Хуучирсан мэдээ: 2022.02.18-нд нийтлэгдсэн

"Эрдэнэсийн" эзэн

Баянхонгор аймгийн уугуул П.Насанбуян оосны арвин цуглуулгатай. Тэрбээр зоос цуглуулахын зэрэгцээ түүхийг нь давхар судалдаг аж.

 

“Ахад нь гайхуулахаар үнэтэй их зоос байхгүй” гэж даруухнаар хэлэх түүний 20 гаруй жилийн өмнөөс цуглуулсан зоос, цаасан мөнгө нь өдгөө түүхийн гэрч болжээ.

Түүний арвин их цуглуулгад Богд хаант Монгол Улсын үеэс  эхлээд бусад улс орны түүхийн гэрч болсон болсон мөнгөн тэмдэгтүүд бий. Богд хаант Монгол Улсын үеийн гэгдэх 1920-иод оны зоосноос авхуулаад 2002 оны мөнгөн тэмдэгтүүд анхаарал татна.  Мөнгө цахим болж цаасан мөнгө ашиглахаа “больсон” энэ үед түүний  цуглуулгаар аялсан юм.

Монгол Улсын зоосон мөнгөний цуглуулгуудын нэгээхэн хэсгээс. 

П.Насанбуян нэг бүрчлэн цуглуулсан зооснуудаа нямбайлан хавтасласан байх агаад АНУ, ОХУ, Хятад, Энэтхэг, Украйн, Араб зэрэг 170 орны  зоос өдгөө тухайн улсын түүхийг ч бас мөнхөлжээ. Зэс, гууль, мөнгө, никель гэх мэт мөнгөн тэмдэгт бүр тухайн улсын соёл, онцлог, түүхийг илэрхийлэх аж. Жишээ нь хутга шиг хэлбэртэй хятадын зоос, Энэтхэгийн 1900-аад оны үеийн дөрвөлжин зоос зэрэг анхаарал татна. Монголын зоосон мөнгөн тэмдэгт сүлд, Гандантэгчинлэн хийд  болон Засгийн газрын ордныг дүрсэлсэн байх аж.

 Тэрбээр 20 гаруй жилийн өмнө буюу 2000 оны үед анх 20 гаруй ширхэг зоосноос цуглуулгаа эхэлж байсан бол өдгөө 200 орчим ширхэг болжээ. Тухайн үед хүн бүр гар утасгүй, сошиал хөгжөөгүй байхад шашны төв, зах худалдааны төвүүдээр зоос хайж, цуглуулгаа нэмдэг байсан үетэй харьцуулахад одоо цуглуулагчид клуб байгуулж, цугладаг болсон гэнэ.

Энэ тухай хэлэхдээ “Намайг анх зоос цуглуулж эхлэхэд өнөөдрийнх шиг нээлттэй байгаагүй, клуб ч гэж мэддэггүй байлаа. Танилаараа дамжуулж бас зах худалдааны төвүүдээр явсны эцэст  хайсан зоосоо олох нь ховор. Гэр бүлийнхэн, найз нөхөд гадагшаа явахаараа тухайн улсын зоос өгч цуглуулгад нэмэрлэдэг байсан. Заримдаа зоос олдохгүй ч үе бий. Хайрцагт зооснууд маань дүүрэхийг хараад надтай адил гэр бүлийнхэн маань ч баярладаг. Одоо бол зоос цуглуулагчид клуб байгуулж уулзаж, сонирхсон өөрт байхгүй зооснуудаа солилцож зарах, фэйсбүүк групп хүртэл нээлттэй болсон. Гэхдээ зоос цуглуулдаг хүмүүс тийм ч их байдаггүй” гэлээ.

Монгол Улсын цаасан мөнгөн тэмдэгт ОХУ-ын рубльтэй ижил загвартай байв. Д.Насанбуянд 1955-1981 оны хоорон дахь Монголын цаасан мөнгөн тэмдэгтүүд байв. 

Түүний хувьд зоостой нөхөрлөсөн түүх бага наснаас нь эхэлнэ. Баянхонгор аймгийн гурванбулаг суманд хүүхэд насаа өнгөрүүлжээ. 1980-аад оны үед аав нь агентад ажиллуулдаг  байхад  тухайн үедээ гүйлгээнд хэрэглэдэг байсан зооснуудыг цуглуулж төв банкинд тушаадаг байсан дурсамж сэтгэлд нь тодхон үлджээ. Энэ үед Д.Нямсамбуу арван орчим насны хүү байсан бөгөөд зоосыг хэрэглээ талаас л харж ойлгодог байсан гэх. 20 нас  хүрч, үеийн найзууд нь адуу сонирхож, бөх барилдах хоббитой байхад тэрбээр тогтсон ажилтай болохоор Улаанбаатарыг зорьж байв. Энэ үеэс л түүний цуглуулга эхэлж хоббигоо болгосон аж.

Энэ тухай хэлэхдээ “Хүн хоббитой байх сайхан. Өөрт ч кайфтай. Мэдээж зоос олдохгүй  үе ч  байсан. Гэхдээ би шантарч бас орхиж байгаагүй. Аль болох цуглуулгаа арвижуулах юмсан, ганц зоос олох юмсан гэж боддог. Ажлын өдрүүдэд завгүй учраас бүтэн сайнд амардаг өдрөөрөө л хоббигоо хөгжүүлэхэд цаг, мөнгөө зарцуулдаг. Зоосны тухайд он болоод орцоосоо шалтгаалаад үнэ харилцан адилгүй. Заримдаа 10 мянгаар зоос авч байхад бас нэг ширхэг нь 100 мянган төгрөг хүртэл бий. Магадгүй түүнээс ч илүү өндөр үнэтэй зооснууд ч байгаа. Эрж хайсан зоосондоо мөнгө харамлахгүй. Сонирхол нэгтэй, цуглуулгатай хүмүүсийг харахад тухайн орны гүйлгээнд хэрэглэсэн сетээр нь цуглуулахыг зорьдог. Миний хувьд ч бас сет цуглуулах сонирхолтой ч аль болох түүхэн зоос цуглуулахыг хичээдэг. Ер нь хоббитой байхад нас бол хамаагүй. Залуус ч бас өөрийн гэсэн сонирхол, хоббидоо цаг гаргаж байгаасай. Миний харж байхад цахим орчинд илүү их цаг өнгөрүүлдэг, амьд харилцаагүй болсон юм болов уу л гэж боддог” гэсэн юм.

Зоос нь зэс, мөнгө, гууль, никель, алт зэрэг орцноосоо хамаарч үнийн хувьд харилцан адилгүй. Бас эртнийх байх тусам илүү үнэ цэнтэй аж. 

Зоос цуглуулагч, сонирхогчдын группээс харж байхад зоос зарах хүн цөөнгүй. Дийлэнх нь “яаралтай мөнгөний хэрэг гарлаа” гэх. Энэ тухай Д.Нямсамбуу “Хүмүүсийн зоосыг харахад надад байхгүй нь ч бий. Гэхдээ өөрийн хөдөлмөр шингээсэн зоосны цуглуулгаа зарж  байгааг харахад надад харамсалтай санагддаг. Уг нь сэтгэл, хөдөлмөр шингээсэн цуглуулгаа хэчнээн мөнгөний хэрэгцээ гарсан ч зарах бус илүү арвижуулаасай гэж боддог. Би ч бас зоосны цуглуулгаа мөнгөөр үнэлж үзээгүй, зарах тухай бодол ч байдаггүй. Хэчнээн өндөр үнэ санал болгосон ч зарах сонирхол байхгүй” гэв. Тэрбээр өөрийн цуглуулгадаа маш харам. Учир нь үрэгдэж гээгдэх вий болгоомжилдог учраас тэр гэнэ.  Мөнгө цахим болж хүмүүс цаасан мөнгө ашиглах нь ховордож байгаа нь цаашид цаасан мөнгө ч бас зоостой адил үнэ цэнтэй, илүү ховор болохыг үгүйсгэхгүй гэдгийг тэрбээр ярианы төгсгөлдөө хэлсэн билээ.

Цаас болон зоосон мөнгөний цуглуулгуудын хэсгээс…

Зоосон мөнгөний тухайд, Монгол Улс 1925, 1937, 1945 онд Зөвлөлт Холбоот Улсад, 1959 онд Хятад улсад хэвлүүлж гүйлгээнд гаргаж байв. 1925 онд 10, 15, 20, 50 мөнгөний зоос гарч байсан бол 1937 онд 10, 15, 20 мөнгөний зоосыг цэвэр цагаан мөнгөөр цутгаж гүйлгээнд гаргасан түүхтэй. 1959 онд 1, 2, 5 мөнгөний голдоо нүхтэй зоосыг хөнгөн цагаанаар хийлгэж нэвтрүүлж байж. 1970 оноос хойш нэг төгрөгийн зоосыг Маркс, Сүхбаатарын хөрөгтэйгөөр, Соёмбо, Сансрын бэлгэ тэмдэг зэрэг найман  төрлийн зураг дүрстэйгээр хэвлэж гаргажээ. Мөн БНМАУ тунхагласны 50 жилийн ойд зориулан цагаан мөнгөн зоос, Улсын банк байгуулагдсаны 50 жилийн ойгоор 10 төгрөгийн зоосон мөнгө, 1996 онд 20, 50, Жанрайсиг сүмийн зурагтай 100 төгрөгийн зоос, Засгийн газрын ордны дүрстэй 200 төгрөгийн зоосон мөнгө, 2001 онд Ардын хувьсгалын 81 жилийн ойгоор Д.Сүхбаатарын хөрөгтэй 500 төгрөгийн зоосон мөнгийг тус тус гаргаж байсан. Эдүгээ зоосон мөнгийг гүйлгээнээс хассан бөгөөд тусгай нөхцөл байдалд дурсгалын зоосыг цөөн тоогоор бүтээлгэдэг. Монгол банк  12 жилийн дурсгалын зоосны цувралыг 2020 онд “Хулгана жил” дурсгалын мөнгөн зоосоор эхлүүлж,  2021 онд “Үхэр жил” дурсгалын мөнгөн зоосыг худалдаанд гаргаж байв. Тус банкны Эрдэнэсийн сангаас XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилд зориулан “Бар жил” 1 унцын 999 сорьцтой мөнгөн зоосыг худалдаан гаргасан юм.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж