Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой үе үеийн удирдлагуудыг цагдан хорих эсэх шүүх хурал өчигдөр /2022.02.18/ Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд болов. Сүр дуулиантай шүүх хурал эхэлж, зарим албан тушаалтныг нэг сар хорих шийдвэр гаргасан ч жийп машинд суулган авч явсан нь хэвлэлийнхний дуранд өртсөн юм.
Тодруулбал, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаяр, Н.Мөнхбаяр, А.Ариунболд нарыг нэг сар хорих шийдвэр гаргасан бол Б.Чойжилжалбуу, Х.Бат-Эрдэнэ нарыг шүүн хэлэлцэх өдрийг энэ сарын 21-н хүртэл түр хойшлуулсан.
Одоо энэ асуудалтай холбоотой УИХ-д сууж буй МАН-ын гишүүд сугарч үлдээд буй. МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр /2022.02.18/ хуралдаж, хэд хэдэн гишүүдэд хариуцлага тооцсон талаараа мэдээлсэн. Энэ үеэр тус хяналтын хорооны дарга Б.Баярбаатар МАН-ын Хяналтын хорооноос Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдсон намын гишүүдээс албан тайлбар авахаар тогтоол баталсан тухай танилцуулсан.
Тэрбээр уг тогтоолоор “УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Х.Дамдинням, М.Билэгт, А.Сүхбат, Ш.Лхамсүрэн, Ш.Үнэнбат тэргүүтэй найман хүнээс тайлбар ирүүлэхийг шаардаж, үүрэг өгсөн. Ц.Анандбазар гишүүний хувьд намаас түдгэлзсэн учраас хурлаар хэлэлцээгүй. Хууль хяналтын байгууллага гэм буруутайд тооцвол бид хэнийг ч хаацайлахгүй” гэж мэдэгдэв.
Эдгээр УИХ-ын гишүүн болон албан тушаалтнууд Хөгжлийн банкнаас зээл авсан талаарх мэдээллийг хүргэе.
- УИХ-ын гишүүн Т.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК. Тус компани нь Хөгжлийн банкнаас 33.15 тэрбум төгрөгийн зээл авчээ. Х.Ганхуяг гишүүний эгчийн нэр дээр бүртгэлтэй компани юм. Г.Дамдинням гишүүн мөн бүртгэлтэй байгаад хасуулсан байна.
- “Мон Лаа” ХХК нь Хөгжлийн банкнаас 7.5 тэрбум төгрөгийн зээл авчээ. Тус компанийг Хөгжлийн банкнаас зээл авсны дараа УИХ-ын гишүүн асан М.Билэгт хувьцаа эзэмшигч нь болсон гэдгээ мэдэгдэж байсан юм. Хувьцаа эзэмшигчээр М.Билэгт гишүүний хүү М.Ганбагана бүртгэлтэй байна. М.Ганбагана нь Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Одбаярын хүргэн юм.
- "Түгээмэл түмэн хишигтэн" ХХК нь Хөгжлийн банкнаас 23.5 тэрбум төгрөгийн зээл авсан. Тус компанийн захирал нь УИХ-ын гишүүн асан А.Сүхбатын дүүгийн нөхрийн эзэмшлийн компани юм.
- "Вестерн холд" ХХК нь Хөгжлийн банкнаас 80.6 тэрбум төгрөгийн зээл авчээ. Тус компани нь УИХ-ын гишүүн С.Бямбацогтын дүү С.Балжиннямын эзэмшлийнх бөгөөд "Ньюспрогресс" групп болон "Алтайтрест" компаниудтай холбогддог. Эдгээр компаниуд нь УИХ-ын гишүүн С.Бямбацогтын эзэмшлийх байсан ч одоо түүний дүү болон хүү нь эзэмшиж буй.
- "Бармон "ХХК нь Хөгжлийн банкнаас 16.7 тэрбум төгрөгийн зээл авчээ. Тус компанийг НИТХ төлөөлөгч Ш.Үнэнбатын гэр бүл эзэмшдэг.
- "Мондулаан трейд" ХХК нь Хөгжлийн банкнаас 17.5 тэрбум төгрөгийн зээл авчээ. Тус компани нь Барилга хот байгуулалтын яамны дэд сайд асан Ш.Лхамсүрэнтэй холбогддог. Түүний компани өмнө ЖДҮХС-аас зээл авсан хэмээн албан тушаалаас нь огцруулж байсан юм. Түүний гэр бүлээрээ эзэмшдэг Нүүдэлчин групп нь олон охин компанитай. Дэд сайд асан Ш.Лхамсүрэн 2010 оноос Нүүдэлчин группээс нэрээ хасуулсан ч түүний гэр бүл одоо ч эзэмшигчээр бүртгэлтэй. Мөн түүний аав Б.Шүхэрт болон түүний гэр бүл нь Чингис хаан банкинд хувь эзэмшдэг. Чингис хаан банк нь Хөгжлийн банкнаас 1.8 тэрбум төгрөгийн зээл авсан. Ш.Лхамсүрэнгийн эгч Ш.Бүтэд нь Боловсрол, шинжлэх ухааны сайд асан Ё.Отгонбаярын эхнэр юм.
Холбоотой мэдээ