"Этгээд" уран сайхны киноны тухай этгээд СЭТГЭГДЭЛҮҮД

Хуучирсан мэдээ: 2022.02.17-нд нийтлэгдсэн

"Этгээд" уран сайхны киноны тухай этгээд СЭТГЭГДЭЛҮҮД

"Этгээд" уран сайхны киноны тухай этгээд СЭТГЭГДЭЛҮҮД

Сэтгэл зүйн триллер төрлийн бүтээл болох “Этгээд” уран сайхны кино театруудын дэлгэцнээ нээлтээ хийгээд удаагүй байна. Хэдий тийм боловч үзэгчдийн хүртээл болж, тэдний талархлыг хүлээн, Монгол киноны хөгжлийн шатыг ахиулсан, гайхалтай бүтээл болжээ гэсэн үнэлгээ аваад байгаа юм. “Этгээд” кино нь зураглаач, найруулагч Б.Баатарын анхны бие даан хийсэн уран бүтээл юм.

Зураг авалт, өнгөний тавилт, дуугаралт, хөгжим, жүжигчдийн нийлэмж гээд мэргэжлийнхний зүгээс тус кинонд өгч байгаа дүгнэлтүүд цахим орчинд хөвөрсөөр байна. Бид тэдгээр сэтгэгдэлүүдээс онцлон хүргэхээр шийдлээ. Тухайлбал, цахим орчинд нөлөө бүхий, олон дагагчтай, мэргэжлийн кино шүүмжлэгч н.Мөнгөн “Этгээд” кинонд 3/5 гэсэн үнэлгээ өгч, өөрийн шүүмжээ нийтэлсэн нь үзэгч, уншигчдын сонирхлыг татжээ.

Түүний сэтгэгдэлээс хүргэвэл “… зураг авалтын “тавилт” бүрийг хэн нэгэн нь үнэхээр бүтээлч бядаа дайчлаад, зохиомжилж зурсан нь мэдрэгдэх зураглал, “лагерь дээр салхилангаа хийчихсэн кино контент уу даа” гэх сиймхий сэжгийг хэзээ ч үл төрүүлэх сонирхолтой шийдэлтэй зураг авалт, үзэгчдийг бодол таамгаа бүрдүүлэн тунгаах боломжоор хангах “нээлттэй” мөртлөө цаанаа л нэг “эвгүй” бас учир битүүлэг дүрүүд нь “Этгээд” дотор чухам юу болох гээд байгааг ухан дэлгэх хүслийг алхам алхмаар оволзуулж эхэлсэн юм…”,

“… Этгээд” үндсэндээ гуравхан дүртэй боловч тэднийг үзэхэд уйдах завдал үгүй. Дотоодын ихэнх кинонд “Энэ дарга нь, энэ далжгар нь, энэ донтой нь, энэ күүл ах нь, энэ секси хүүхэн нь, тэгээд энэ нь…” гэх мэтээр бүтэн өгүүлбэр битгий хэл ганцхан үгээр тодорхойлж болохуйц өнгөц (shallow) байх нь түгээмэл бол “Этгээд”-ийн гол дүрүүд нүүрэнд илэрч буйгаасаа далд давхар мөн чанартай, киноны явцад илэрч танигдах нэгээс олон шинж чанартай байсан нь сонирхолтой байлаа…” хэмээн онцолсон байв.

Харин цахим орчинд "Монгол кино продюсер" нэрээр алдартай пэйжийн сэтгэгдэлд "Хачин газар, сонин байшинд, эвгүй хүмүүс, зэвүүн үйл явдал… энэ бүгд нийлээд "Этгээд" уран сайхны кино юм. Монголын кино урлагт тэсрэлт хийж буй "thriller" жанрын энэхүү бүтээлийг муулах хоёр том дутагдалтай байна. Нэгдүгээрт, зөвхөн өргөн дэлгэцээр, том танхимд л үзэж, таван цул ба таван мэдрэхүйгээ сорьж үзэхгүй л бол телевиз, тэр тусмаа гар утсаар үзэх гэж байгаа бол огт үзээгүй нь дээр шүү. Хоёрдугаарт, Цагаан сарын баярын өдрүүдэд нээлтээ хийсэн нь үзэгчдэд ихээхэн төвөг учруулсан байх. Гэлээ ч баярын "шок"-ноос дөнгөж салж буй иргэд нь энэ жилийн кино наадамын бүх шагналыг гарцаагүй түүж авах энэ шилдэг бүтээлийг үзэхгүй бол цаашид соёлын "шок"-нд орохоос болгоомжлохыг анхааруулж байна. Илүү маазралгүйгээр товчхон хэлбэл "Дэргэдэх хүнээ зөв хайрлахгүй бол бусдын идэш болно" гэдгийг чичиртэл ухааруулах тул хайртыгаа дагуулан хосоороо очиж заавал үзэх киноны нэг юм байна шүү…” гэж дурьджээ.

Гавьяат жүжигчин У.Уранчимэг “Этгээд” киног үзсэн сэтгэгдэлээ өөрийн цахим хуудаст бичин, гол дүрийн уран бүтээлч, жүжигчин Ч.Сэлэнгийн тараарх санал бодлоо үзэгчидтэй хуваалцжээ. Тэрбээр “… Багш нар маань жүжигчин хүн олон олон дүр дээр ажилладаг ч жинхэнэ дүр бүтээнэ ээ гэдэг чиний амьдралд ганц хоёр л тохиолдож, үзэгч, ард түмэн чамайг эсрэг ч бай, эерэг ч бай тэр л дүрээр чинь хүлээн зөвшөөрч, хайрлан хүндлэх болно гэдэгсэн… Хэдий тийм байлаа ч дүр болгон өөрийн онцлогтой, өвөрмөц өөр өөр авир араншинтай, арга ажиллагаа нь хөрвөсөн, мөн чанар нь тодорхой байх нь бидний мэргэжлийн онцлог гэлтэй… Тэр хөөрхөн царай, сайхан биедээ найдсангүй… Зүгээр л дүрийнхээ мөн чанар, дотоод шаталт, сэтгэл зүй дээр ажиллаж, киноны эхнэрийн дүрд өөрийгөө өөр өнцгөөс харж, мэргэжлийн түвшнээ шат ахиулсан сайн тоглолт харуулж чаджээ…” гэж бичсэн байв.

Мөн энэ киноны талаарх мэргэжлийн найруулагчдын сэтгэгдэлүүд ч цахим орчинд хөвөрч, үзэгчдийн сонирхлыг татаад байгаа юм. Тухайлбал, найруулагч А.Миеэгомбо “… "Этгээд" киног үгүй мөн таашааж үзлээ. Таашааж гэхээр манайхан бүгдэд таалагдах гэж ойлгох вий. Товчхондоо бол яг “кино” гэдэг категорид яв цав нийцсэн триллер төрлийн бүтээл болж. Гэмт хэргийн драм гэсэн ч болно. Зохиол, зураг авалт, найруулга, жүжигчдийн тоглолт, өнгө будаг, ялангуяа хөгжмийн зохиол, супер ээ супер… "

Найруулагч Б.Гарьд  “…Ойрын үед үзээгүй уран бүтээлчид нэгэн цул болон эвлэлдэж хийсэн кино байсан. Хөгжим эвлүүлэг, найруулга, зураг авалт бүгд нэгэн цогц болж чаджээ…”.

Үүнээс гадна тус киног үзсэн залуу үеийн уран бүтээлчдийн төлөөллийн сэтгэгдэлүүд цахим орчинд олны хүртээл болж, кино сонирхогчдын анхаарлыг татаж байна. Залуу найруулагч Б.Нямдаваа “…Энэ киног үзэж суухад эхнээсээ л сонирхол татам, зураг авалт хийц нь дэлгэцээс анхаарал салгахгүй байсан ч дүрүүдийн танилцуулга, үйл явдлын өрнөл эхлэх гэж жаахан удсан санагдав. Гэхдээ киноны өрнөл ба эргэлтүүд маш их таалагдав. Уг киноны зохиолын жанжин шугам сонирхолтой, цөөн дүртэй, эргэлтүүд нь "вооов" гэж уулга алдуулам, жүжигчдийн чадвар чансаа шаардсан сонирхол татам дүрүүдийг дүрсэлсэн байв. Найруулагч Баатар ах зураглаач хүн болохоор киноныхоо ерөнхий үйл явдал, хийц дээр маш их анхаарч сайн хийсэн хэдий ч жүжигчидтэй төдийлөн тулж ажиллаагүй нь гол дүрийн Сэлэнгэ, Бадамгэрэл нараас ажиглагдав.

Миний хувьд энэ кинонд 4/5 үнэлгээ өгөв. ЭТГЭЭД киног та сонирхоод үзвэл мөнгө, цаг хугацаандаа харамсахгүй шүү. Ямар ч хачиргүй бичсэн энэ постоороо баталъя…“ гэжээ. Харин залуу уран бүтээлч, реппер Тэмүүлэн /Boomt/ өөрийн цахим хуудастаа “… Зохиол найруулгын хувьд маш эмх цэгцтэй, цэвэр цэмцгэр, логик алдаагүй, санаанд оромгүй төгсгөлтэй, өнгө аяс нь яг л Jordan Peele найруулагчийн "Get Out" киног санагдуулам, Quentin Tarantino стилийн кино болжээ.

Зураг авалтын тухайд, амлая, нэг ч сул план байхгүй. Бүх өнцөг framing үйл хөдлөл бүр маш өвөрмөц, маш этгээд. Өмнө нь миний үзсэн Монгол кинонд огт харж байгаагүй шийдлүүд, шилжилтүүд, өнцгүүд, бүр нэг чистний точный цэмбэгэр уран планууд. Кастинг бол супер тэгэх үү. Бүр яг нүдээ олсон сонголтууд. Бүх жүжигчин маань ямар ч дүлсэн шахсан жүжиглэлтгүйгээр хөнгөхөөн мөртлөө маш мундаг киногоо аваад явчихсан. Энэ кино нэлээн хол яваасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Бүх баг хамт олон уран бүтээлчиддээ баяр хүргэе, бахархаж байна, аархаж байна…" гэж бичжээ.

Энэ мэтчилэн “Этгээд” киног шимтэн үзсэн үзэгчид өөрт төрсөн сэтгэгдэлээ хуваалцан, мэргэжлийнхэн киноны талаарх шүүмжээ бичиж, уншигчдад хүргэсээр байна. Мөн тус киног үзсэн зарим үзэгчид дахин, хоёр, гурав дахь удаагаа үзэх гэж байгаагаа илэрхийлж, үнэхээр зажлууртай, шүүслэг амттан шиг гайхалтай бүтээл болсныг онцолж байна. Та бүхэн киноны талаарх бодлоо хуваалцсан эрхэм үзэгчдийн сэтгэгдэлтэй танилцана уу.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж