатуулж, гэрт нь нэгжлэг явуулав. Энэ талаар ТЕГ-ын Олон нийттэй харилцах албаны ажилтан П.Өгөөмөр мэдээлэхдээ “Тагнуулын байгууллага Эрүүгийн хууль дахь “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах” гэмт хэргийг илрүүлж, таслан зогсоож, мөрдлөг явуулдаг.

Монгол Улсын иргэн Ч.Мөнхбаярыг баривчилсан үйл явдалтай холбогдуулан прокурорын байгууллагаас зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл хийе. Иргэн Ч.Мөнхбаяр гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажиллаж, үүрэг даалгавар биелүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон тул баривчлан саатуулсан.

Мөн тэрбээр гадаадын тагнуулын байгууллагатай багагүй хугацаанд хамтран ажиллаж, мөнгөн урамшуулал авч байсан, түүнийг үйлдэл дээр нь баривчилсан. Иргэн Ч.Мөнхбаярын гэрээс их хэмжээний бэлэн мөнгө, валют илрүүлэн хураан аваад байна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж