Олон улсын томоохон санхүүгийн байгууллага, судалгааны газрууд 2022 онд алтны үнэ тогтвортой, өндөр түвшинд байх таамаг гаргасан. Энэ нь Монгол Улсын валютын нөөц, төгрөгийн ханшид эерэг нөлөө үзүүлэхээр байна.
Тухайлбал, "Goldman Sachs" ирэх 12 сард унц алтны үнэ 2150 ам.доллар байна гэж таамагласан нь өмнөх төсөөллөө 150 ам.доллараар нэмэгдүүлсэн үзүүлэлт юм. "Bank of America" 2022 онд алтны үнэ дунджаар 1925 ам.доллар байна гэж төсөөлжээ.
"World Gold Council" энэ онд алтны үнэ өнгөрсөн 2021 онтой ойролцоо түвшинд хадгалагдах төлөвтэйг тайландаа онцолсон. Covid-19-ийн өмнө 1300 ам.доллар орчимд байсан алтны үнэ ийнхүү түүхэн өндөр түвшинд байхад дараах хүчин зүйлс нөлөөлнө гэж дурдсан байна. Үүнд:
-Дэлхий нийтээрх өндөр инфляц
-Covid-19-өөс үүдсэн зах зээлийн савлагаа
-Геополитикийн нөхцөл байдал
-Төв банкуудын алт худалдан авалт
-Энэтхэг, БНХАУ зэрэг орнуудад гоёл чимэглэлийн бүтээгдэхүүний эрэлт өндөр байх төлөв багтжээ.
Алт нь Монгол Улсын нэг гол экспортын бүтээгдэхүүн бөгөөд гадаад валютын нөөцийг нэмэгдүүлж, төгрөгийн ханшийг дэмждэг үнэт металл юм. 2022 оны нэгдүгээр сард төв банк 1.6 тн үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 20 орчим хувиар өссөн үзүүлэлт болсон байна.
Өнгөрсөн 2021 оны хувьд Монголбанк нийт 21 тн үнэт металл худалдан авсан нь валютын нөөцийг 1 тэрбум гаруй ам.доллараар нэмэгдүүлжээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ