ХЭҮК-т нэр дэвшигчид эрүүдэн шүүлтийн талаар юу хэлэв?

Хуучирсан мэдээ: 2022.02.18-нд нийтлэгдсэн

ХЭҮК-т нэр дэвшигчид эрүүдэн шүүлтийн талаар юу хэлэв?

Хүний эрхийн Үндэсний Комиссын /ХЭҮК/ гишүүнд нэр дэвшигч Т.Саруул, С.Дондов, тус Комиссын Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан гишүүнд нэр дэвшигч Я.Цэлмэн, Б.Өнөрмаа, Ч.Отгончулуун нартай хийх томилгооны сонсголыг өчигдөр /2022.02.17/болсон. Ажлын хэсэг нууц санал хураалтаар нэр дэвшигчийг тодруулах бөгөөд Хууль зүйн байнгын хороонд танилцуулна. Ингээд нэр дэвшигчдийн хэлсэн үгээс онцлох хэсгүүдийг танилцуулгын хамт хүргэе.


"ЭРҮҮДЭН ШҮҮЛТИЙГ ИЛРҮҮЛЭХИЙН ТУЛД  УРАМШУУЛЛЫН СИСТЕМИЙГ ЗАРЛАНА"

ХЭҮК-ын эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан гишүүнд нэр дэвшигч Ч.Отгончулууны хувьд эрүү шүүлтийн хэргийг илрүүлж шалгах ажиллагаа  нууцлагдмал байдалд байдаг учраас илэрдэггүй гэдгийг онцолж байв. Эрүү шүүлттэй холбоотой гомдол мэдээлэл их боловч илрүүлэн шийдвэрлэгдсэн хэрэг нь сүүлийн таван жилийн хугацаанд 6-7 байна. Энэ нь мэдээж хангалтгүй тоо. Тиймээс Ч.Отгончулуун ХЭҮК-ын эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан гишүүнээр сонгогдвол эрүү шүүлттэй холбоотой гэмт хэргийг илрүүлэхийн тулд мэдээллийг нууцалж авч урамшууллын системийг зарлана гэв. Ялангуяа цагдан хорих ангиудад байгаа эмч болон бусад ажилтнууд хоригдож буй хүмүүсээс мэдээллийг нь нууцалж аваад тухайн газраас хөдөлшгүй нотлох баримт цуглуулж чадвал маш өндөр үр дүнд хүрнэ гэж үзжээ. 

Тэрбээр “2008 оны долдугаар сарын 1-нд УИХ-ын сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас жагсаал цуглаан нийтийг хамарсан эмх замбараагүй байдалд хүргэсэн. Тухайн үед би ХЭҮК-т гомдол хариуцсан ахлах референтээр ажиллаж байсан. 1000 гаруй хүнийг хорих руу аваачиж, хорьж, зодож, байцаалт авсан. Уух ус өгөхгүй, бие засах боломжоор хангахгүй маш олон хүнийг жижиг умгар өрөөнд хорьсон байсан. Долдугаар сарын 1-нд болсон үймээн самуунд цагдаагийн байгууллага бэлтгэлгүй байсан. Иргэдэд хүч хэрэглэсэн. Прокурорын яллах дүгнэлтүүдийг ажиглахад нэрийг нь солиод, зүйлчлэл нь бүгд ижилхэн байсан. Ер нь нийтийн зааланд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах нь зөв. Ингэснээр эрүүдэн шүүлт багасна” гэв.

БОЛОВСРОЛ:

  • 1997-2001 МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн.
  • 2002-2004 Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежер,
  • 2004-2006 Удирдлагын академид Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан,
  • 2010 онд Удирдлагын академид докторантаар суралцсан,
  • 2002-2004 онд Хүнс,  хөдөө аж ахуйн яамны Улсын нөөцийн газарт мэргэжилтэн, Өр барагдуулах албаны дарга,
  • 2004-2007 онд Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөцийн газарт мэргэжилтэн, Өр барагдуулах албаны дарга,
  • 2009-2012 онд Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын албанд ахлах референт,
  • 2012 онд Газрын харилцаа, барилга, геодези зураг зүйн газарт хэлтсийн дарга,
  • 2012-2016 онд Барилга, хот байгуулалтын яамны харьяа Барилгын хөгжлийн төвийн дэд захирал,
  • 2017-2019 онд Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газарт хэлтсийн дарга, Өр барагдуулах албаны даргаар ажилласан байна.

"МЭДҮҮЛЭГ АВАХ ПРОЦЕССЫГ ДУУ ХУРААГУУРТ БИЧИХ БОЛОМЖИЙГ СУДАЛНА"

ХЭҮК-ын эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан гишүүнд нэр дэвшигч Б.Өнөрмаа “ХЭҮК-ын эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан гишүүнд нэр дэвшихээр өргөдлөө өгөхдөө би олон зүйлийн талаар бодсон. Хэрэв сонгогдоод очоод ажиллавал хамгийн эхэнд хууль тогтоомжийн бүтэц буюу хууль хэрэглээн дээр асуудлыг гаргаж тавина. Хоёрдугаарт, төрийн албан хаагчийн оролцоогүйгээр өөрсдөөс нь үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас эрүү шүүлт үүсээд байна. Тухайлбал, цагдаагийн байгууллагын  саатуулах байранд хүн саатуулж болохгүй гээд мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан.

Гэтэл Булган, Архангай, Баян-Өлгий, Орхон, Сэлэнгэ, Өвөрхангай аймгууд саатуулах байргүй учраас нөхцөл шаардлага хангаагүй хонгилд хүнийг байцааж байгаа нь хүний эрхийн зөрчил. Эрүүдэн шүүх гэмт хэргийн нэг том хэлбэр нь үг хэлээр маш их үйлдэгддэг. Тухайн хохирогчийг камерын бичлэгээр мөрдөн байцаагчийн өрөөний гадна хэдэн цаг суусныг нотлох боломжтой. Мэдүүлэг авах явцад хувийн орон зай руу нь халдсан, доромжилсон, айлган сүрдүүлсэн эсэх нь камерын бичлэгт үлддэггүй учраас мэдүүлэг авах процессыг дуу хураагуурт бичих боломжийг тал бүрээс нь судална. Дорноговь аймгийн Замын-Үүд, Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд цагдан хорих байр байдаггүй учраас нэг хүнийг саатуулахын тулд мөрдөгч нь 250 км хүртэл явдаг. Зөрчлийн хэрэг болон Эрүүгийн хэрэгт саатуулагдсан хүнийг тусгаарлан хорих байр сав байхгүй. Үүнийг хамгийн эхэнд өөрчилнө” гэдгийг онцолсон.

БОЛОВСРОЛ:

  • 1994-1998 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуульд бакалавр,
  • 2007-2010 онд ХБНГУ-ын Триерийн Их Сургуульд Хууль зүйн магистр,
  • 2010-2014 онд ХБНГУ-ын Триерийн Их Сургуульд Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.
  • 1998-1999 онд Баянзүрх дүүргийн Прокурорын газарт мэргэжилтэн операторч,
  • 1999-2002 онд Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтэст хяналтын прокурор,
  • 2002-2007 онд Нийслэлийн прокурорын газрын Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтэст хяналтын прокурор,
  • 2010-2010 онд Нийслэлийн прокурорын газрын Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтэст хяналтын прокурор,
  • 2010-2011 онд Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтэст Хяналтын прокурор,
  • 2014 онд Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтэст Хяналтын прокурор,
  • 2014-2015 онд Улсын ерөнхий прокурорын Мэдээлэл дүн шинжилгээний албанд хяналтын прокурор,
  • 2015-2017 онд Улсын ерөнхий прокурорын Сургалт, судалгааны төвд хяналтын прокурор, сургагч багш,
  • 2017-2019 онд Улсын ерөнхий прокурорын Сургалт судалгааны төвийн Гэмт хэргийн шалтгаан, нөхцлийг судлах хүрээлэнд Хүрээлэнгийн захирал, ахлах прокурор,
  • 2019 оноос хойш Улсын ерөнхий прокурорын Сургалтын төвд хяналтын прокуророор ажиллаж байна.

ХЭҮК-ын эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан гишүүнд нэр дэвшигч Я.Цэлмэн нь  Цагдаагийн академи, Хууль сахиулахын их сургууль, Дотоод хэргийн их сургуулийг төгссөн. Эрхзүйч, хууль зүйн магистрын зэрэгтэй. 

  • 2008 онд Завхан аймгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт мөрдөн байцаагч,
  • 2008-2012 онд Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах хоёрдугаар тасагт мөрдөн байцаагч,
  • 2012-2020 онд Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн процессын эрх зүйн тэнхимд багш, ахлах багш, Дэд профессороор ажиллаж байна. 

ЖЕНДЕРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХЯНАНА

ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч С.Дондов “Би 2010 онд иргэдэд туслах “Хүний эрхийн төв” ТББ-ыг үүсгэн байгуулсан. Тухайн үед иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх, хохирогчийн эрх ашгийг хамгаалах асуудал тун төвөгтэй байсан. Эрхзүйн байдал нь тодорхой биш. Хохирсон иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх боломж хязгаарлагдмал байсан. Хохирогчид үнэ төлбөргүйгээр өмгөөлөгч авах эрхгүй байсан. Энэ үед би өмгөөлөгчийнхөө нийгмийн хариуцлагын хүрээнд хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлж ирсэн.

Тэр дундаа хүн худалдаалах гэмт хэргийн улмаас хохирсон иргэдэд өнөөдрийг хүртэл хуулийн зөвлөгөө өгч байна. Би өөрийн 25 жилийн ажлын туршлагаа үнэлж үзээд, ХЭҮК-ын гишүүнд нэрээ дэвшүүлсэн. Хэрэв би ХЭҮК-ын гишүүнээр сонгогдвол хүний эрхийг хамгаалагчийн эрхзүйн байдлын тухай хууль батлагдсантай холбогдуулан тус хуулийг олон нийтэд таниулна. Хоёрдугаарт, жендерийн эрх тэгш байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хянах эрх нь ХЭҮК-ын гишүүдийн үүрэг. Тиймээс үүн дээр анхаарч идэвхтэй ажиллана" гэв.

БОЛОВСРОЛ:

  • 1984-1989 онд Монгол Улсын их сургууль, Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.
  • 1989-1991 онд Баянхонгор аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлд өмгөөлөгч,
  • 1991-1996 онд Баянхонгор аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга,
  • 1996-2002 онд Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлд өмгөөлөгч,
  • 2002-2010 онд “Хүний эрх хөгжил төв” ТББ-д Хүний эрхийн хөтөлбөрийн зохицуулагч,
  • 2010 оноос Нийслэлийн өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгчөөр ажиллаж байна.

"ХЭЛНИЙ МЭДЛЭГ МААНЬ ХЭҮК-ЫН ГИШҮҮНЭЭР СОНГОГДВОЛ ТУС ДЭМ БОЛНО"

ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч Т.Саруул "Би иргэний нийгмийн байгууллагад найман жил ажилласан. Энэ хугацаанд хоёр ТББ байгуулан, тэргүүнээр ажиллаж байна. 2018 онд Хүний эрхийн түгээмэл тунхаглалын хүрээнд үг хэлэх эрх чөлөө олон улсын хурлыг таван орны дунд зохион байгуулсан. Төрөөс иргэний нийгмийн байгууллагыг дэмжих нь бага Монголд ТББ үүсгэн байгуулаад, удирдаад явах нь цаг хугацаа, хүч хөдөлмөр шаарддаг. Хүн хүчний бага нөөцөөр их ажлыг амжуулах ур чадвар шаарддаг. Тиймээс олон улсын байгууллагуудтай хамтран ажилласан туршлага, хэлний мэдлэг маань ХЭҮК-ын гишүүнээр сонгогдвол тус дэм болно" гэдгийг онцолсон.

БОЛОВСРОЛ

  • 1992-1996 он Улсын Багшийн Их Сургуулийн Орхон аймаг дахь салбар сургуулийн Гадаад хэлний сургуулийг Англи-Орос хэлний орчуулагч мэргэжлээр,
  • 2001-2006 он МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр сурч төгссөн.
  • 2010-2013 онд ХБНГУ, Оснабрюкийн их сургуульд Хууль зүйн магистр,
  • 2010-2012 он ХБНГУ, Оснабрюкийн их сургуульд Улс төрийн магистрын зэрэг хамгаалсан.
  • 1996-1998 онд МУИС-ийн Орхон аймаг дахь салбар сургуульд Англи хэлний багш,
  • 2007-2010 онд “GCE” ХХК, “GT’s Адвокатс”-д Хуулийн зөвлөх,
  • 2013 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнд Судлаач, Шүүхийн ерөнхий зөвлөлд Гадаад харилцааны хэлтэст даргын үүрэг гүйцэтгэгчээр,
  • 2013-2015 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнд Бодлогын Судлаач,
  • 2014 оноос “Түгээмэл эрх хөгжил” ТББ-ын Тэргүүн,
  • 2019 оноос “Эко соёл сан” ТББ-ын Тэргүүнээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж