Ерөнхийлөгчийн амбиц ба алсад сурахаар одогчид

Хуучирсан мэдээ: 2022.02.20-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн амбиц ба алсад сурахаар одогчид

Ерөнхийлөгчийн амбиц ба алсад сурахаар одогчид

Монгол Улсын өнцөг булан бүрээс авьяас, сурлагаараа шалгарсан “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлгийн бэлтгэл хөтөлбөрийн эздэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх захиа, даалгавраа гардуулжээ. Эл үйл явдал өнгөрөгч Пүрэв гаригт болсон агаад олон нийтийн сүлжээн дэх хандлагыг харахад муулснаасаа сайшаасан нь их. Товчхондоо энгийн айлын хүүхдүүд ч гадаадад сурах боломж бүрдэж буй нь олон залууст итгэл найдвар төрүүлсэн бололтой.

Өмнө нь голдуу улстөрчдийн үр хүүхдүүд төрийн сангийн мөнгөөр гадаадад сурдаг. Хоёр жилийн өмнө гадаадад Төрийн сангийн мөнгөөр сурсан 179 хүний зээлийн үлдэгдэл 4.5 сая ам.долларын асуудал байгаа тухай дуулиан дэгдэж байв. АН, МАН-ын олон улстөрчийн ах, дүү, үр хүүхдүүд, өөрсдийнх нь нэрсийн жагсаалт дурайтал гарсан. Урьд нь жирийн үсчин, үйлчлэгч, багш, эмчийн хүүхдүүд дэлхийн нэртэй том сургуулиудад Төрийн сангийн тэтгэлгээр авах нь бараг өдрийн од шүүрсэнтэй л ялгаагүй байлаа.

Жишээ нь, өнгөрсөн жил Шадар сайд С.Амарсайханы хүү А.Эрдэнэхүслэн Боловсролын зээлийн сангийн зээлээр Бристолын их сургуулийн төлбөрөө төлүүлсэн баримт дэлгэгдэж, аав хүүдээ уртаас урт, уянга найраг бүхий захиа бичиж уучлалт гуйж байв. Энэ мэтээс болж Төрийн сангийн тэтгэлгээс жинхэнэ эзэд нь жийгддэг гэсэн ойлголт олон нийтэд байдаг.

Үнэндээ ч Төрийн сангийн тэтгэлгийг улстөрчид, үр хүүхдүүдтэйгээ “дээгүүрээ хувааж иддэг” нь худал биш, гадаадын их, дээд сургуулиудад улсын тэтгэлэг дэмжлэгээр явсан улстөрчдийн хүүхдүүд эргэн ирж, улстөрч болдог бичигдээгүй хууль Монголд үйлчилдэг болсон. Тиймээс гадаадад сурсан хүүхдүүд Төрийн албаны шалгалт өгөлгүйгээр шууд орж байх хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ё.Баатбарбилэг санаачилсанаасаа болж “гахайн торой бүр илүү эрхтэй” гэсэн шүүмжлэлд өртөж байлаа.

Ё.Баатарбилэгийн боловсруулсан хуулийн төслийн 23.7-д “Энэ хуульд заасан төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтад тэнцсэн Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 8.7-д заасан журмаар тодорхойлсон дэлхийн шилдэг их сургууль төгссөн иргэнд энэ хуулийн 23.2-т заасан ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлага хамаарахгүй” гэсэнд иргэд эгдүүцсэний шалтгаан нь гадаадад дандаа улстөрчдийн үр хүүхдүүд, ах дүү нар сурдаг учраас.

Ерөнхийлөгчөөс захиа, даалгавар авсан жижигхэн бор охин хэвлэлд өгсөн ярилцлагадаа баяртай, урамтай байгаагаа илэрхийлээд, сайн мэргэжилтэн болоод Монголдоо хөрөнгө оруулна л гэж байна. Тэр мэт охил, хөвгүүдэд, "алсад сурахаар одогч"-дод Ерөнхийлөгчийн зүгээс төр засаг, ард түмнийхээ итгэл найдварыг битгий алдаарай л гэж захиас даалгавар өгчээ. Товчхондоо бол зам зуураа хазайлгүй, цуцалгүй, төгсөөд зугталгүй, мэдсэн сурснаа эх орондоо ирж ашиглаарай л гэж.

Монгол Улс дэлхийн их, дээд сургуулиудад боловсон хүчин бэлтгэх, “Хээрийн шувуу үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөртлөх” ажлыг бүр 100 жилийн өмнөөс хэрэгжүүлж байжээ. Энэ талаар их зохиолч Д.Нацагдоржийн бичсэн "Алсад сурахаар явагч" гэх өгүүлэг бий.

Түүхээс харвал Ардын хувьсгал ялсны дараахан тэр үеийн төр засгийн удирдлага улс эх орондоо хэрэгтэй боловсон хүчин бэлтгэхээр хэсэг хөвгүүд, охидыг баруунд илгээсэн байдаг. Тэдний дунд их зохиолч Д.Нацагдорж, түүний гэргий Д.Пагамдулам, их зохиолч Д.Намдаг, Г.Хаалаа, найруулагч Т.Нацагдорж гээд Монголын анхны сэхээтнүүдийг бэлтгэсэн байдаг. Бага нь 13-тай, том нь 25-тай байсан талаар түүхийн сурвалжуудад бичиж тэмдэглэжээ.

Тэнд бичсэнээр “…1925 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр хуралдсан Ардын засгийн газрын 42 дугаар хурлаас, Герман, Франц улсад монгол сурагчдыг суралцуулах асуудлыг хэлэлцээд, “…ийнхүү сургуулийн хөвгүүдийг явуулж, эрдэмд боловсруулах нь зүйтэй тул ёсоор болгон баталсны дагуу …35 хөвгүүдийг …хэвлэл, уран дархан, хүний ба мал эмнэлгийн сургуульд суралцуулан, ирээдүйн эмч, инженер, эрдэмтэн багш, сургагч нар бэлтгэхээр…” шийдвэрлэжээ. Энэхүү шийдвэрийн дагуу эх орондоо эрдэм өвөртөлж ирэхээр Монголын хэсэг хөвгүүд, охид 1926 онд Герман, Франц улсыг зорьсон байна. 1926-1930 онд Герман, Франц улсад дөчөөд монгол хөвгүүд, охид суралцаж байжээ”.

Дараа нь Монгол Улс социалист орнуудад боловсон хүчин бодлогоор бэлтгэж байв. 1990 оны сүүлээс өндөр хөгжилтэй орнуудад 1700 орчим залууг сургажээ.

Гадаад бодлогоор боловсон хүчин бэлтгэх нь Монголд оруулж буй асар том хөрөнгө оруулалт. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын иргэний дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүүхэд, залуучуудын суралцах тэгш боломжийг хангах, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцахад дэмжлэг үзүүлэх зорилгоор өнгөрсөн онд зарлиг гаргаж, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олгох журам” баталсан юм.

Шалгуур үзүүлэлт хангасан оюутнууд МУИС болон ШУТИС-ийн бэлтгэл хөтөлбөрт элсэн суралцаж, тэндээсээ эрдэм өвөртлөхөөр хээрийн шувуу үл хүрэх газар руу явна. Мэдээж, тэнцсэн нь. Тэгэхээр хүссэн сургуульдаа сурахад өөрийнх нь хичээл зүтгэлээс хамаарах аж. Санхүүгийн зовлон байхгүй гэсэн үг.

Тэрбум модноос хойш таг чиг болсон гэх шүүмжлэлд өртөж, Хөгжлийн банкны хэрэг явдалд “гарч ирсэнгүй” хэмээн эрж сураглах хүмүүс сошиалд цөөнгүй байна.

Хөгжлийн банкны асуудалд МАН голлон тоглож байна. МАН-ын болон гүйцэтгэх засаглалын ажлыг булаацалдаад байвал улс төрийн тогтворгүй байдал үүснэ. У.Хүрэлсүх ердөө Ерөнхийлөгчийнхөө ажлыг хийж байна, тэр МАН-ын дарга биш Монголын Төрийн тэргүүн болсон. Тэр улс төрийн жижиг хэрүүл хийхээс илүүтэй том асуудал дээр л амбицлаж байх шиг.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
4
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж