Б.Чойжилжалбуу, Х.Бат-Эрдэнэ нарыг энэ сарын 21-нд шүүнэ

Хуучирсан мэдээ: 2022.02.18-нд нийтлэгдсэн

Б.Чойжилжалбуу, Х.Бат-Эрдэнэ нарыг энэ сарын 21-нд шүүнэ

Б.Чойжилжалбуу, Х.Бат-Эрдэнэ нарыг энэ сарын 21-нд шүүнэ
НЭМЭЛТ:
Хөгжлийн банкны дэд захирал Б.Чойжилжалбуу, "Капитал" банкны захирал А.Ариунболд, "Алтай констракшн" компанийн захирал Х.Бат-Эрдэнэ нарыг шүүх хурал өнөөдөр болж, хэлэлцэх хугацааг хоёрдугаар сарын 21-нийг хүртэл хойшлуулав. Тодруулбал, яллагдагч Б.Чойжилжалбуу нь шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасан бол Х.Бат-Эрдэнийн өмгөөлөгчөөс яллагдагч Х.Бат-Эрдэнийг шүүхийн хэлэлцүүлэгт оролцуулах саналыг хүлээн авч, шүүх хурлын энэ сарын 21-ний өдрийг хүртэл түр хойшлуулсан байна.
Нийслэлийн прокурорын газраас яллагдагч А.Ариунболд, Б.Чойжилжалбуу, Х.Бат-Эрдэнэ нарт “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” саналыг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад, шүүгдэгч А.Ариунболдод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “….гэрчийг дарамталсан …сүрдүүлсэн үндэслэл бүхий …мэдээлэл байгаа” үндэслэлээр 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Харин шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч Б.Чойжилжалбуу нь “шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчтэй оролцох” хүсэлт гаргасныг хүлээн авч, хэлэлцүүлгийг 2022 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн 15 цаг 30 минут хүртэл, яллагдагч Х.Бат-Эрдэнийн өмгөөлөгчөөс “шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч Х.Бат-Эрдэнийг оролцуулах тухай” санал гаргасныг хүлээн авч, хэлэлцүүлгийг 2022 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн 16.00 цаг хүртэл тус тус хойшлуулж шийдвэрлэсэн талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлэв.
Б.БАТБАЯР, Ч.МӨНХБАЯР НАРЫГ САР ХОРИХ ШИЙДВЭР ГАРГАЛАА
НЭМЭЛТ:
Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Б.Баасансайхан:
-Манай үйлчлүүлэгчийг нэг сар хорихоор шийдвэрлэв.Прокурорын шаадлага хууль бус дутуу санал дээр үндэслэж, шийдвэр гаргасан. Бид хуулийн дагуу гомдлоо гаргана. Н.Мөнхбаяр нь 2016-2019 оны хооронд Хөгжлийн банкинд ажиллаж байсан. Авлигатай тэмцэх газраас албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгосон гэдэг үндэслэлээр гурав дахь жилдээ шалгаж байна. Өнөөдөр энэ асуудалд тухайн ажил эрхэлж байсан албан тушаалтнуудын гэмт хэргийг шалгахаас тэрэнд зээл өгсөн гэдгийг шүүмжилсэн нь өрөөсгөл юм. Үндсэн хуульд эцэслэн тогтоож байж гэм буруутай гэж хэлэх нь зүйтэй байх.
Одоо үргэлжлүүлэн Д.Дэлгэрсайхан нарын шүүх хурал болж байна. Мөн эх сурвалжийн мэдээлж байгаагаар өнөөдөр Хөгжлийн банкны дэд захирал Б.Чойжилжалбуу, "Капитал" банкны захирал А.Ариунболд, "Алтай констракшн" компанийн захирал Х.Бат-Эрдэнэ, "НВЦ" компанийн захирал Ц.Баатарбилэг нарыг шүүх гэнэ.
"5 ЖИЛ ХЭРГИЙГ ШАЛГАСАН МӨРТЛӨӨ БАРИМТГҮЙГЭЭР НЭГ САР ХОРИВ"
НЭМЭЛТ:
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаярын өмгөөлөгч П.Одонтунгалаг: 
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9.3.1 зүйл болон 14.9.3.2 зүйлд заасны дагуу гэрчид нөлөөлж болзошгүй гэдэг үндэслэлээр Б.Батбаярыг нэг сар хорих шийдвэр гаргалаа. Таван жил хэргийг шалгасан мөртлөө ямар ч баримтгүйгээр таван минут завсарлаад, нэг сар хорихоор шийдвэрлэсэн нь шударга бус байна. Монгол Улсад шүүхийн байгууллага байгаад яах юм бэ. Хүнийг хорих үндэслэлгүй хорилоо. Мөрөөрөө албан үүргээ гүйцэтгэсний төлөө амь нас, сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирч байна. Б.Батбаярын талаар 2018, 2019 онд өгч байсан гэрчүүдийн мэдүүлэг үндэслэл болгосон гэлээ. Мөн хавтаст хэрэгт авагдсан бусад баримт гээд байгаа. Хүнийг хорих шийдвэр гаргах гэж байгаа бол уг нь нэрлэн заах ёстой.
Гэтэл шүүгч нь 16 хавтастай баримтыг таван минутад завсарлаж, танилцаад прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзлээ. Хүнийг хорьж байгаа бол хуульд заасан үндэслэлээрээ хорь. Гэрчид худал мэдээлэл өгч болзошгүй гэдэг баримтгүй үндэслэлээр хорьж, төрийн байгууллага иргэн хүнийг гүтгэж болохгүй шүү дээ. Нотлох баримт огт алга.
Хуульд зааснаар ерөнхий шүүгч гомдол гаргах эрхтэй. Шүүхийн байгууллага шийдвэрээ гаргаагүй байхад цахим сүлжээнд хорих шийдвэр гаргасан талаар мэдээлж байна шүү дээ. Үнэхээр гомдолтой байна. Гудамжинд явж байгаа хүнийг "Та гэмт хэрэг хийж болзошгүй" гээд шоронд хорихоор болжээ.
Хуулийн байгууллага нийгэмд шударга ёс тогтоох ёстой биз дээ. Гэрээсээ ирээд хэргээ шалгуулж болдоггүй юм бэ. Шүүхэд итгэх итгэл үнэмшил алга.
Одоо үргэлжлүүлэн Н.Мөнхбаяр, Д.Дэлгэрсайхан нарын шүүх хурал болж байна. Шүүхийн шийдвэрээр Б.Батбаярыг хорих анги руу авч явах ёстой ч энгийн жиип машинд суулган авч явжээ.

ХӨГЖЛИЙН БАНКТАЙ ХОЛБООТОЙ ШҮҮХ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ
НЭМЭЛТ:
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаяр:

-Шүүх хурлын шийдвэрээр тодорхой болох байх. Авлигатай тэмцэх газрын шалгалт тав дахь жилдээ үргэлжилж байгаа. Хөгжлийн банкны асуудлаар 2018 онд ажлын хэсэг гарч, ажилласан. Банкны удирдлагаар ажиллаж байх хугацаанд нийт 28 удаагийн шалгалт орсон байдаг. АТГ-ын мөрдөн шалгалтын дүн намайг 2019 онд ажлаа өгөхөд гараагүй. Бусад шалгалтын дүн гарч, 2019 оны тавдугаар сард Засгийн газрын хурлаар хоёр удаа хэлэлцэж, дүгнэлтүүд гаргасан байдаг. Тэр дүгнэлтэд маш олон асуудал байдаг. Засгийн газрын хурлаар орж, холбогдох аудитын тайлан нь Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлсэн. Хөгжлийн банк үүсгэн байгуулагдсан цагаас авхуулаад, тодорхой төслүүдийг хэрэгжүүлж ирсэн. Үүнтэй холбоотойгоор тухайн үеийнхээ эрсдэлийг хангалттай дүгнэж чадаагүй учраас ханшийн болон өндөр хэмжээний алдагдалд орж байсан үе бий. Миний хувьд ажлын хэсэг хурдан дүгнэлтээ гаргаасай гэж бодож байна. 

Хөгжлийн банкны зээлийг үндсэн гурван хэсэгт ангилж байгаа. Нэгдүгээрт, эргэн төлөлтөд хүндрэл учирсан, хоёрдугаарт цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж зээлийн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлт тавьсан, гурав дахь хэсэг нь төслөө амжилттай болгож чадаагүй. Хөгжлийн банк үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш эх үүсвэр болсон тодорхой төслүүдийг хэрэгжүүлж байсан. 2016 онд гэхэд 160 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. 2017, 2018 онд ханшийн эрсдэлүүдийг тооцоолж, ашигтай ажилласан. Тухайн үед чанаргүй зээлийн хэмжээ нэг оронтой тоо хүртэл буурсан. Ажлаа өгснөөс хойш гурван жилийн хугацаанд нийт дөрвөн удаа Хөгжлийн банкны удирдлага солигдсон. Энэ захирлууд мэдээж ТУЗ-тэй байгуулсан гэрээний дагуу ажилласан байх. Гэхдээ үүнээс гадна Хөгжлийн банкыг ашигтай ажиллуулах ёстой. Банк ашигтай ажиллана гэдэг бол орлого сайтай байх, хямд өртөгтэй эх үүсвэр олсон байх, тодорхой хэмжээнд амжилттай хэрэгжих төслийг хэрэгжүүлсэн байх ёстой.

Төслийн амжилттай хэрэгжих нь зээлдэгчийн хариуцлага, гадаад эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч нөхцөлүүдэд өөрчлөлт ордог. 2012 онд үүсгэн байгуулагдсан цагаас хойш хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлүүд гарсан. Тэдгээрийг 2017-2019 онд төлүүлсэн амжилттай жишээ ч бий. Тухайн үед 700-800 тэрбум төгрөгийн зээлийг бид эргүүлж төлүүлж чадсан.

Хөгжлийн банкны хуулиар 60-аас доошгүй хувь нь экспортын зээлийг санхүүжүүлсэн байх ёстой. Гадаад зах зээл рүү бүтээгдэхүүнээ гаргах ёстой. Сүүлийн хоёр жил цар тахлын улмаас ямар төслийн хэрэгжилт саатсан бэ гэдгийг шалгаж, шаардлагатай бол бүтцийн өөрчлөлт хийдэг.

Монгол Улс ч гэсэн хөрөнгө оруулалт татахдаа танилцуулга мэдээлэл хийдэг. Эхлээд банкны бүтцийг өөрчилж, дараа нь шинэ эх үүсвэр авах ажлаа хийдэг. Сүүлийн жил гаруйн хугацаанд шинээр байгуулагдах актив удирдлагын компанийг байгуулж чадаагүйгээс болж асуудал үүсч байна гэж харж байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд өмнө нь Хөгжлийн банкны дэргэд хоёр охин компани байсан.

Нэг нь лизинг, нөгөө нь хөрөнгө оруулалт, менежментийнх. Эдийн засагт нөлөө үзүүлэх томоохон төслүүдийг зээлээр хэрэгжүүлэх нь богино хугацаанд эрсдэлтэй. Яагаад гэхээр манай татаж  байгаа төслийн эх үүсвэр нь голдуу тав хүртэлх жилийн богино хугацаатай. Гэтэл нөгөө төсөл нь хэрэгжиж, үр дүнгээ өгөх нь урт хугацаа шаарддаг. Сүүлийн томоохон төсөл гэвэл газрын тосны үйлдвэр барих төсөл. Үүнд таваас дээш жилийн хугацаа шаардлагатай. Энийг хийхэд шаардлагатай нэг механизм бол хөрөнгө оруулалтын менежментийн компани. Зээлээс гадна хөрөнгө оруулалтын төслүүдийг дуусгах, зээлийн бүтээгдэхүүнээр биш хөрөнгө оруулалтаар явах ёстой байсан. 2019 онд ажлаа өгснөөс хойш энэ компаниудыг татан буулгах ажил эхэлж, томоохон төсөл зогсонги байдалд орсон.

Намайг ажиллаж байхад нийт 20 гаруй компанийн асуудал шүүх дээр явж байсан. Миний тухайд хувь хүнтэй холбоотой асуудлыг шалгаж байгаа. Бусад хууль дүрэм зөрчсөн эсэхийг хурдан тогтоож өгөхийг хүсч байна. 2018 оноос хойш шалгалтын ажил үргэлжилж байна.

Хөгжлийн банк дээр тодорхой төслүүд дээр хэрэгжиж байсан. Нэг жишээ татахад чанаргүй зээл өндөр болсон байхад Төрийн  орон сууцны корпорацийн дутуу орхиосон блокуудыг өөрийн данс дээр бүртгэж авч эдийн засгийн эргэлтэд оруулж байсан. Банкны ТУЗ 70-аас дээш хувийн саналаар асуудлыг шийдвэрлэдэг. Чанаргүй зээлийг бага хэмжээнд байлгахын тулд ажлуудыг хийгээд байсан. Энд дотоодоос гадна гадаадын хүчин зүйл чнөлөөтэй. Зээлдэгчид янз бүрийн нөхцөл байдал хэлдэг. Түүнийг төсөл бүр дээр судалж байж шийдвэр гаргадаг байгаа.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд, эхний шүүх хурлаар түүнд холбогдох хэргийг шүүх юм байна.

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЭКС УДИРДЛАГУУДЫГ ЦАГДАН ХОРИХ ЭСЭХИЙГ ШИЙДНЭ
Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой үе үеийн удирдлагуудыг цагдан хорих эсэх шүүх хурал өнөөдөр /2022.02.18/ Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд болно.  Чанаргүй зээл олгосон асуудлаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, Б.Батбаяр нарыг болон мөн тухайн үеийн ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар болон тэргүүн дэд захирал асан Ч.Энхбат, Д.Дэлгэрсайхан, Б.Батбаяр, Хөгжлийн банкны дэд захирал Ч.Мөнхбаяр нарыг цагдан хорих хүсэлтийг АТГ-аас шүүхэд ирүүлжээ. Тэднийг хорих эсэхийг шийдэх шүүх хуралт өнөөдөр/2022.02.18/ 11:30 болон 13:30 цагт товлогджээ.
Хөгжлийн банк байгуулагдсан цагаасаа эхлэн олгосон зээлүүдээс тодорхой хувь нь чанаргүй, зээлээ эргэн төлөөгүй учраас тус банкнаас өнгөрсөн нэгдүгээр сард 73 компанийг шалгуулахаар АТГ-т хандсан. АТГ тус хүсэлтийн дагуу мөрдөн шалтгалт хийж эхэлсэн билээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж