Их спортоосоо зодог тайлсан олимпийн алт, мөнгөн медальт Өмнөд Солонгосын алдарт тамирчин Ким Юна допингийн шинжилгээнд бүдэрсэн Камила Валиеваг олимпод оролцуулсан нь буруу гэжээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Допингийн дүрмийг зөрчсөн тамирчин наадамд оролцох боломжгүй. Энэ зарчмыг тайлбаргүй мөрдөх ёстой. Бүх тамирчдын хичээл зүтгэл, хүсэл мөрөөдөл эн тэнцүү үнэ цэнтэй” гэжээ.
Олон улсын олимпийн хороо Камила Валиеваг олимпод оролцуулахыг эсэргүүцэж, Спортын арбитрын шүүхэд гомдол мэдүүлсэн билээ. Шүүх ч долоон цаг хэлэлцэж, эцэст нь Камила Валиеваг олимпод оролцуулсан. Үүнийх нь хариуд Олон улсын олимпийн хороо эрх мэдлийнхээ хүрээнд Камила Валиеваг медаль авбал ёслолын арга хэмжээ зохион байгуулахгүй гэдгээ мэдэгдсэн юм.
Камила Валиева өнгөрсөн оны арванхоёрдугаар сард допингийн шинжилгээнд хамрагдаж, түүний сорьцыг Шведэд шинжилсэн. Харин Бээжин-2022 өвлийн олимпийн үеэр РУСАДА буюу Оросын допингийн эсрэг үндэсний агентлагт шинжилгээний хариу нь ирж, эрхийг нь хассан. Гэвч РУСАДА түүнийг эрхийг хассан шийдвэрээ учир битүүлэгээр цуцалж, тэмцээнд оролцуулав.
Бээжин-2022 олимпийн наадам маргааш/2022.02.20/ хаалтаа хийнэ. Олимп дууссан ч Камила Валиевагийн хэрэг дуусахгүй нь лавтай. Ямартай ч түүнийг цаашдын тэмцээн уралдаанд оролцуулах эсэхийг шийдэж, хэн нэгнийг буруутан болгох бололтой.
Холбоотой мэдээ