Оросууд Украин руу довтлох вий гэсэн болгоомжлолын улмаас Германы армийн 130 цэрэг, 60 машин бүхий нэмэлт хүч өчигдөр /2022.02.17/ Литвад ирлээ. Украины хямрал нь АНУ тэргүүтэй NATO-гийн холбоог бүс нутгийн зүүн жигүүрийн дагуу байр сууриа бэхжүүлэхэд хүргэсэн учир ийнхүү Германы цэргүүд Литвад ирэв.
Олон жил дайтсан, гал зогсоох хэлэлцээр үе үе зөрчигддөг Киевийн хүчнийхэн болон Оросыг дэмжигч салан тусгаарлагчид өчигдөр өглөө эрт гал нээсэн. Энэ үеэр хүүхдийн цэцэрлэгийн барилга суманд өртжээ. Энэ нь оросууд түрэмгийлэх вий гэсэн барууныхны болгоомжлолыг дахин сэргээв. Гал нээсэн талаарх нарийвчилсан мэдээллийг бүрэн зарлаагүй байгаа ч тус нутагт байнга гардаг гал зогсоох ердийн зөрчлөөс илүү ноцтой хэрэг гарсан гэв. Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Оросыг дэмжигч хүчнийхэн хүүхдийн цэцэрлэгийг буудсан нь "том өдөөн хатгалга" гэжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден “Украины засгийн газрын арми болон Москваг дэмжигч салан тусгаарлагчдын хооронд гал нээсний дараа Оросоос Украин руу довтлохоор зэхэж буй шинж тэмдэг илэрсэн. Тэр дундаа Москва болзошгүй халдлагыг зөвтгөх шалтаг бэлдэж байж мэднэ” гэж хэлжээ. Тэрбээр өнөөдөр Канад, Франц, Герман, Итали, Польш, Румын, Их Британи, Европын холбоо, NATO-гийн удирдагчидтай дипломат уулзалт хийнэ. Хэрвээ Оросын цэргүүд Украин руу довтлохгүй бол ирэх долоо хоногийн сүүлээр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой хямралын талаар хэлэлцэх аж.
Түүнчлэн АНУ-ын Москва дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга Барт Горманыг хөөсөн тухай өчигдөр нийтэд зарласан. Гэхдээ Төрийн департментаас мэдээлж буйгаар Барт Горман өнгөрсөн долоо хоногт Москвагаас явсан гэжээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ