Сонгодог театрын нэрт дуучин нэг л өдөр театраасаа гарч, гавьяаныхаа амралтыг авах болжээ. Гунигт мэдээ дуулсан дуучин сэтгэлээ сэргээхээр уушийн газар ороход тэнд нэгэн эмэгтэй ганцаараа суух аж. Тэд танилцаж, үл таних эмэгтэй дуучинд амьдралынхаа тухай өгүүлнэ.
Одоогоос 40 жилийн өмнө…Хөвсгөл далайн намрын өнгө үнэхээр үзэсгэлэнтэй. Үзэсгэлэнт байгаль дунд орших жижигхэн байшинд залуу хос амрахаар иржээ. Залуу өдөр бүр загасчилж, бүсгүй түүнийг хүлээнэ гиюүрч сууна.
Нэг өдөр хаанаас ч юм далайд жижиг завтай залуу зугаалж яваад бүсгүйтэй таарав. Тэр цагаас хойш өдөр бүр уулзаж, тэд амьдралын тухай ярилцана…Алс хязгаар нутагт танилцсан үл таних эр өөрийн амиа дэнчин тавин байж олон зуун хүнийг үхлээс аварсан баатар хүн байсан бол гоо үзэсгэлэнтэй бүсгүй эрх мэдэлтэй хэн нэгний нууц амраг нь байх аж.
Хамгийн ээдрээтэй нь хаанаас ч юм гэнэтхэн гарч ирсэн баатар эр эгэл жирийн атлаа үнэн байж, Азаа бүсгүйн сэтгэлт харвасан туяа нь болж буй юм. Учир нь тэрээр олон зуун хүнийг аврахдаа цөмийн бөмбөгдөлтөд өртөж, эдгэшгүй өвчнөөр шаналж яваа нэгэн…амьдрал үхлийн зааг дээр орших аз жаргалын тухай өгүүлэх “Сэтгэлд харвасан туяа” уран сайхны кино өчигдөр /2022.02.18/ нээлтээ хийсэн нь энэ.
Монголын кастингийн “Chance” агентлаг 20 жилийн ойгоо тохиолдуулан Киргизийн зохиолчийн бүтээлээр уран сайхны кино хийжээ.Тодруулбал, Алдарт Мар Ташимович Байджиевийн "Дуэль" зохиолыг урлаг судлаач нэрт орчуулагч Хо.Нацагдорж хөрвүүлэн олон түмний хүртээл болгосон бөгөөд 1973, 1985 онд Хүүхэд залуучуудын театрт хоёр удаа тоглосон байдаг.
Тэгвэл “Chance” агентлаг "Дуэль" бүтээлийн албан ёсны эрхийг авч “Сэтгэлд харвасан туяа” уран сайхны кино бүтээж ерөнхий найруулагчаар нь тус агентлагийн захирал Б.Нарантуяа ажиллаж, гол дүрд жүжигчин Г.Дөлгөөн-Аюуш, П.Анхбаяр, мисс, загвар өмсөгч Н.Ану нар тогложээ.
Дүр сонголтын хувьд цоо шинэ дүр төрхийг гарган ирсэн нь үзэгчдийн сонирхлыг татаж байв.
Дэлхийн 270 орчим театрын тайзнаа жүжиг, дуурь, бүжгэн жүжиг хэлбэрээр тавигдсан уг бүтээлийг кино болгохоор албан ёсны зөвшөөрлийг зохиолчоос нь авч, ийнхүү “Шанс” агентлагийн 20 жилийн ой болон Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Маамхүү агсны гэгээн дурсгалд зориулж үзэгчдийн хүртээл болгож буй юм.
Холбоотой мэдээ