Үл тоогдсон эрдэнэ гялалзаж, үнэт эрдэнэ үнэлэгдсэнгүй

Хуучирсан мэдээ: 2022.02.18-нд нийтлэгдсэн

Бээжин 2022

Үл тоогдсон эрдэнэ гялалзаж, үнэт эрдэнэ үнэлэгдсэнгүй

Үл тоогдсон эрдэнэ гялалзаж, үнэт эрдэнэ үнэлэгдсэнгүй

Бээжин-2022 өвлийн олимпийн хамгийн өндөр хүлээлттэй, дэлхий нийтийн анхаарлыг татаж байсан эмэгтэйчүүдийн уран гулгалтын ганцаарчилсан төрлийн медальтнууд өчигдөр/2022.02.17/ тодорлоо. Богино үзүүлбэрийн дараагаар Оросын Камила Валиева тэргүүлж эхэлсэн боловч өчигдөр чөлөөт үзүүлбэрийн дараа байдал өөрөөр эргэв.


Олимп, дэлхийн аварга Анна Щербакова  

Олимп эхлэхийн өмнө Оросын гурван охиныг алт, мөнгө, хүрэл медаль хүртэнэ гэж мэргэжилтнүүд, сонирхогчид үзэж байсан. Ялангуяа дэлхийн рекордыг эзэмшигч, Европ, Оросын аварга Камила Валиеваг алтан медаль хүртэнэ гэж олон хүн харж байсан нь лавтай. Тэгвэл дэлхийн аварга Анна Щербакова “Намайг тооцооноос хасч болохгүй шүү” гэдгийг харуулж, хоёр ч гайхалтай дөрвөлсөн үсрэлт гүйцэтгэж, 175.75 оноо авснаар нийлбэр дүнгээрээ алтан медаль хүртэв. Ийнхүү 2021 оны дэлхийн аварга 17 настай Анна Щербакова 2022 оны олимпод түрүүлж, олимп, дэлхийн аварга болсон ах, эгч нарынхаа буухиаг үргэлжлүүллээ.

Алтан медаль хүртсэн Анна Щербакова олимпийн аварга болсондоо итгэхгүй байна гэжээ. Тэрбээр “Хэлэх үг үнэхээр алга. Одоо зөвхөн баяр баясал, тайвшралыг мэдэрч байна. Үзүүлбэрээ дуусгасны дараа талбай дээр бүхнээ гаргасан гэдгээ ойлгосон. Зөв цагтаа, зөв газраа иржээ. Хүн бүр миний юу чаддагийг харсан байх. Магадгүй би зорилгоо биелүүллээ. Үнэхээр баяртай байна. Тэд намайг олимпын аварга гэж хэлэхэд өөртөө ч итгэсэнгүй” гэжээ.

Анна Щербакова эхний богино үзүүлбэртээ 80.20 оноо авч, Камила Валиевагийн араас хоёрдугаарт бичигдэж байсан юм.

Анна Щербакова цааш ярихдаа “Нэг элементээс нөгөө элемент хүртэл би бүрэн төвлөрсөн. Нэг хором ч өөрийгөө тайвшруулаагүй. Эхний хоёр үсрэлт дээрээ их санаа зовж байлаа. Харин амжилттай хийснийхээ дараа үзүүлбэрээ гүйцэтгэчихлээ гэж бодсон” гэв.

Баярлалаа, Камила

Камила Валиева гэх 15 настай энэ охин аваргын сэтгэл зүйтэй гэдгээ дэлхий нийтэд харуулж, асар их дарамт, гадуурхалт дунд үзүүлбэрээ гүйцэтгэж чадлаа. Үзүүлбэр бүрийнхээ дараа нулимс унаган гунигтайгаар талбайг орхихыг нь хараад түүнд хайртай хүн бүр гунигласан байх. Дөнгөж 15 настай, замналынхаа ид үе дээр яваа Камила ганц олимпоор дэндүү их зүйл үзэж, тууллаа. Түүнийг 2026 оны олимпоор харна гэдэг тун ярвигтай. Учир нь Этери Тутберидзе дээр өөрсдийн ээлжээ хүлээж байгаа бол уран гулгалтын тусгай "арми" бий.

Богино үзүүлбэрийн дараагаар бүх тамирчдыг тэргүүлж эхэлсэн Камила Валиева өчигдөр хоёр ч удаа унаж, хэд хэдэн алдаа гаргаснаар 141.93 оноо авч нийлбэр дүнгээр дөрөвдүгээр байрт жагслаа. Дэндүү харамсалтай. Түүнийг харлуулж, муухайгаар харагдуулах гэсэн Америк, Их Британийн хэвлэлүүд ч санасандаа хүрсэн. Бээжин-2022 олимпийн тодоос тод, олноос онцгой нь Камила байлаа.

Энэ спортыг үзэн ядаж байна

Мөнгөн медаль хүртсэн Александра Трусова таамгийн дагуу чөлөөт үзүүлбэр дээр өөрийн брэнд болсон хүнд элементүүдээ гүйцэтгэж, хамгийн өндөр оноог авсан. Гэвч богино үзүүлбэр тааруу оноо авсныхаа горыг амсч, мөнгөн медаль дээр буув. Энэ жил 18 нас хүрэх тэрбээр сүүлийн жилүүдэд үргэлж хоёр дахь тоглогч байсаар ирсэн. Үүнийгээ ч энэ удаа нотлох шиг.

Дүн зарласны дараа Александра Трусова нулимс дуслуулан “Би дахиж хэзээ ч мөсөн дээр гарахгүй. Энэ спортыг үзэн ядаж байна. Амьдралдаа дахиж хэзээ ч гулгахгүй. Энэ бүгдийг үзэн ядаж байна. Ийм байх боломжгүй. Бүгд алтан медальтай. Харин надад алга” гэжээ. Камила Валиева багийн тэмцээнээс алтан медаль хүртсэн бол Анна Щербакова ганцаарчилсан төрлөөс алтан медаль хүртсэн. Харин Александра Трусова мөнгөн медальтай Бээжингийн олимпийг өндөрлүүлж байна.

Наран улсын бахархал

Каори Сакамото хүрэл медаль хүртэж, ард түмнээ баярлууллаа. Энэ жил 22 нас хүрэх тэрбээр аксель, тулуп, лутц гээд элемент бүрээ чадамгай гүйцэтгэсэн. Каори Сакамото медаль хүртсэнийхээ дараа “Эцсийн дүнг хараад гуравт бичигдсэн гэдэгтээ итгээгүй. Амнаас “Би жаргалтай байна” гэх үг л гарч чадахаар байна. Хэцүү өнгөрүүлсэн дөрвөн жилийн минь оргил үе нь энэ жил байлаа. Харамсалтай олон зүйл тохиосон ч хичээл зүтгэл минь талаар болсонгүй. Энэ төрөлд медаль авна гэж төсөөлсөнгүй. Өрсөлдөөн ширүүн байлаа” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
51
ЗөвЗөв
17
ХарамсалтайХарамсалтай
10
БурууБуруу
8
ХахаХаха
8
ХөөрхөнХөөрхөн
7
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж