Т.Ууганбаяр төрсөн өдрөөрөө гялалзаж, Г.Билгүүний хамгаалалт онцгойров

Хуучирсан мэдээ: 2022.02.18-нд нийтлэгдсэн

Т.Ууганбаяр төрсөн өдрөөрөө гялалзаж, Г.Билгүүний хамгаалалт онцгойров

Т.Ууганбаяр төрсөн өдрөөрөө гялалзаж, Г.Билгүүний хамгаалалт онцгойров

Монголын сагсан бөмбөгийн нэгдсэн дээд лигийн плей-оффын тоглолт бүр ширүүн өрсөлдөөнтэй, ордон дүүрэн үзэгчтэй болж байна.


Эрдэнэтийн Уурхайчид 88 – 95 Алдар Танан Гарьд

Цувралын харьцаа – 1:1

Цувралын эхний тоглолтод хожигдсон аваргаа хамгаалагч Алдар Танан Гарьд баг хожигдох эрхгүй тоглолт хийсэн. Гэвч тоглолтын эхлэлийг Эрдэнэтийн Уурхайчид ялимгүй илүү тавьсан. Харин хоёрдугаар үеэс аваргууд тоглолтын хэмнэлээ олж, арав хүртэлх онооны зөрүүг үүсгэсэн. Ялангуяа О.Эрдэнэцогт тоглолтын турш жигд байж, багаа оноо авалтаар тэргүүлэв. Мөн багийн ахлагч О.Ууганбаяр болон Б.Мөнхболд нарын шидэлтүүд, Б.Болдбаатар, Б.Билгүүн нарын самбараас бөмбөг авалтууд багтаа тус болсон.

Алдар Танан Гарьд багийн Калвин Годфри 20 оноо, 15 самбараас бөмбөг авалт, гурван хаалтыг гүйцэтгэжээ.

Харин эсрэг багаас нь Т.Санчир 25 оноо авсан бол Г.Ган-Эрдэнэ 15 оноо тус тус авчээ. Г.Ган-Эрдэнэ эгзэгтэй мөчүүдэд чухал довтолгоонуудаа амжилттай болгож байсан бол Т.Санчир багийн лидер гэдгээ харуулав. Эхний тоглолтын гол баатар Калин Фишер энэхүү тоглолтод ердөө есөн оноо авчээ.

Дөрөвдүгээр үеийн гол баатраар Алдар Танан Гарьд багийн Г.Билгүүн тодорсон. Лигийн хоёр удаагийн шилдэг хамгаалан тоглогч тэрбээр Т.Санчирыг тун сайн хамгаалж, багийнхаа ялалтад үнэтэй хувь нэмэр оруулав. Мөн тоглолтын төгсгөлд онооны зөрүү хоёр байх үед О.Эрдэнэцогтын амжилттай гүйцэтгэсэн алсын зайн шидэлтийг мартаж үл болно.

Тэнүүн Өлзий Металл 89 – 79 МИГ Даатгалын Завхан Brothers

Цувралын харьцаа – 1:1

Нэгдсэн дээд лигийн шинэхэн багуудын тулаан сонирхолтой болсон. Монголын 3х3 үндэсний шигшээ багийн хамтрагчид болох Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Г.Цэнгүүнбаяр нар өрсөлдөгчийн хувиар хоорондоо учраа таарсан. Тоглолтын эхний үеийг Тэнүүн Өлзийн Металл баг тэргүүлсэн бол хоёр болон гуравдугаар үед Завхан "Brothers" илүү гарав.

Завхан "Brothers" багаас Э.Дөлгөөн 19 оноо авч багаа тэргүүлсэн бол Кристофер Блэйк 18 оноо авчээ.  Тэгвэл Тэнүүн Өлзий Металл багаас гурван тоглогч нь 20 болон түүнээс дээш оноо авав. Тодруулбал, багийн ахлагч Д.Дэлгэрням 24 оноо, 16 самбараас бөмбөг авалт, Стив Вутен Жуниор 23 оноо, Т.Ууганбаяр 20 оноо, 12 самбараас бөмбөг авалт, зургаан бөмбөг таслалт гүйцэтгэжээ.

Энэхүү тоглолтын онцлох тоглогчоор Т.Ууганбаяр нэрлэгдсэн бөгөөд өчигдөр төрсөн өдөр нь тохиосон түүний хувьд талбайн бүхий л хэсэгт үр ашигтай тоглолтыг үзүүлж, багтаа хоёр дахь боломжийг үүсгэж байлаа. Мөн З.Энхтөрийн хамгаалалт, Б.Сүхбатын шидэлтүүдийг онцлох нь зүйтэй. Ямартай ч Тэнүүн Өлзий Металл баг дөрөвдүгээр үеийн төгсгөлд оноо илүү гарч, ялалт байгуулж чадсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж