Д.Цогт: Аавыг их сургуулиа төгсөхийг хүлээж байгаад Арсланд тоглуулсан

Хуучирсан мэдээ: 2022.02.18-нд нийтлэгдсэн

Д.Цогт: Аавыг их сургуулиа төгсөхийг хүлээж байгаад Арсланд тоглуулсан

Д.Цогт: Аавыг их сургуулиа төгсөхийг хүлээж байгаад Арсланд тоглуулсан

Ард түмний сэтгэлд “Говийн зэрэглээ” киноны Арслангийн дүрээрээ хоногшсон жүжигчин, Монголын нэрт найруулагч Гүрсэдийн Доржсамбууг энэ удаагийн “Мартагдашгүй танил” буландаа онцолж байна. Тэрээр 1966 онд Улсын драмын театрт анх дагалдан жүжигчнээр орж, тэндээсээ Киевийн Театр урлагийн их сургуульд суралцан, театртаа эргэн ирж олон арван дүр бүтээсэн авьяаслаг уран бүтээлч.

Тэрээр шог зургийн мастер А.Гүрсэдийн өргөмөл хүү байсан бөгөөд дэлгэцэнд бүтээсэн анхны дүр нь “Тунгалаг Тамир” кинонд үзэгдээд өнгөрдөг танхай ламын жижигхэн дүр байсан тухай олон сайхан дурсамж яриаг түүний бага хүү Цогттой өрнүүллээ. Г.Доржсамбуу агсны хоёр хүү өдгөө аавынхаа уран бүтээлийн залгамж халааг үргэлжлүүлэн, найруулагч мэргэжлээр ажиллаж байгаа билээ. Д.Цогтын хувьд хүүхэлдэйн киноны зураач, телевиз, киноны найруулагч мэргэжилтэй юм.


Г.Доржсамбуу агсныг “Говийн зэрэглээ” киноны Арслангийн дүрээр ард түмэн мэднэ. Энэ хүний үр хүүхдүүд одоо хаана, хэрхэн ажиллаж, амьдарч байна вэ?

-Намайг Д.Цогт гэдэг. Бид эцэг, эхээс гурвуулаа. Би дээрээ эгч, ахтай, айлын бага хүү. Эгч маань Д.Сувд гээд Герман улсад ажиллаж, амьдардаг. Сэтгүүлч мэргэжилтэй ч одоо тэндээ орон нутгийн захиргааны албанд ажиллаж байна. Ах маань Д.Амар гээд театрын найруулагч мэргэжилтэй. Одоо хувийн продакшин ажиллуулдаг.

Миний хувьд телевизийн найруулагч, зураач мэргэжилтэй. Би “NTV” телевизийг байгуулагдсан цагаас нь ажиллаж, саяхан ажлаасаа гарсан. Одоо хувийн бизнес хийхийн хажуугаар уран бүтээлээ хийх төлөвлөгөөтэй байна. Бас шог зургаа сэргээн зурж сууна.

-Шог зураг гэснээс танай өвөө шог зургийн мастер хүн байсан. Өвөөгийн авьяас байна уу даа?

-Тийм ээ. Манай өвөө БНМАУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн Арнайн Гүрсэд гээд шог зураач хүн байсан. “Тоншуул” сэтгүүлийн ахмад партизануудын нэг. Манай аав энэ хүний өргөмөл хүү нь юм. Аавын маань төрсөн аав нь н.Жамъяан гээд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харъяат лам хүн байсан гэдэг. Өвөө зураач хүн байсан болохоор аав маань багадаа Хөгжим бүжгийн дүрслэх урлагийн ангид сурч байсан юм билээ. Гэхдээ аав зураач мэргэжлээрээ төгсөөгүй л дээ. Жүжигчин болох сонирхолтой. Ер нь аав их гоё зурна. Өвөө маань намайг нэгдүгээр ангид байхад бурхан болсон юм. Аав намайг зураач болгох гэж их дэмжинэ. Би чинь багаасаа Хүүхдийн ордны зургийн дугуйланд явдаг байлаа.

Тэр үед театрын зураачийн анги 3-4 жилд нэг удаа элсэлт авдаг байлаа. Намайг наймдугаар ангиа төгсдөг жил нь элсэлт аваагүй юм. Тэгсэн “Боролдой” студийн захирал С.Мягмар ах хүүхэлдэйн киноны зураачийн туршилтын ангийг анх нээж, зураач мэргэжлээр Дүрслэх урлагийн дунд сургуулийг төгссөн. Хүүхэлдэйн киноны зураач гэхээр илүү дэлгэцийн урлаг тал руугаа “Боролдой” студи тэр үед МҮОНРТ-ийн дэргэд байлаа. “Барын бамбар” гэх мэт олон хүүхэлдэйн кино хийсэн л дээ. Сүүлдээ эдийн засаг ч болохгүй хүүхэлдэйн кино бүтээхэд зардал ихтэй. Би чинь цаашаагаа халтирч, СУИС-ийн телевиз, киноны найруулагч мэргэжлээр суралцсан. Тэгээд л зураач мэргэжил маань хоёр дахь мэргэжил минь болсон. Хааяа нэг зураг зурдаг л байсан. Одоо л зургаа сэргээж байна.

"ААВЫГ ИХ СУРГУУЛИА ТӨГСӨХИЙГ ХҮЛЭЭЖ БАЙГААД АРСЛАНГИЙН ДҮРД ТОГЛУУЛСАН"

-Гэрийн хойморт өлгөөтэй аавынх нь хөрөг зураг нүдэнд туслаа. Та өөрөө зурсан уу?

-Энэ зургийг усан будгийн мастер Д.Батнасан ах зурсан юм. Уг нь аавын 70 насны ойн номны нүүрэнд зориулж зуруулсан юм. Тэгээд би өөрөө номын нүүр зургаа зурсан. Мэргэжлийн зураачид аавын энэ хөрөг зургийг маш сайн зурсан гэдэг юм.

Зураач Д.Батнасангийн бүтээл

-Аавынх нь дэлгэцийн анхны дүр “Тунгалаг тамир” киноны туслах дүр гэдэг. Хүмүүс тэр бүр сайн мэддэггүй шүү дээ?

-Аав маань “Тунгалаг тамир” уран сайхны киноны залуу ламын дүрд анх тоглосон байдаг. Тэр кинонд Б.Бадар-Ууган агсан Цахиур төмөрт шидүүлдэг ламын дүрд анх тоглосон бол Ж.Сэлэнгэсүрэн найруулагч бас жижиг хэсэгт, Н.Нямдаваа найруулагч Хонгорын дүрд тоглосон. Тухайн үеийн найруулагчдын уран бүтээлийн гараа “Тунгалаг тамир” киноноос эхлэлтэй. Тэр үед аав Драмын театрт дагалдан жүжигчин байсан юм. Дараа нь Киевт хот руу Театр урлагийн дээд сургуульд суралцахаар явсан. Тэгээд л найруулагч болсон доо.

Дундговь Хулд сумын холбооны намхан цагаан байшин /"Говийн зэрэглээ" киноны зураг авалт хийсэн/

Харин дэлгэцийн анхны гол дүр нь “Говийн зэрэглээ” киноны Арслан. Аавыг хойно сурч байхад Р.Доржпалам, Б.Балжинням багш хоёр “Говийн зэрэглээ” киног хийх гээд Арслангийн дүрд аавыг заавал тоглуулах гээд төгсч  иртэл нь хүлээсэн гэдэг. Аав 1980 онд их сургуулиа төгссөн. Тэр үед одоогийнх шиг гар утас байхгүй шүү дээ. Өөрт нь хэлэхгүйгээр хүлээж байсан чинь аав сургуулиа төгсчихөөд нэг сар гаруй найз нөхөдтэйгөө наргиж, зугаалаад ирдэггүй. Тэгээд Р.Доржпалам найруулагч  “Арсланд өөр нөхөр олъё. Хамаг ажил будаа боллоо” гэсэн чинь киноны зохиолч Б.Балжинням  “Энэ дүрд заавал Г.Доржсамбууг тоглуулна” гээд хүлээсэн гэдэг. Найруулагч анхнаасаа л дүрээ харчихсан байсан юм билээ. Тэгээд аав Киевээс ирж, онгоцноос буугаад л шууд өмссөн хувцастай нь Дундговь руу аваад явсан тухай ярьдаг. Тухайн үед том биетэй хүнд дээл хувцас, гутал нь таарахгүй хөдөө очиж хайгаад, бөөн юм болж байсан гэдэг.

Зураач Б.Хосбаярын бүтээл

-“Говийн зэрэглээ” киноны уран бүтээлчдэд хачин жигтэй явдал тохиолдсон гэж ярьдаг. Энэ тухай аав нь ярьдаг байсан уу?

-Одоо тэр киноноос амьд сэрүүн байгаа цөөн уран бүтээлчээс асуухад “Тийм зүйл болоогүй” гэдэг. Ардын жүжигчин Д.Гүрсэд ах ч “Хэрвээ тийм зүйл болсон бол би хамт явах байсан” гэдэг. Дараа нь бид Дундговь аймгийн Хулд суманд очиж дурсгалын самбар босгоход тухайн үед киноны зураг авалтад явж байсан настай жолооч ах  “Тэр үед кино үйлдвэрээс нэг “УАЗ-469 машин, аймгаас хоёр машин явсан. Тэр үед надтай лав тийм зүйл тохиолдоогүй” гэж ярьдаг гэсэн. Би өөрөө уулзаж байгаагүй. Хүмүүс нэмж хачирлаад л үлгэр домог шиг юм ярьж ирсэн. Аав тийм явдал болсон бол ээжид болон найз нөхөддөө бас хэлнэ шүү дээ.

"Мөнгөн буйл" киноны натур 1985 он.

-Та үе дамжсан урлагийн гэр бүлд төрсөн хүн. Хүүхэд байхдаа аавыгаа дагаж хөдөө натурт хэр явдаг байв?

-Бага байхад манай гэрээр жүжигчид их орж, гарна. Тэр дунд Гавьяат жүжигчин С.Дамдин, Ж.Цэвээнравдан, Д.Сосорбарам Ч.Алтан-Өлзий, Ж.Дорлигжав гээд олон сайхан уран бүтээлч ирнэ. Аавтай нийлж ганц юм задалж, уран бүтээлээ ярина. Хүүхэд байсан болохоор яриаг нь сонсч өссөн. Бид хичээлийн амралтаараа аавыг их дагаж явдаг байсан. Би “Мөнгөн буйл”, “Уул усны үр сад” гээд кинонд хамт явж байсан.

Тэр үед зам их муу. Уран бүтээлчид олуулаа “УАЗ-469” машинд суугаад, хөдөөд хоёр, гурван хоногоор явж, очно. Би жолоочийн арааны дэргэд жижиг модон сандал дээр суугаад л явна. Залуу жүжигчид нь машины хонины хонхорт явна. Жүжигчид замын турш хөгжилтэй юм их ярина. Хөдөө очихоор аавыг хүмүүс их хүндэлж угтдаг. Киноны натур дээр нутгийнхан нь ирээд тусалж дэмжинэ. Аав зураг авалтгүй үедээ загас барих хоббитой. Намайг дагуулаад загасанд явна.

Гэр бүлийн хамт 1990 он

"ЭЭЖ МИНЬ АРЫН ХААЛГААР "УУЛ УСНЫ ҮР САД" КИНОНД ТОГЛУУЛЖ БАЙЛАА"

-Аавыгаа дагаж яваад кинонд тоглож байв уу?

-Н.Нямдаваа найруулагч аавын сайн найз байсан. Тэгээд “Уул усны үр сад” кино хийхэд нь манай ээж л “арын хаалгадаж” намайг гол дүрд тоглуулна гэсэн юм билээ. Тэр үед би тавдугаар ангид сурдаг байсан. Гэртээ хоёулаа бэлтгэл хийгээд очсон чинь би гэдийгээд юм ярьж өгдөггүй. Тэгээд ээж ядаж туслах дүрд тоглуулна гэсээр байгаад Д.Сосорбарам ахын хүүгийн дүрд тоглуулсан. Тэр кинонд аав амралтын журмаар явсан юм шиг байна лээ.

Тэр киноны зураг авалт эхнээс нь дуустал хамт байсан. Тэгээд намар хичээл орох дөхөж байхад Эрдэнэтэд “Амьдралын нахиа” киноны зураг авалт болж, аав цаашаа найзуудтайгаа яваад намайг хот руу Ардын жүжигчин С.Сарантуа эгчтэй вагоноор явуулж байлаа. Бид гурав  өвөө эмээ дээрээ өссөн. Аав, ээж маань урлагийн хүмүүс болохоор цаг наргүй ажилтай. Эсвэл хөдөө натурт явчихна. Манай эмээ намайг их эрхлүүлнэ. Аав байхгүйд хэрэг тарина. Аав ах бид хоёрыг хэрэг хийвэл жижиг өрөөнд оруулж байгаад суран бүсээр ороолгоно. Тэр үеийн хүмүүжил тийм байж.

Драмын театрын зураач Б.Төмөрхуягтай хамт

-Г.Доржсамбуу найруулагч сүүлд ямар бүтээл дээр ажилласан бэ?

-Манай аав сүүлд 1993 онд “Монголын гурван өдөр” инээдмийн уран сайхны кино найруулсан. Тэрэлжид зураг авалтыг нь хийсэн. Би 1993 онд дүрслэх урлагийн дунд сургуулиа улаан дипломтой, сайшаалтай онц төгсч, таван мянган төгрөгөөр шагнуулсан. Тэгээд шууд натурт аав дээр очоод “Би их сургуулиа төгслөө” гэсэн чинь “Одоо ажилдаа ор” гээд киноны туслах зураачаар ажиллуулсан.

Тэр кинонд Д.Сосорбарам, Ч.Алтан-Өлзий, Ж.Дорлигжав, Б.Батзаяа ах гээд мундаг жүжигчид тоглосон. Хальсаар хийсэн кино л доо. Тэр жилдээ Монголын оны шилдэг кинонуудыг анх удаа шалгаруулдаг болж, аавын “Монголын гурван өдөр”, Б.Мөнхдорж найруулагчийн “Өдрийн одын зүгт”, Л.Эрдэнэбулган гуайн “Учиртай гурван толгой” дуурь эхний гурван байрыг авсан байдаг.

"ААВ ШАРАНДАА "НОРА" СОНГОДОГ ЖҮЖГИЙГ  НАЙРУУЛСАН"

-Ер нь найруулагчийн хувьд инээдмийн төрөл жанраар тайз, дэлгэцийн бүтээл хийдэг байж. Үүний нэг нь “Найрын ширээний ууц” жүжиг шүү дээ?

-Ер нь найруулагч хүнд өөрийн төрөл жанр гэж байдаг шүү дээ. Аав анх их сургуулиа төгсч ирээд хийсэн бүтээлүүд нь нийгэм рүү чиглэсэн жүжгүүд хийдэг байсан. Харин “Найрын ширээний ууц” бол инээдмийн жүжиг. Энэ жүжиг Монголын театрын түүхэнд хамгийн олон тоглогдсон жүжиг гэдэг. Нарийн тоог нь сайн санахгүй байна. 4000 удаа бил үү. Тэгээд өөрөө их алиа хошин зан характертай хүн л дээ.

Аавыг инээдмийн жүжиг тавихаас сонгодог жүжиг найруулж чадахгүй гэдэг яриа гарсан юм билээ. Тэгээд аав шарандаа “Нора” сонгодог жүжгийг найруулсан гэдэг. Ер нь аав найруулагчийнхаа хувьд бүх жанраар театрт ажилласан. Сүүлд зохиолч Ш.Цэнд-Аюуш гуайтай нийлж инээдмийн кино хийх гэж байсан ч амжаагүй юм билээ.

Г.Доржсамбуу агсан гэргийг Ц.Цолмонгийн хамт 1972 он.

-Ээж нь бас уран бүтээлч хүн байсан. Аав, ээж нь анх хэрхэн танилцсан түүхээс хуваалцахгүй юу?

-Манай нагац өвөө Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Цэнд-Очир гэж зохиолч хүн байсан. Аав, ээж маань хоёулаа урлагийн гэр бүлээс гаралтай. Тэд анх театр дээр л танилцсан түүхтэй. Аав театрт дагалдан жүжигчин байхад ээж Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангийн оюутан байлаа. Оюутнууд театр дээр очиж, дадлага хийж, хичээл орно. Тэр үед аав ээжийг олж хараад, гэрийнх нь утсыг авч, танилцсан тухайгаа ярьдаг байж билээ.

Манай ээж 1972 онд их сургуулиа төгсч, зах зээлийн нийгэм хүртэл Улсын хүүхэд, залуучуудын театрт жүжигчнээр тасралтгүй ажилласан. Ер нь театрынхаа бүхий л жүжгийн гол дүрд нь тоглодог байсан.

Тодруулбал, "Хайрыг хайрла", "Гэгээ" болон олон хүүхдийн жүжгүүд бий. Тэр дундаас "Гэгээ” жүжгийн сохор эхийн дүрээрээ 1980-аад онд Соёлын яамны "Шилдэг жүжигчин" шагнал хүртсэн. Мөн “Сэтгэлд харвасан туяа” жүжгийн гол дүрээр яамны шагнал хоёр удаа авч байсан. Ээж театрынхаа жүжгийн гол дүрд тоглодог байсан учраас киноны санал ирэхээр тэр бүр тоглож амждаггүй байсан. Тийм болохоор дэлгэцэнд бүтээсэн дүр цөөн. Ээж "Мөнгөн буйл", "Хэцүү даалгавар", "Нарны унага" кинонд тоглосон байдаг.

Жүжигчин С.Болд-Эрдэнэ "Арслан" шагнал гардаж буй мөч 2019 он

-Г.Доржсамбуу агсны 70 насны ойд зориулсан “Тэнгэр мэднэ” дурсамж, хүндэтгэлийн тоглолт болон театрын шилдэг уран бүтээлчдэд олгодог “Арслан” цомын эздийг 2019 онд шалгаруулсан. Аавынхаа нэрэмжит шагналыг үргэлжлүүлэн олгох уу?

-Тэгсэн 2019 онд театрын шилдэг уран бүтээлчийг шагнасан. Шилдэг найруулагчийн шагналыг бүхий л найруулагч авчихлаа шүү дээ. Магадгүй тав, 10 жилийн дараа шалгаруулах байх. 2019 онд С.Болд-Эрдэнэ шилдэг эрэгтэй, Ж.Оюундарь эмэгтэй жүжигчин гэх мэт есөн уран бүтээлчийг шагнасан. Манай аав 46 настайдаа бурхан болсон ч их ажил хийсэн жүжигчин найруулагч багш дарга гээд олон ажил давхар хийдэг байсан.

Би ахтайгаа 2000 онд Ш.Цэнд-Аюуш гуайн зохиол “Тэнэгүүдийн орон” гээд киног хийсэн. Кинонд Монголд Барон Унгерны алтны хойноос ирж буй гадаад эмэгтэй адуучин залууд сэтгэлтэй болж, үлдэхээр болж байгаа тухай гардаг. Энэ кинонд Ардын жүжигчин А.Очирбат агсан У.Батбаатар ах тоглосон.

Тухайн үед кино театруудаар гарахад үзэгчид “Тэнэгүүдийн орон” нэрнээс нь эхлэн шүүмжилж байсан. Гэхдээ тэр киног ашиг олох гэж хийгээгүй. Хааяа үзэхэд сонин л байдаг юм. Би дараа нь 2011 онд "Нэг хоёрын гурваа" киноноос гадна "Бид дөрвийн хайр", "Тоглоомын хайр", "Ус дээшээ урсдаг" олон ангит кино хийсэн. Цаашдаа монгол ахуйтай арилжааны бус кино хийх бодол байгаа ч нэг их яарахгүй байна.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж