ЭМЯ-ны мэргэжилтнүүд Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх долоо хоногийн нэгдсэн мэдээллийг хүргэлээ.
Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.БАТБАЯР:
-Дэлхийн улс орнууд хорио цээрээ цуцалж, хилээ нээж байна. Манай улсын хувьд тодорхой хэмжээнд халдварын тохиолдол бүртгэгдэж байгаа. Гэвч халдварын тоо болон дельта хувилбартай харьцуулахад нас баралт 10 дахин багассан, эмнэлгийн ачаалал буурсан. Мөн сүргийн дархлаа хангалттай хэмжээнд тогтсон. Иймээс хил дээрх хорио цээрийн дэглэмийг цуцалсан.
Иргэд нэг зүйлийг сайтар ойлгох хэрэгтэй. Омикроны халдвар авсан иргэд давтан тунд хамрагдаагүй бол ахиж халдвар авах эрсдэлтэй. АНУ-ийн судалгаагаар энэ нотлогдож байна. Тийм учраас халдвар авсан иргэд 21 хоногийн дараа нэмэлт вакцинд хамрагдахыг уриалж байна.
Манай улсын хувьд гадаад руу нисэх гэж буй иргэдээс ХӨСҮТ-д шинжилгээг авч байна. Гол үүсээд буй асуудал нь Монгол Улсаас Өмнөд Солонгос руу өнөөдрийн /2022.02.18/ нислэгээр гурван эерэг тохиолдол бүртгэгдсэн. Үүнтэй холбоотойгоор БНСУ-ын онцгой комисс хоёрдугаар сарын 17-ноос хоёрдугаар сарын 23-ныг хүртэл манай улсаас иргэд хүлээж авахгүй. Иймээс иргэд зөвхөн ХӨСҮТ-д шинжилгээ өгөх зохицуулалтыг хийсэн юм.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Ж.НАРАНГЭРЭЛ:
-Өнөөдрийн байдлаар 18 мянга гаруй хүн гэрийн нөхцөлд эмчлүүлж байна. 5500 гаруй хүн халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 9.9 хувь нь эмнэлзүйн нэн хүнд, хүнд хэлбэрээр өвдсөн байна. Эдгээр хүмүүсээс тандан судалгаа авахад өндөр настай, вакцины нэмэлт тунд хамрагдаагүй иргэд дийлэнх хувийг эзэлж байна. Иймээс иргэд дархлаажуулалтын нэмэлт тунгийн талаар зохистой зөв мэдээллийг авч, өөрсдийн шийдвэрээр нэмэлт тунд хамрагдахыг гэж зөвлөж байна.
Өнөөдрийн байдлаар 402 эмэгтэй, 1200 гаруй хүүхэд Covid-19 халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байна. Өмнөх долоо хоногоос хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн тоо буураагүй байна. Энэ долоо хоногоос эхлэн сургууль, цэцэрлэгүүд танхимаар хичээллэж эхэлсэн. Тиймээс та бүхэн хүүхэддээ тавих анхаарлаа битгий сулруулаарай. Хэдийгээр халдварын буурсан тоо гэх нааштай мэдээлэл байгаа. Гэвч хүн амны хөдөлгөөн ихэссэн учир халдварын тохиолдол нэмэгдэх эрсдэлтэй байна. Мөн 18-35 насныхан дархлаажуулалтад хамрагдах нь харьцангуй бага байна.
ХӨСҮТ-ийн захирал Ц.БИЛЭГТСАЙХАН:
-Энэ долоо хоногт Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ, Улсын онцгой комиссоос тодорхой шийдвэрүүд гарсан. Эдгээр шийдвэрүүд нийгэм, эдийн засаг, олон улсын харилцаа, сургуулийн боловсролын үйл ажиллагааг дэмжсэн шийдвэр байсан. Аж ахуй албан газрууд олон нийтэд хэдийгээр нээлттэй шийдвэр ч хувь хүний хариуцлагын төвшинд халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх хэрэгтэй.
Ц.ХОНГОР