“Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх нь” нэгдсэн зөвлөгөөн өнөөдөр /2022.02.17/ Төрийн ордонд болж байна. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тендерийг товлосон хугацаанд зохион байгуулж, бүтээн байгуулалт эхлүүлээгүй Засаг дарга нарт хариуцлага тооцно гэж анхааруулав. Зөвлөгөөнд аймаг, нийслэлийн удирдлагууд оролцож, сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж байгаа юм.
Цар тахлын хүнд үед Засгийн газар "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө" хэрэгжүүлсний үр дүнд 5.3 хувиар агшсан эдийн засаг өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар 3.6 хувийн өсөлттэй гарчээ.
Ерөнхий сайд "Оюутолгой"-н гүний уурхайн олборлолтын эхний шат эхэлснээр эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, гадаадын хөрөнгө оруулагчдад итгэл өгснийг онцлоод, “Шинэ сэргэлтийн бодлого’’-ын хүрээнд аймаг, орон нутагт хийгдэх бүтээн байгуулалтын төслүүдийг эхлүүлж, эрчимжүүлэхэд онцгой анхааран, туйлын хариуцлагатай ажиллахыг захисан байна.
Гүйцэтгэх засаглалын тэргүүн 2022 оны улсын төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг гуравдугаар сарын 1-ний дотор зохион байгуулж дуусгахыг үүрэг болгож, бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь эхлүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцно гэж хатуу анхаарууллаа. Мөн төсвийн худалдан авах ажиллагаа, тендерийг хугацаанд нь амжилттай зохион байгуулж чадаагүй яам, орон нутгийн удирдлагуудын ирэх жилийн төсвөөс хасах арга хэмжээ авна гэлээ.
Улсын хэмжээнд хэрэгжих 716 төсөл, арга хэмжээнээс тендер зарласан нь 345 бөгөөд 48 хувийн гүйцэтгэлтэй байна. Одоогийн байдлаар тендер шалгаруулалт эхлүүлсэн хувиар Орхон, Дорнод, Говь-Алтай, Булган, Завхан аймаг 100 хувь тэргүүлж байгаа бол Баян-Өлгий 48 хувь, Дархан-Уул аймаг 43, Увс 45 хувь, Сэлэнгэ 36 хувь, Архангай 19 хувь, Дундговь 17 хувиар сүүл мушгиж буй юм аж.
Холбоотой мэдээ