Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.
"СЭТГЭЛ САНААНЫ ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛДЭГ БОЛНО"
Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-ын гишүүн, Хууль зүйн ухааны доктор Д.Сүнжидтэй ярилцлаа.
-Сэтгэл санааны хохирлыг мөнгөн дүнгээр тооцож, нөхөн төлүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэхээр хуулийн төсөл боловсруулж байгаа гэсэн. Чухам ямар аргачлалаар хохирлын мөнгөн дүнг тооцох вэ?
–Бие махбодын гэмтлийг гурван зэргээр тогтоодог бол сэтгэл санааны гэмтлийг үнэлэх аргачлал тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн улмаас биеийн эрүүл мэндэд учирсан хохирлыг гэмтлээс үүссэн үлдэц уршиг, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт, амь насанд аюултай байдал зэрэг тодорхой шалгуураар дүгнэдэг бол харин гэмт хэрэг, зөрчлийн улмаас үүссэн сэтгэл санааны гэмтлийг тодорхойлох шалгуурын зохицуулалтгүй. Тиймээс ч сэтгэл санааны хохирлыг барагдуулах, нөхөн төлөх тогтолцоо бүрэн ажиллаж чадахгүй байгааг салбарын олон судалгаанд тоо баримт, үндэслэлтэй дурддаг. Үр дагавар нь хохирогч зөрчигдсөн эрхээ бүрэн сэргээлгэх бололцоогүй болдог.
Ялангуяа бэлгийн гэмт хэргийн хохирогч нар, гэмт хэргийн улмаас хүүхэд хохирсон тохиолдолд сэтгэл санааны хохирол төлүүлэх зайлшгүй шаардлагатай.
Гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэл санаа байнгын айдас түгшүүрт автаж, сэтгэл гутралд өртөх, нийгмийн амьдралд оролцох зан төлөвт нь сөргөөр нөлөөлөх гэх мэт олон үр дагавар үүсэх магадлал өндөр байдаг. Өнөөдрийн байдлаар сэтгэл санааны гэм хорын хохирлыг нөхөн төлүүлж байгаа практик хангалтгүй, хүүхэд бэлгийн гэмт хэргийн хохирогч болсон хэрэг дээр гэм буруутай этгээдэд эрүүгийн журмаар шийтгэл ногдуулахаас гадна сэтгэл санааны хохирлыг тодорхойлж, шийдүүлж байсан хэрэг маш цөөхөн байна.
Энэ тохиолдолд өмгөөлөгч нар нь олон жилийн турш тууштай хөөцөлдсөний эцэст сэтгэл санааны хохирлыг үнэлүүлж, 10 хүртэл сая төгрөгийн нөхөн төлбөр олгуулахаар шийдвэрлүүлсэн юм билээ. Ихэнхдээ хохирогч давхар сэтгэл санаагаар хохироод үлддэг. Монгол Улсын Үндсэн хуульд “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасан. Өөрөөр хэлбэл хэрэв хүний эрхийг зөрчсөн, хөндсөн бол түүнийг нь сэргээн эдлүүлэх тогтолцоог бүрдүүлэх учиртай.
–Цоо шинэ сэдэв байна. Монголд сэтгэл санааны хохирлыг тэр болгон авч хэлэлцдэггүй шүү дээ. Тэгэхээр энэ хууль батлагдвал цөөнгүй хуульд нэмэлт өөрчлөлт орох байх, тийм үү?
–Тийм ээ. Сэтгэл санааны хохирлын зэргийг тогтоох, үнэлэх аргачлал, ийм төрлийн гэм хорын хохирлыг барагдуулах тогтолцооны холбогдох хуульд өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлагатай. 2021 онд Засгийн газраас Шүүхийн шинжилгээний тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн. УИХ-аас 2022 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон байна. Энэхүү хуулийн төсөлд өнөөдрийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд сэтгэцэд учирсан хор уршигт үнэлгээ тооцох зохицуулалтыг шинэчлэн зохицуулсан болохыг Хууль зүй, дотоод хэргийн яам /ХЗДХЯ/ мэдэгдсэн. Тиймээс юуны түрүүнд энэ хуульд сэтгэл санааны эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэрэг, түүнийг тодорхойлох аргачлалыг зохицуулна, дараа нь холбогдох бусад хуульд бас зохих нэмэлт, өөрчлөлт оруулж таарна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
“THE OPEN MIC MONGOLIA”-ЫН ДУУЧ ШУВУУХАЙ
“Өө би өнөөдөр уйтгартай байна
Өрвийсөн үсээ самнамааргүй байна
Өөрөөсөө юу ч асуулгүйгээр
Өдөржингөө би гиюүрмээр байна”…"Чүкинбүүрийбаа" дуу. Энэ дууг гитартай дуулах шавилхан биетэй бүсгүйг та бүхэн эчнээ таних биз. Тэрбээр дуулахаараа дэндүү жаргалтай, бас уйтгартай, аль эсвэл хачин "эмо" болчихдог. Түүнд дэлхийн алдартай дуучин болох мөрөөдөл байхгүй. Харин дууг өөрийн зүрх сэтгэлээрээ мэдэрч, хүмүүст хүргэхийг тэмүүлдэг уран бүтээлч.
Тэр яг дэггүй хүүхэд шиг сахилгагүйтэж, сэтгэлдээ чанга хашгирч, гуниглаж бас уйлж дуулдаг.
Түүнийг Э.Ануударь гэдэг. Одоо 32 настай. Нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Дархан хотод төрж өссөн тэрбээр 2008 онд Улаанбаатар хотод АШУҮИС-д суралцахаар ирж, 2014 онд хүний их эмч мэргэжлээр төгсчээ. Эмч мэргэжилтэй бүсгүй чухам яагаад дуу хөгжимд дурлаж, уруу татагдах болсныг асуухад "Магадгүй надад гэр бүлийнхэн маань их нөлөөлсөн" гэж тун товчхон хариулсан.
Учир нь түүний аав Д.Энхнасан Ардын армийн дуу бүжгийн чуулгын бүжигчин. Одоо тэтгэвэртээ гарсан ч бүжгийн урлагаа орхиогүй яваа. Өвөө Д.Дэлэгням нь найруулагч, жүжигчин бөгөөд “Ээ дээ энэ хүүхнүүд үү”, “Улаанбаатарт байгаа миний аав” зэрэг кинонд туслах дүрд тоглосон бол эмээ Ө.Рэгзээ нь дуучин хүн байж.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
"МОАХ-Д ЖЕНКО, С.ЭРДЭНИЙН ТАЛ ГЭЖ БАЙХ ЁСГҮЙ"
Монголын ардчилсан холбоо энэ сарын 18-нд Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын ордонд үндэсний зөвлөгөөнийг зохион байгуулахаар болсноо хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн. Уг асуудлаар МоАХ-ны гишүүн Д.Монголхүүтэй ярилцлаа.
-МоАХ-ны зөвлөгөөн энэ сарын 18-нд болох юм байна. Зөвлөгөөнөөр ямар асуудал хэлэлцэх вэ. Яагаад МоАХ-ныхон 10 гаруй жилийн дараа цуглаж, зөвлөгөөн хийх болов?
-МоАХ-ны гишүүдийн үндэсний хэмжээний зөвлөгөөнийг ирэх Баасан гаригт зохион байгуулахаар төлөвлөсөн. МоАХ 1990 оны хоёрдугаар сарын 18-нд Үйлдвэрчний соёлын төв ордонд анх байгуулагдаж байсан түүхтэй. Тиймээс 33 жилийн ойн өдрөөрөө төрсөн байр буйран дээрээ цуглах гэж байна. Сүүлийн арав гаруй жил МоАХ хурал хийгээгүй, уулзаж ярилцаагүй. МоАХ “унасны” гор нь яаж гарсан бэ гэвэл өнөөдөр Монголд хүний эрх, эрх чөлөө хумигдмал байна.
МоАХ анх нэг намын тогтолцоог халж дарангуйллыг эсэргүүцэж, олон намын тогтолцоог оруулж, олон ургалч үзлийг хүлээн зөвшөөрүүлж, хүний эрхийн түгээмэл тунхаглалд суурилсан Үндсэн хуулийг батлуулсан түүхтэй төрийн бус байгууллага.
Тиймээс 33 жилийн дараа эргэж нэгдэн уулзаад асуудал байвал ярилцъя, гурван үеийн үүсгэн байгуулагчид, залгамж халаа болох хүмүүс цуглаад “цаашдаа Монгол Улс яах юм, МоАХ ер нь байх юм уу” гэдгийг зөвлөе гэж байгаа юм. Шаардлагатай бол зөвлөгөөн дээрээс V их хурлаа зарлана. Өнгөрсөн хугацаанд сонгуулийг луйвардсан хар машинаас эхлүүлээд "60 тэрбум", Хөгжлийн банк зэрэг тэр дундаа МоАХ-ны газар нь барьцаанд байгаа ч асуудал үүссэн. Энэ бүхнийг МоАХ зүгээр хараад суугаад байх юм уу. Бүхэл бүтэн нийгмийн хувьсгал хийж тогтолцоог өөрчилж чадсан баатар, партизанууд яагаад чимээгүй суугаад харах ёстой юм. Өнөөдрийн үүсээд буй асуудалд хэний зөв, хэний буруу юм гэдгийг ярилцана.
-МоАХ-ны энэ удаагийн зөвлөгөөнд нийт хэчнээн хүн оролцох вэ?
-Хүслээ ярих юм бол МоАХ-ны гишүүдийг Улаанбаатарт багтаах зай олдохгүй. Цар тахлын хуульд захирагдаад хамгийн их багтаамжтай зааланд 50 хувийн дүүргэлттэй зохион байгуулах ёстой. Холбооны хурал хүн бүхэнд нээлттэй.
-МоАХ-ны ерөнхийлөгчөөр экс Ерөнхийлөгч Х.Баттулга сонгогдоод удаж байгаа. Одоо бараг хувийнх нь компани шиг болчихлоо гэсэн шүүмжлэл гардаг. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-МоАХ гэхээр Женко гэж харагддаг болчихсон байна гэдэг нь эмгэнэл. МоАХ анх үүсэхдээ 90 мянган гишүүнтэй байсан. Гэтэл өнөөдөр яагаад нэг хүнээр овоглодог болчихсон юм бэ. Их сонин ойлголт байгаа биз дээ. Тэгэхээр ийм байдалд орсноо хэдүүлээ ярилцъя гэж байгаа юм. 1990 онд үйл хэрэг, үзэл санааны төлөө явсан МоАХ-ныхон 30 жилийн дараа гэхэд нэг хүний эрх гүйцэлдүүлэх гэж яваагүй. Гэхдээ МоАХ-ны залуучууд хүн дээр фокуслаж ярихгүй. Женко, С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж, Б.Энхтүвшин байна уу, аль нь ч хамаагүй. Тэд хувь хүмүүс байхгүй юу. МоАХ бол институци. Үнэт зүйлтэй, үзэл санаа зорилго, дүрэмтэй, хуультай. Тэгэхээр бид энэ удаа хүн ярихгүй. Нийгэмд алдагдаад байгаа МоАХ-ны амин сүнсийг сэргээе гэж байгаа юм.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
"ТЕНДЕР АВЧ, ДАРАА НЬ МӨНГӨ УГААДАГ ТОГТОЛЦОО БИЙ БОЛСОН"
Хөгжлийн банк тойрсон асуудлаар эдийн засагч С.Бямбахорлоотой ярилцлаа.
-Хөгжлийн банкнаас гаргасан 1.8 их наядын зээл чанаргүй болсонд олон нийт бухимдалтай байгаа. Зарим намууд улс төр хийгээд эхэллээ. Ер нь Хөгжлийн банкны дампуурах шахсан нь юунаас болсон бэ?
-Хөгжлийн банкны хүний нөөцийг өөрсдөө томилдог. Уг нь тус банкны засаглал хараат бус байх ёстой. Томилгоог намын бус шударга зарчмаар явуулдаг байх ёстой. Банкинд намаас хүн томилохоор тухайн эрх баригчийн үгийг дагадаг талаар яригдаж байна. Тэгэхээр засаглалд нь алдаа гарсан учраас Хөгжлийн банкны асуудлууд үүссэн болов уу гэж харж байна. Уг нь импортын бүтээгдэхүүнийг орлох боломж руу мөнгийг хуваарилж чадсан уу гэдэгт баялаг бүтээгчдийн наад захын шалгуур бий. Гэвч энэ шалгуурыг хангасан нь ердөө 20 гаруй хувь. Тэд гадагшаа урсдаг байсан валютын урсгалыг дотоодод үлдээж, эдийн засгийг эргэлтэд оруулсан. Үлдсэн 80 орчим хувь нь буюу чанаргүй зээлийн 882 тэрбумын асуудал яригдаж байна. Үүний дотор зориулалтын бусаар ашигласан гэх асуудал ч багтана. Ийм тохиолдолд маш их харагдаж байгаа юм. Энэ бол баялгийн зөв хуваарилалт биш. Үүнийг анхаарах ёстой. Ерөнхийдөө төр бүх зүйлд гар дүрж, хараат бус байдлыг алдагдуулж, өөрсдийнхөө хүнийг томилдог боллоо.
Жишээ нь, Засгийн газрыг Үндэсний аудитын газар хянах ёстой. Гэтэл тус газрынх нь даргыг УИХ-аас томилж байна. Тэгэхээр өөрийнхөө томилсон хүнээр шалгуулахаар үнэн, шударга шалгах боломжгүй. Үүнтэй адил хуваарилалт хийж буй байгууллагад эрх баригчид хүний нөөц бүрдүүлж, эргээд зээл авч байгаа нь хамгийн буруу тогтолцоо.
Тиймээс аудит хийж байгаа бол чанаргүй зээлд төвлөрөхөөс илүү баялаг бүтээх үндсэн үйл ажиллагаа руу чиглэгдсэн үү гэдгийг харах хэрэгтэй. Мөн Хөгжлийн банкны зээлдэгчдийн дунд төрийн өмчит хувьцаат компаниуд багагүй хувийг эзэлж байгаа ч хөрөнгийн хэрэгцээ нь унасан байдаг. Уг нь зээл авах байдлаар хөрөнгө оруулалт хийснээр борлуулалтын хэмжээ нэмэгдэх ёстой. Нэг үгээр хэлбэл, төрийн өмчит компаниуд руу зээл өгөхийг засгаас нь шаарддаг. Гэвч зээл авсан төрийн өмчит компаниуд нь бүгд алдагдалтай.
-Хөгжлийн банкны дуулиан ЖДҮ-гийн хэрэг шиг замхрах вий гэсэн болгоомжлол ч байна. Ер нь төрийн мөнгийг тонож иддэг явдал хэрээс хэтэрлээ. Төрийн сангуудын луйвар эдийн засагт ямар сөрөг нөлөө үзүүлж байна вэ?
-Зориулалтын мөнгийг зориулалтын бусаар зарцуулбал утгаа алдана. Хүнтэй зүйрлэвэл, би гутал авах мөнгөөрөө малгай авч өмссөнтэй адил. Засгийн газрын стратегийн хөгжлийн бодлогыг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг зориулалтын бусаар ашиглах нь гэмт хэрэг. Жилээс жилд бидний өр нэмэгдэж байгаагийн цаана мөнгөө зөв хуваарилж чадаагүй гэсэн үг. Уул уурхайн салбараас олсон хөрөнгөө эргүүлээд зөв хуваарилж чаддаггүй. Ер нь тодорхой системээр нь, засаглал хуулийн талаас нь харвал энэ асуудлууд цэгцэрнэ. Түүнээс биш Хөгжлийн банкийг дампууруулж, хэсэг хүмүүсийг шоронд хорьсноор уг асуудал шийдэгдэхгүй. Бид 2023 онд төлөх томоохон бондын өрийг Хөгжлийн банкны эргэн төлөлтийн санхүүжилтээр төлөх ёстой байсан. Үүнийг төлөх эсэх нь эргэлзээтэй болж байна. Хоёрдугаарт, чанаргүй зээл нь инфляци өсгөж, валютын ханшийн хөөрөгдөл бий болгож байна. Өнөөдөр инфляци 14.6 хувьтай, валютын ханш чангарахад Хөгжлийн банкны чанаргүй зээл нөлөөлж байгаа нь тодорхой болсон. Цаашид ч бас асуудлууд үүснэ.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
"ААВЫГ ХҮЛЭЭЖ БАЙГААД АРСЛАНГИЙН ДҮРД ТОГЛУУЛСАН"
Ард түмний сэтгэлд “Говийн зэрэглээ” киноны Арслангийн дүрээрээ хоногшсон жүжигчин, Монголын нэрт найруулагч Гүрсэдийн Доржсамбууг энэ удаагийн “Мартагдашгүй танил” буландаа онцолж байна. Тэрээр 1966 онд Улсын драмын театрт анх дагалдан жүжигчнээр орж, тэндээсээ Киевийн Театр урлагийн их сургуульд суралцан, театртаа эргэн ирж олон арван дүр бүтээсэн авьяаслаг уран бүтээлч.
Тэрээр шог зургийн мастер А.Гүрсэдийн өргөмөл хүү байсан бөгөөд дэлгэцэнд бүтээсэн анхны дүр нь “Тунгалаг Тамир” кинонд үзэгдээд өнгөрдөг танхай ламын жижигхэн дүр байсан тухай олон сайхан дурсамж яриаг түүний бага хүү Цогттой өрнүүллээ. Г.Доржсамбуу агсны хоёр хүү өдгөө аавынхаа уран бүтээлийн залгамж халааг үргэлжлүүлэн, найруулагч мэргэжлээр ажиллаж байгаа билээ. Д.Цогтын хувьд хүүхэлдэйн киноны зураач, телевиз, киноны найруулагч мэргэжилтэй юм.
–Г.Доржсамбуу агсныг “Говийн зэрэглээ” киноны Арслангийн дүрээр ард түмэн мэднэ. Энэ хүний үр хүүхдүүд одоо хаана, хэрхэн ажиллаж, амьдарч байна вэ?
-Намайг Д.Цогт гэдэг. Бид эцэг, эхээс гурвуулаа. Би дээрээ эгч, ахтай, айлын бага хүү. Эгч маань Д.Сувд гээд Герман улсад ажиллаж, амьдардаг. Сэтгүүлч мэргэжилтэй ч одоо тэндээ орон нутгийн захиргааны албанд ажиллаж байна. Ах маань Д.Амар гээд театрын найруулагч мэргэжилтэй. Одоо хувийн продакшин ажиллуулдаг.
Миний хувьд телевизийн найруулагч, зураач мэргэжилтэй. Би “NTV” телевизийг байгуулагдсан цагаас нь ажиллаж, саяхан ажлаасаа гарсан. Одоо хувийн бизнес хийхийн хажуугаар уран бүтээлээ хийх төлөвлөгөөтэй байна. Бас шог зургаа сэргээн зурж сууна.
-Шог зураг гэснээс танай өвөө шог зургийн мастер хүн байсан. Өвөөгийн авьяас байна уу даа?
-Тийм ээ. Манай өвөө БНМАУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн Арнайн Гүрсэд гээд шог зураач хүн байсан. “Тоншуул” сэтгүүлийн ахмад партизануудын нэг. Манай аав энэ хүний өргөмөл хүү нь юм. Аавын маань төрсөн аав нь н.Жамъяан гээд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харъяат лам хүн байсан гэдэг. Өвөө зураач хүн байсан болохоор аав маань багадаа Хөгжим бүжгийн дүрслэх урлагийн ангид сурч байсан юм билээ. Гэхдээ аав зураач мэргэжлээрээ төгсөөгүй л дээ. Жүжигчин болох сонирхолтой. Ер нь аав их гоё зурна. Өвөө маань намайг нэгдүгээр ангид байхад бурхан болсон юм. Аав намайг зураач болгох гэж их дэмжинэ. Би чинь багаасаа Хүүхдийн ордны зургийн дугуйланд явдаг байлаа.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
Холбоотой мэдээ