Ардчилалд дахин салхи оруулахыг сануулсан дохио!

Хуучирсан мэдээ: 2022.02.18-нд нийтлэгдсэн

Ардчилалд дахин салхи оруулахыг сануулсан дохио!

Ардчилалд дахин салхи оруулахыг сануулсан дохио!

Аз болж хонх дуугарлаа

Арай ядан нойрноос сэрлээ

 Хонхны дуу биднийг сэрээ сэрээ

Хонхны дуу биднийг сэрээ…"Хонх" хамтлагийн “Хонхны дуу”-гаар өнөөдөр Монголын ардчилсан холбооны /МоАХ/ үндэсний зөвлөгөөнийг эхлүүлсэн юм. Уг зөвлөгөөний үеэр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ хэлсэн үгэндээ  “МоАХ-чууд бид сэрэх цаг болсон. Бид унтаж ханалаа” гэдгийг онцолсон. Уг зөвлөгөөнөөр цаашид МоАХ-г татан буулгах уу, шинэчлэх үү гэдгийг тодорхойлж V хурлаа хийнэ гэдгийг төлөөлөгчид онцлов.  Мөн гавьяат жүжигчин Д.Сосорбарам “Монголын ардчилсан холбоо цаашид байх ёстой бол шинэчлэх цаг нь ирсэн. Нэг хүнээс хараат байх ёсгүй” гэдгийг хэлсэн. Үндсэндээ 10 гаруй жилийн дараа зохион байгуулж буй зөвлөгөөнөөр Монголын ардчилсан холбооныхон өнөөдөр алдаа, оноогоо дэнсэлж нэгэн дор цуглараад байна. Энэ үеэр өнөөдрийн төрийн эрхийг баригчид шинэ цагийн коммунизмыг тогтоож, шоронд хорьж яллахаар үзэл санаагаа илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлаж, бизнест гар дүрж хувийн хэвшлүүдийг төр өмчлөх болсныг хатуу шүүмжилсэн. Иймд Монголд дахин ардчилалын салхи үлээх цаг нь ирсэн гэдэг дуу хоолойгоо нэгтгэв.

"МоАХ-ООС Х.БАТТУЛГЫГ  ЗАЙЛУУЛАХ  ЁСТОЙ"

АН-ын дарга С.ЭРДЭНЭ: 

-Монголын ардчилсан холбоог бид 1990-ээд оны үед анх үүсгэн байгуулахад нэг зорилго тодорхойлж байсан нь “Монгол Улсад ардчилал, хүний эрх, хувийн өмч, ардчиллын үнэ цэнэ баталгаажсан тохиолдолд Монголын ардчилсан холбоо татах буугдах. Энэ хүртэл МоАХ үйл ажиллагаа явуулна” гэсэн ийм л байр суурийг тухайн үед илэрхийлж байсан. Өнөөдөр 32 жилийн дараа эргээд харахад Монголд байгаагүй хүний эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хувийн өмч, парламентын засаглалыг бий болгож чадсан. Тэр дундаа хамгийн үнэ цэнтэй нь 1990 оны Цагаан морин жил дэлхий дахинд Монгол Улс тусгаар тогтносон, бие даасан улс болохыг зарласан. Энэ нөхцлийг бүрдүүлсэн гол хүчин бол тухайн үеийн МоАХ-ны мянга мянган гишүүн байсан юм.

Өнөөдөр МоАХ-ны бий болгосон үнэ цэнээр эрх баригчид дураараа туйлж байна. Шинэ цагийн олигарх хөрөнгөлөг коммунистууд бий болсон. Эдгээр хүмүүс Монголын төрөөр тоглож байна. Тиймээс МоАХ сэрэх цаг нь болсон.

Түүхэн үүрэг нь дуусаагүй юм байна. Иймд шинэ түүхэн үүргээ биелүүлэх шаардлагатай. Өнөөгийн эрээ цээргүй идэж уусан нөхдүүдтэй хариуцлага тооцох ёстой. Тэрбүүхэл Монголын ардчилсан холбоог өчнөөн жил унтуулсан коммунист эрх баригч намын даргын зөвлөх хийж, Ардчилсан намаас нэр дэвшиж Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан Х.Баттулгыг огцруулах ёстой. Энэ хүнийг МоАХ-оос зайлуулах ёстой. Шинэ залуу үеийнхэн Монголын ардчилсан холбоог удирдаж эрх баригчдын эсрэг хүчтэй зогсох ёстой гэж үзэж байна.

Ер нь МоАХ-г улс төрийн ашиг сонирхлын хэрэгсэл болгодог нь даварч байр, газар бүхий багахан хөрөнгийг нь барьцаалж зээл авдаг увайгүй үйлдэл хийж буй МоАХ-г удирдаж байгаа гэх хүмүүс өнөөдөр зайлж, тэдэнд улс төрийн хариуцлага тооцох ёстой.

Хоёрдугаарт, Пирамид орд ХХК-иар зээл авахуулж, өөр компаниар “Буман залуус” хорооллыг бариулахдаа анхандаа МоАХ-ны партизан гишүүдийг  орон сууцжуулна гэж яригдаж байсан. Бодит байдал дээр ашиглалтад орох үед нь ашиг хонжоо олох хэрэгсэл болгож ашигласан. Өнөөдөр энэ асуудал яригдаж байна. Хууль хүчний байгууллагууд шалгана биз.

         "МоАХ ШИНЭЧЛЭГДЭЖ ХАРААТ БУС БОЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ ТАРАХ ХЭРЭГТЭЙ"

МУГЖ  Д.СОСОРБАРАМ: 

-Миний хувийн бодол бол төрийн оролцоо бизнест хутгалдахгүй байх хэрэгтэй. Төр хэтэрхий данхайхгүй байх ёстой. Цомхон бүтэцтэй, иргэдэд хүнд суртал үзүүлдэггүй, хүн өөрийнхөө төлөө ажилладаг байх цомхон бүтэцтэй л байх ёстой. Ийм шинэчлэлт хийх цаг нь болсон. Тиймээс өнөөдрийн  Монголын ардчилсан холбооны үндэсний зөвлөгөөн энэ чиглэлд илүү төвлөрөөсэй гэж бодож байна. Анзаарахад Монголд капитализм алга. Нөгөөтэйгүүр, бид социалист ухамсраасаа салаагүй. Миний нөхөд ч бас энэ ухамсраас салаагүй. Энэ үзлээс хаяж, коммунист үзэл суртлаас холдох хэрэгтэй.

Монголын ардчилсан холбоо цаашид байх ёстой юу гэдэг нь өнөөдрийн зөвлөгөөнөөс хамаарна. Залуус сэрж 1990 оноос илүү одоогийн олигархжсан тогтолцооны эсрэг зогсч чадвал тун сайн.

Харамсалтай нь, Монголын ардчилсан холбоо амьгүй, хүчгүй, үхээнц болоод 15 жил гаруй хугацаа өнгөрч байна. Тус холбоо Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас хараат болсон. Тиймээс МоАХ  хэн нэгэн улс төрч, хувь хүнээс хараат бус болж чадвал хүн бүрийн эрх чөлөөг хамгаалж чадна. Үгүй бол Монголын ардчилсан холбоо тарах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, Монголын ардчилсан холбооны байрыг барьцаанд тавьсан тухай их яригдаж байна. Хэрэв үнэн бол нүглийн дээд нүгэл. Үүгээрээ холбогдох хүмүүс нь ял эдлэх ёстой.

"МоАХ V ИХ ХУРЛАА ТОВОЛНО"

МОАХ-ын гишүүн Д.МОНГОЛХҮҮ: 

-Монголын ардчилсан холбоо сүүлийн 10 гаруй жил цугласангүй. Өнөөдрийн зөвлөгөөнөөр  нийгэмд болоод холбооны өнөөдрийн нөхцөл байдал, дотоод асуудал, гадаад асуудлын талаар хэлэлцэж шийд гаргахаар хэлэлцэж байна.

Хурлын үр дүнгээс V их хурал болох нь тодорхой. Хоёрдугаарт, Ерөнхийлөгч асан Х.Баттулга хуулийн дагуу давхар ажил эрхэлдэггүй. Тэгэхээр өнөөдрийг хүртэл МоАХ эзэнгүй байгаа гэсэн үг.

Өнөөдрийн Ардчилсан Монгол Улсыг үүсгэн байгуулсан гэх хүн өнөөдөр эргээд  улс төрийн хүчний зөвлөхөөр ажиллаж байгаа нь зүйд нийцэхгүй. Цаашид Монголын ардчилсан холбоо татан буугдахгүй, байх ёстой.  Нөгөөтэйгүүр өнөөдөр МоАХ-ын байрыг гишүүд, дарга нараас өөр хүн эзэмшээгүй байгаа. Харин барьцаанд тавьсан гэх асуудлыг холбоог үүсгэн байгуулагчид шалгаж байгаа гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж