Бээжин-2022 өвлийн олимпийн эрэгтэйчүүдийн хоккейн хагас шигшээ тоглолтууд өчигдөр/2022.02.18/ боллоо.
ФИНЛАНД 2 – 0 СЛОВАК
С хэсгийг тэргүүлж, плей-оффын шатанд Швейцарийн шигшээг хожсон Финланд хагас шигшээд Словактай учраа таарав. Тоглолтын эхний гоолыг Финландын шигшээн тамирчин Сакари Маннинен нэгдүгээр үеийн 15 дахь минутад оруулсан. Словакийн шигшээ тоглолтын тооны харьцааг тэнцүүлэх гэж удаа дараа оролдсон ч бүтэлгүйтэв. Финландын Харри Песонен 59 дэх минутад багийнхаа хоёр дахь гоол оруулж, эцсийн цэгийг тавьжээ.
Тоглолтын дараа Сакари Маннинен “Олимпийн финалд тоглоно гэхээр зүүд шиг л санагдаж байна” хэмээн ярьжээ. Харин тус шигшээн ахлах дасгалжуулагч Жукка Жалонен “Иймэрхүү төрлийн тоглолтуудад сайн хамгаалах хэрэгтэй. Харин бид үүнийгээ төгс хийлээ гэж бодож байна. Словакийн довтолгоонд бид боломж өгөөгүй гэж бодож байна. Бид сайн байсан ч довтолгоондоо илүү байх боломжтой байлаа” гэв.
Финландын шигшээ баг 2019 оны дэлхийн аваргад түрүүлж, 2021 онд мөнгөн медаль хүртсэн. Мөн тэд 1988, 2006 онуудад олимпоос мөнгөн медаль хүртэж, 1994, 1998, 2010, 2014 онуудад хүрэл медаль хүртэж байв.
ОРОС 2 – 1 ШВЕД
Энэ жил 21 нас хүрэх Орос довтлогч Арсений Грицюк торгуулийн цохилт дээр хожлын гоол оруулж, багаа финалд хүргэлээ. Хоёр баг гурван үе, 60 минут тоглохдоо 1-1 гэсэн харьцаатай тэнцсэн. Тоглолтын эхний гоолыг хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад Оросын шигшээн Антон Слепышев оруулж, “Улаан машин” илүү гарсан. Харин хариу гоолыг гуравдугаар үеийн 46 дахь минутад “Гурван титэм”-ээс Антон Ландер шигтгэв. Үүнээс хойш дахин гоол орсонгүй, торгуулийн цохилтоор ялагчийг тодруулах болсон юм. Хоёр багийн хаалгачид ялангуяа Оросын Иван Федотов онцгой байж, багаа ялалт байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Шведийн шигшээд хожих боломж байсан ч Лукас Уалмарк, Йоаким Нордстром зэрэг Оросын ЦСКА Москвад тоглодог залуус багийн анд Федотовоо давж чадсангүй. Арсений Грицюк боломжоо ашиглаж, “Улаан машин” хоёр олимп дараалан финалд шалгарав.
Оросууд 2018 оны олимпод түрүүлсэн билээ.
Тоглолтын дараа Грицюк “Эхний алдсан гоол миний буруугаас болсон. Би шайбаа эсрэг багийн талбайд алдаж, хамгаалж байсан тоглогчоо алдчихсан. Дотроо өөрийнхөө алдаанаас болж багаа хөөдлөө гэж их эмзэглэсэн. Алдаагаа засахын тулд би хичээсэн. Федотовын өмнөөс баяртай байна. Тэр торгуулийн цохилт дээр сайн байлаа” гэжээ.
Өнөөдөр Швед-Словакийн шигшээ багууд хүрэл медалийн төлөө тоглох бол маргааш Финланд-Оросын шигшээ багууд алтан медалийн төлөө тоглоно. Харин эмэгтэйчүүдийн хоккейн тэмцээнд Канад түрүүлж, АНУ мөнгөн медаль, Финланд хүрэл медаль тус тус хүртсэн.
Холбоотой мэдээ