Украины геополитикийн түгшүүр алтны үнэд нөлөөлж байна

Хуучирсан мэдээ: 2022.02.18-нд нийтлэгдсэн

Украины геополитикийн түгшүүр алтны үнэд нөлөөлж байна

Украины геополитикийн түгшүүр алтны үнэд нөлөөлж байна

Дэлхийн банкнаас мэдээлснээр, дэлхийн эдийн засгийн өсөлт 2022 онд 4.1 хувь, 2023 онд 3.2 хувьд хүрч саарах төлөвтэй байна. Энэ нь эрэлт, эдийн засгийн идэвхжлийг дэмжсэн макро бодлогууд цаашид үргэлжлэхгүй, цар тахлын өмнөх үеийн төлөвт эргэн шилжинэ гэж үзэж буйтай холбоотой аж.

Энэ онд өндөр хөгжилтэй орнуудын үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт цар тахлын өмнөх үеийн трендэд эргэн хүрэх төлөвтэй байна. Харин эрчимтэй болон хөгжиж буй орнуудын хувьд эдгээр үзүүлэлтүүд цар тахлын өмнөх үеийнхээс мэдэгдэхүйц доогуур байх төлөв гарчээ. Энэ нь эдгээр улс орнуудын эдийн засгаа дэмжих бодлогын орон зай хумигдсан, цар тахлаас үүдсэн байнгын шинжтэй сөрөг үр дагавар, вакцинжуулалтын түвшин доогуур байгаа зэргээс шалтгаалах нь.

Эдийн засгийн өсөлтийн төсөөллийг муутгаж болзошгүй олон эрсдэл бий. Тухайлбал, цар тахлын омикрон хувилбараас үүдсэн эдийн засгийн хүндрэл, нийлүүлэлтийн гинжин хэлхээнд үүссэн гацаа, инфляцийн хүлээлт өөрчлөгдөх, санхүүгийн дарамт, уур амьсгалтай холбоотой гамшиг болон урт хугацааны өсөлтийн бүрдүүлэгч хүчин зүйлс суларч байгаа зэргийг дурдаж болох юм.

Дэлхийн зах зээл дээр Украин, Ойрх Дорнодын улс төрийн хурцадмал байдлаас шалтгаалан экспортын гол нэрийн түүхий эдийн үнэ өөрчлөгдөж байна.

УНЦ АЛТНЫ ҮНЭ 1950 АМ.ДОЛЛАР ХҮРЭХ ТААМАГ

Алтны үнэ өнгөрсөн оны зургадугаар сараас хойш буюу сүүлийн найман сарын хугацаанд анх удаа унц нь 1900 ам.долларын босго давав. Аюулгүй хөрөнгө оруулалтын хэрэгсэл гэгддэг алтны үнэ ийнхүү 1.7 хувиар өсч буйг шинжээчид Украины эргэн тойрон дахь геополитикийн түгшүүртэй байдал, АНУ-ын өндөр инфляцитай холбон тайлбарлаж буй юм.

Нэг унц алтны үнэ өнгөрсөн нэгдүгээр сарын 20-ны байдлаар 1839 ам.долларт хүрч өссөн бол Лондоны хөрөнгийн бирж дээр өнгөрсөн Пүрэв гаригийн байдлаар 1899.6 ам.доллар болж нэмэгджээ.

“Citigroup” алтны үнэ ойрын хугацаанд унц нь 1950 ам.доллар хүрнэ гэж тооцоолжээ. “Comex” бирж дээр өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригийн арилжааны явцад алтны үнэ 1.64 хувиар өсч, нэг унц нь 1902.2 ам.долларт хүрсэн байна. ОХУ Украины хил орчмоос цэргээ хэсэгчлэн татна гэх мэдээллийн дараа алтны үнэ унасан билээ.

ЗЭСИЙН ХОМСДОЛ НАМЖИХ ТӨЛӨВТЭЙ

Өнгөрсөн нэгдүгээр сарын 20-ны байдлаар нэг тонн зэсийн үнэ 9990 ам.долларт хүрсэн бол энэ сарын 10-ны өдрийн байдлаар Лондоны металын бирж дээр зэсийн ханш тонн тутамдаа 10220.5 ам.долларт хүрч өсөв. Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр зэсийн ханш энэ долоо хоногт 10380 ам.долларт хүрчээ.

Зэсийн ханш ийн өссөн нь зэс олборлогчдын хувьцаанд нөлөөлж эхэлсэн байна. Тухайлбал, томоохон олборлогч “Freeport McMoran”-ы хувьцааны ханш долоо хоногт Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр 15 хувиар өсчээ. Цаашид зэсийн ханш тонн тутамдаа 11 мянган ам.долларт хүрч өсч, дунд хугацаандаа ханш нь энэ хэмжээнд тогтворжино гэх таамгийг зарим шинжээч дэвшүүлэв.

БНХАУ-ын Ардын банкны дэд ерөнхийлөгч Лю Гуочян нэгдүгээр сарын 18-ны өдөр цаашид заавал байлгах нөөцийн хувийг бууруулж, мөнгөний бодлогыг зөөллөж, эдийн засгаа дэмжинэ гэсэн мэдэгдэл хийсний дараа зэсийн үнэ өсчээ. Шинжээчдийн тайлбарлаж буйгаар, зэсийн ханш өсөх болсон шалтгаан нь голлох түүхий эдийн биржүүдийн агуулах дахь зэсийн нөөц буурсантай холбоотой аж.

Зэсийн нөөц түүхэн доод түвшинд хүрэхэд ойртож буй бөгөөд Лондоны металлын бирж, “Comex” зэрэг биржүүдэд нөөц нь буурчээ.

ANZ банкнаас тайлбарласнаар, голлох биржүүдийн нөөц 200.4 мянган тонноор хэмжигдэж буй нь дэлхийн зэсийн хэрэглээг гурван өдөр хангахад хүрэлцэх хэмжээ бөгөөд биржүүдийн агуулах дахь нөөц түүхэн доод хэмжээнд очоод буй юм. “Fitch Solutions”-ы тооцоолсноор, 2022 онд зэсийн зах зээл дэх хомсдол бага зэрэг намжих төлөвтэй байгаа аж.

“Goldman sachs” банк цаашид дэлхийн зэсийн уурхайнуудын олборлолт дараагийн хоёр жилд өсөлттэй гарч, улмаар буурах замдаа орж болзошгүйг анхааруулав. Мөн тус банк байдал энэ хэвээр үргэлжилбэл энэ оны сүүлээр нийлүүлэлтийн хомсдол хэт даамжрах эрсдэлтэйг сануулжээ.

ТӨМРИЙН ХҮДРИЙН ҮНЭ ӨСӨВ

Нэг тонн төмрийн хүдрийн үнэ дэлхийн зах зээл дээр 150 ам.доллар болж, эргэн өслөө. БНХАУ-ын Ардын банк мөнгөний бодлогоо цаашид зөөллөх мэдэгдэл хийсэн, мөн тус улсын Засгийн газраас дэд бүтцийг дэмжихээр болсон нь төмрийн хүдрийн эрэлт, үнэ өсөхөд нөлөөлжээ. БНХАУ-д инфляцийн эрч саарахтай зэрэгцэн тус улс төмрийн хүдрийн үнийг бууруулах арга хэмжээ авч байгаа нь үүнд нөлөөлж буй аж.

Эдийн засагчид БНХАУ-д нийлүүлэлтийн сүлжээний доголдол харьцангуй тогтворжиж байгаа тул тус улсын үйлдвэрлэлийн өртөг цаашид улам буурна гэж таамаглажээ. БНХАУ дэд бүтцийн зарцуулалтаа нэмэгдүүлэх төлөвтэй болсноор төмрийн хүдрийн үнэ өнгөрсөн долоо хоногт тонн нь 150 ам.доллар даваад байв.

БНХАУ төмрийн хүдрийн үнийг бууруулахыг зорьж буй бөгөөд үүнтэй холбоотойгоор Далянийн Таваарын бирж гүйлгээний шимтгэлээ нэмжээ. Хөрөнгө оруулагчдын дунд Хятад улс эдийн засгаа дэмжихээр дэд бүтцийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ гэсэн хүлээлт бий болсон. Төмрийн хүдрийн үнэ өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш 70 гаруй хувиар өсөөд байв. Далянийн Таваарын биржид өнгөрсөн долоо хоногт төмрийн хүдрийн үнэ 5.4 хувиар буурч, тонн нь 776 юань болсон.

ГАЗРЫН ТОСНЫ ЭРЭЛТ СЭРГЭЖ, БАРРЕЛЬ НЬ 100 АМ.ДОЛЛАР ХҮРЭХ НЬ 

ОХУ, Украины улс төрийн асуудал, Йемений хоути босогчид Арабын нэгдсэн улсын томоохон газрын тос нийлүүлэгч рүү дайрсан зэргээс шалтгаалж газрын тосны үнэ өсөв. Мөн ОПЕК+ нэгдлээс өдөрт 400 мянган баррель газрын тос нэмэлтээр нийлүүлэх амлалтаа биелүүлэхэд хүндрэлтэй байгааг мэдэгдээд буй юм.

Нэг баррель Брент маркийн газрын тосны үнэ нэгдүгээр сарын 20-ны байдлаар 88 ам.долларт хүрч нэмэгдсэн бол өнөөдрийн байдлаар 92.69 ам.долларт хүрч өсөөд байна. Ираны цөмийн хэлэлцээр удахгүй тохиролцоонд хүрэх төлөвтэй байна. Тохиролцоонд хүрч чадвал Ираны газрын тосны экспортод тавьсан АНУ-ын хориг цуцлагдахад нэг алхам ойртох юм.

Хоёр жил гаруй үргэлжилсэн цар тахлын хүнд үеийн дараа газрын тосны эрэлт сэргэж, баррель нь 100 ам.долларт хүрэх дөхөөд буй юм. WTI төрлийн газрын тосны үнэ өнөөдрийн байдлаар 92 ам.доллар орчимд хэлбэлзэж байна. 2020 онд газрын тосны үнэ 60 ам.долларт хэлбэлзэж байсан үед OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг гарцаа танаснаар үнэ нь өсч байв.

АНУ-ын газрын тосны агуулахууд дахь нөөц 2018 оноос хойших доод түвшинд хүрч буурч, гарц нь цар тахлын үеийн түвшнээс бага хэвээр байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж