Ийм нэг орос афоризм байдаг. Хулгайч хоёр янз. Жирийн хулгайч чиний мөнгө, цүнх, гар утас, хэтэвчийг чинь хулгайлдаг бол улс төрийн хулгайч чиний ирээдүйг, хүсэл мөрөөдлийг, ажил орлогыг, мэдлэг боловсрол, эрүүл мэндийг чинь хулгайлдаг. Ялгаа нь жирийн хулгайч чамайг сонгож хулгайгаа хийдэг бол улс төрийн хулгайчийг чи өөрөө сонгодог. Бүр хачирхалтай нь, жирийн хулгайчийг цагдаа хайж байдаг бол улс төрийн хулгайчийг цагдаа хамгаалж байдаг…гэж.
Хөгжлийн банкийг тоносон хэрэг дээр хамгийн чанга хашгирч байгаа нь МАН болов. Тэд хулгайчийг олж, намаасаа хөөхөө, тэдэнтэй цаашид хатуу чанга тэмцэхээ амлаж байна. Сонгуулийг эс тооцвол үргэлж л хөшигний ард “нуугдаж” явсан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбхясгалан энэ удаад ил гарч, “Унагалдайн мухлаг”-т орох нь холгүй намын үзэл баримтлал, шинэ дүрмээ танилцуулж, Хөгжлийн банкны асуудалд ихэд реакцитай хандаж яваа.
АТГ-аас тус банкнаас зээл авсан гэх 73 зээлдэгчийг мөнгө угаасан байж болзошгүй гэх асуудлаар мөрдөн шалгаж эхэлсэн. Тэгвэл шүүхээс өнөөдөр /2022.02.18/ тэдэнд зээл олгосон Хөгжлийн банкны экс удирдлагуудын хэргийг хэлэлцээд нэг сар цагдан хорих шийдвэр гаргасан юм. Өөрөөр хэлбэл, чанаргүй болсон зээлүүдэд гарын үсэг зурахдаа албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй Н.Мөнхбат, Б.Батбаяр, Н.Шинэбаатар, Ч.Энхбат, Б.Чойжилжалбуу нарыг аль дээрээс л АТГ шалгаж эхэлсэн агаад заримынх нь хэргийн хөөн хэлэлцэх хугацаа хэдийнэ дуусгавар болсон. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа хамгийн дээд тал нь таван жил гэхээо. Тиймээс зүйлчлэлийг нь өөрчилж, мөнгө угаах, шамшигдуулах, улсад онц ноцтой хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгаж төрийг хохиролгүй болгох хүсэлтийг Засгийн газраас УЕП-т хандан гаргажээ.
Нэг.
Хөгжлийн банкнаас 1.7 их наядын найдваргүй зээл олгосон хэрэгт гүйцэтгэх захирлаар ажиллаж асан хоёр ч залуу нэг өдөр шоронд ачигдаж, Монголын бохир улс төрийн золиос болсноо ойлгосон байх. Цүнх барих ийм л аюултай. Н.Мөнхбат, Б.Батбаяр шиг томчуудын том улс төрийн тоглоом болсон олон залуу бий. Жишээ нь, ЖДҮ-г тэгш хүртээмжтэй хувааж “тоносон” хэрэгт Д.Энхбат, С.Төгсбилэг, Б.Мөнхтулга, Э.Чагнаасүрэн, Ч.Хашчулуун, В.Одхүү, Б.Батзориг гэсэн гүйцэтгэх албан тушаалтнууд ял шийтгэл хүлээснээс өөрөөр жинхэнэ том гэмт хэрэгтнүүд нь хуулийн хамгаалалттайгаа үлдчихсэн юм даг. Тэд мөн л дээд албан тушаалтнуудын шахалт шаардлагаар гарын үсэг зурсныхаа төлөө шүүхээс ял шийтгэл авсан. Тэгэхээр ах нарынхаа татаасаар том албан тушаалд очиж, түүнийгээ мөнхийн юм шиг бодож, эндүүрч яваа МАН-ын залууст өнөөдрийн шүүхийн шийдвэр том сургамж болох ч бизээ.
Үнэндээ, тэд хэн гэгч дээд албан тушаалтнууд, эрх мэдэлтнүүдийн шахалт шаардлагаар зээл олгох гэрээнд хүссэн, эс хүссэн гарын үсэг зурсныг уг нь мөрдөн тогтоох ёстой. Гэвч, Монголын шүүх нь өөрөө дээрээс даалгавар захиалгаар ажилладаг тул энэ талаар мөрөөдөх ч хэрэггүй. Хэрэвзээ, үнэхээр Н.Мөнхбат, Б.Батбаяр хоёр албан тушаалаа урвуулж, авлига авсан юм бол тэдний гэм буруутайг нь шүүх тогтоолгүй яагаад хөөн хэлэлцэх хугацааг нь дуустал хүлээсэн нь хачирхалтай биш гэж үү. Тэр тусмаа АТГ өөрөө авлигатай тэмцэх биш авлига авагч болж хувирсан байвал яах вэ. Товчхондоо, манаачийг хэн манах тухай ярих ёстой юм. Өдий хүртэл гэмт хэрэгтнүүдэд ял шийтгэл оноогоогүй хууль шүүх тэднийг үнээ, гахай болгон ашиглаж ирсэн юм биш байгаа гэж.
Хоёр.
Хөгжлийн банкны луйврын ард хэн байгааг, олсны үзүүр дэх үхрийг нь хөөж барихгүйгээр зөвхөн “гүйцэтгэгчид”-ийг яллах нь шударга бус. Жирийн хулгайчийг биш хуулийн хамгаалалттай жинхэнэ том хулгайчийг олж байж л Монголын улс төр цэвэршинэ. Тэд л бидний ажил орлого, аз жаргал, эрүүл мэнд, ирээдүйг хулгайлсан шүү дээ.
“Шинэ Яармаг” төслийг хэрэгжүүлэхээр “Нью Яармаг хаусинг прожект” компани нь 2015 онд Хөгжлийн банкнаас 142 тэрбумын зээл авсан байдаг. “Нью Яармаг хаусинг прожект”-ийн захирал нь Х.Баттулгын зөвлөх Ц.Ууганбаяр гэгч.
Гэтэл 2019 онд уг зээлийн барьцаанд байсан 20 объект, нэг газрыг чөлөөлөх шийдвэрийг шүүхээс гаргажээ. Илүү тодорхой хэлбэл, Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч байх үед. Энэ хэрэг дээр “Нью Яармаг хаусинг прожект” өмгөөлөгчөөр дуулианы эзэн М.Баасанцогт ажиллажээ. Шүүгчид нь мөнөөх “лифт”-нийхэн. Эндээс харвал лифтнийхэн Хөгжлийн банкнаас авсан зээлэн анхнаасаа луйвардах зорилготой байсан хэрэг.
Хөгжлийн банк найдваргүй зээлдэгчдээ зарлах сургаар Х.Баттулга Сингапур руу зугатсан тухай мэдээлэл хэвлэлээр цацагдах болсон. Хэрэв энэ үнэн бол, гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг.
Гурав.
Хөгжлийн банк зөвхөн УИХ, Засгийн газраас баталсан төслүүдэд зээл олгох хуулийн заалтыг нь МАН-ынхан харанхуй шөнөөр өөрчилсөн талаар Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат Амараатай ярилцахдаа хэлсэн. Үндсэндээ, чанаргүй зээлийн дийлэнх нь МАН-ын засаглалын үед олгогджээ гэж.
Тэгэхээр эртнээс, 2016 оноос Хөгжлийн банкийг “тонох” нөхцөлөө МАН бүрдүүлсэн гэсэн үг. Одоо хууль хүчнийхэнд жинхэнэ хэрэгтнүүдийг олж, улсыг хохиролгүй болгох нь чухал байна.
Гэр орон, унаа тэрэг юу байдаг бүхнийг нь зарж, төрийг хохиролгүй болгох ёстой. Хоёр тэрбумыг хулгайлаад 40 саяар торгуулаад өнгөрвөл хэн ч хулгай хийхийг бодно биз дээ. Болдог бол аав ээж, ах дүү, үр хүүхэд, хань ижлийнх нь нэр дээр байгаа бүх хөрөнгийг нь улсын орлого болговол хулгайчид айдаг, ичдэг болно. Түүнээс Х.Баттулгын хамсаатнуудтай нийлээд идсэн тэр их мөнгийг татвар төлөгчид төлөх ёсгүй билээ. 1.7 их наяд бол бага мөнгө биш. Гэтэл 10 мянган төгрөг хулгайлсан хүнд 10 жилийн ял оноодог Монголын шүүх жинхэнэ хулгайч нартайгаа хариуцлага тооцох нь бүү хэл харин ч тэднийг хамгаалсаар ирсэн. Үгүй байсан бол өдийд тэд аль хэдийнэ шоронд орчих байлаа.
Улс оронд нүүрлэсэн хулгайг цэвэрлэх, цэгцлэх эсэх нь эрх барьж буй намын улс төрөөс шууд хамаарах нь тодорхой болсон. Энэ тухайгаа Ардын намынхан олонтой газар ярьж явах болсон билээ. Үнэндээ, МАН жоомоо ална уу, гэрээ шатаана уу, олон нийтэд хамаагүй. Гол нь иргэдийн боломжийг хулгайлсан луйварчдын дийлэнх нь тус намынх. Тэднийг намаасаа хөөснөөр ял гэмийг нь барагдуулчихсан гэсэн үг биш юм.
Тиймээс өчигдрөөс эхлэн олон түмэнд зар түгээсэн МАН-ын Хяналтын хорооны хурлаар авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон гишүүдээ түдгэлзүүлэх, бүр хөөх хүртэл арга хэмжээ авчээ. Илүү тодорхой хэлбэл, Г.Солтан, Д. Дамба-Очир, Д.Хаянххярваа, Б.Ундармаа, Б.Батзориг нарын таван хүнийг намаас хасч, С.Бямбацогт, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Х.Дамдинням, Н.Билэгт, А.Сүхбат, Ш.Лхамсүрэн, Ш.Үнэнбат гэх найман хүнээс тайлбар ирүүлэхийг шаардсан байна. Мөн Ц.Анандбазар намаас түдгэлзсэн учраас Хяналтын хорооны хурлаар хэлэлцээгүй талаар тус хорооны дарга Б.Баярбаатар мэдээлэв. Энэхүү шийдвэрээс харахад эрх баригчид золигт гарнасан хэдээрээ туг тахиад өнгөрөх шиг. Угаасаа авлига, албан тушаалын хэргээ хүлээж ял шийтгэлээ авсан, улс төрийн карьер нь хэдийнэ дууссан тэднийг хөөлөө гээд МАН-д өнчин ишигний ч гарзгүй. Тус намын Хөгжлийн банкны луйвартай хийсэн тэмцэл харамсалтай нь энэ хүрээд “өндөрлөвөл” МАН матрын нулимс унгасан ч ард иргэд итгэхээ болино.
Холбоотой мэдээ