Тэд аз жаргалыг бүтээж байна

Хуучирсан мэдээ: 2022.02.18-нд нийтлэгдсэн

Тэд аз жаргалыг бүтээж байна

Тэд аз жаргалыг бүтээж байна

Гитар, үкүлэлэ, хийлийн ая энд, тэндээс сонсогдоно. Дуу, хуураас өөр чимээ аниргүй. Зургаан давхар саарал өнгөтэй байшингийн зургаан давхарт гарлаа. Хаалгаар нь орвол өмнө ноот дэлгэсэн хийл хөгжим тоглож буй гурван суралцагч нүдэнд тусав. Тэд хөгжим сурахаар ихэд чармайх аж. Багш тэдэнд хийл хэрхэн тоглож өгөхийг заана. Суралцагчид  1и2и3и4и хэмээн хөгжмийн ритм давтаа харагдана.   Тэр дундаас өөрөөсөө том гитар тоглох, 10 настай хүү "Анх сурахад ёстой хэцүү байсан. Хуруу их өвдөнө, залхуутай санагдаж байсан. Харин одоо сайжирсан. Хөгжмөө сайн сураад "Харанга", "Хурд" шиг гоё рок хамтлаг байгуулна" гэж мөрөөдлөөсөө хуваалцав. Түүн шиг олон хөвгүүн, охин тэнд ирж хөгжим тоглодог.

DGL Хөгжмийн академид 8 настнаас 80 настан хүртэл хөгжим сурах чин хүсэлтэй ирдэг тухай Б.Даваацэрэн багш хэллээ. Хөгшин хүмүүсийн чихний сонсгол залуусыг бодоход муу ч ахмадуудын хувьд үүнд сэтгэл хангалуун байдаг аж.

DGL Хөгжмийн академи  15 мянга гаруй төгсөгчтэй гэнэ. Тус академи хөгжим сонирхогч залуустаа зориулж “Stage room” тайзыг саяхан байгуулжээ. Гитар, төгөлдөр хуур, хийл, морин  хуур саксофон, лимбэ, бөмбөр, үкүлэлэ зэрэг хөгжмийн ангиудтай аж.

Түүнийг Т.Ишцэнд гэдэг. Тус академид элсэн ороод сар гаруй болж байгаа. Хийл тоглож сурахаар тус академийг зорьжээ. Тэрбээр "Энэ оны нэг сараас хийл хөгжмийн сургалтад явж эхэлсэн. Хийл хөгжим надад их сонирхолтой санагдсан учраас сургалтад суухыг аав ээжээсээ гуйсан. Хөгжим тоглож сурахад их тэвчээр шаарддаг. Сургалтдаа явж эхлээд дөнгөж сар болж байна. Удахгүй зөндөө олон ая тоглож сурна. Би том болоод Монгол хэлний багш болно гэж мөрөөддөг. Хийл хөгжмөө гэхдээ орхихгүй. Энэ бол миний хобби" гэв.

Амьд хөгжмийн тоглолт зохиодог ресторан хоолны газар байрлах тоглолтын тайзнаас дутахааргүй “Stage room” тайзыг энэ онд тус академи байгуулжээ. Мэргэжлийн тайзанд ашиглагддаг тоног төхөөрөмж болон бөмбөр, аргил гитар гэх мэт хөгжмийн зэмсгүүд тайзан дээр харагдана. Тайзаа тод өнгөөр тодорхойлжээ. "Шинээр гарч ирж буй залуу хамтлагуудын анхны тайз нь "Stage room" тайз байгаасай" гэж тус академийн хамт олон хүсч байгаа аж.

DGL Хөгжмийн академийн захирал Б. Даваацэрэн:

-"Хөгжим тоглох чин хүсэлтэй, сонирхол нэгтэй залуус өвлийн улиралд уулзаж хамтдаа хөгжим тоглох боломж тэр бүр олдоод байдаггүй. Тэгвэл тус залуус маань хамтдаа хөгжмөө давтаж, нэгнээсээ суралцах боломжтой болж байна. "Stage room" тайз Баасан, Бямба, Ням гарагуудад хөгжимтэй холбоотой кино үзэх, оpen mic үйл ажиллагаанд оролцох, үе үеийн шилдэг гитарчидтай уулзах гэх мэт маш олон  үйл ажиллагаануудад оролцох боломжтой . Нээлт ирэх гуравдугаар сард болно. Тайз засвар бэлтгэл, тохижилтын ажил нь ерөнхийдөө дууссан. Гол нь үнэгүй байх зорилготой. Гэхдээ тайз цэвэрлэгээний хөлс гэх мэт урсгал зардлууд их байгаа тул гишүүнчлэлийн эрх худалдаж авч сар бүрийн үйл ажиллагаануудад оролцох боломжтой. Хараахан үнэ өртгийг тогтоож амжаагүй байна" гэв.

Хөгжимтэй нөхөрлөснөөр хүүхдийн математик сэтгэхүй, сэтгэн бодох чадвар хөгждөг аж. Хөгжмийн боловсролтой хүмүүс өрөвч нинжин, сайхан сэтгэлтэй мөртлөө гаргасан хөдөлмөр шигээ бас хатуу чанга, сэтгэлийн тэнхээтэй байдаг гэнэ.

Сурахад хэзээ ч оройтдоггүй гэдэг. Тэгвэл тус академийн коридороор 40,60 настай суралцагч нар, бяцхан биедээ түүртэхээр хөгжмийн зэмсэг үүрсэн багачууд "Баяртай багшаа, маргааш уулзъя" хэмээн гарч явна. Тун удахгүй хөгжимд хайртай залуусын дуу эгшгээр "Stage room" тайз цангинах бизээ.

Ц.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж