Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөр”-ийг өнгөрсөн оноос эхлэн хэрэгжүүлсэн. Тухайлбал, ажлын байрыг дэмжихэд зориулж арилжааны банкууд гурван хувийн хүүтэй зээл олгож байгаа юм. Энэ хөтөлбөрийн зарцуулалтын талаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөнөөс тодруулав.
Тэрбээр “10 их наядын хөтөлбөр 2021 оны гуравдугаар сараас Засгийн газрын төлөвлөгөөний дагуу хэрэгжиж эхэлсэн. Уг хөтөлбөрийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Ажлын байр дэмжих зээл буюу жилийн гурван хувийн хүүтэй зээлд 2021 онд хоёр их наяд төгрөг зарцуулсан. Уг зээл төрийн дамжлагаар яваагүй, арилжааны банкаар дамжсан. Өөрөөр хэлбэл, 2021 онд бид хоёр их наядын зээл амжилттай гаргасан гэж бодож байна. Ялангуяа хэн нэгэн улстөрчийн нөлөө орохгүйгээр арилжааны банкаар дамжуулж олгосон. Уг зээлийг иргэнд 50 сая төгрөг, аж ахуйн нэгжид 500 сая төгрөгийн ялгавартайгаар олгосон. Нэг асуудал үүссэн нь зээл авагчийн хүсэлт жирийн үеийнхээс арав дахин өссөн.
Уг зээлийн хувьд ямар нэгэн байдлаар Монголбанкнаас мөнгө хэвлэсэн, эсвэл төсвөөс хоёр их наяд төгрөг гаргасан асуудал байхгүй. Зөвхөн хүүгийн татаас буюу жилдээ ойролцоогоор 67 орчим тэрбум төгрөгийн татаасыг төрөөс олгосон гэсэн үг. Өөрөөр хэлбэл хоёр их наяд төгрөгийн зээлийг төсвөөс бус, арилжааны банкны эх үүсвэрээр гаргасан.
“Монголбанк мөнгө хэвлэлээ, банкууд таньдаг хүмүүстээ зээл олгодог” гэсэн сөрөг асуудал яригдсан. Гэхдээ банкууд хоёр сая хэрэглэгчийн мөнгөн урсгал, тухайн зээл хүсэгч ямар бизнес, орлоготой эсэхийг мэддэг учраас давуу байдлаар таньдаг хүндээ зээл олгож эрсдэл үүсгэхгүй. Мөн нэг их наяд төгрөг ипотекийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл гарсан. Үүнээс гадна 500-600 тэрбум төгрөг тариалан эрхлэлтийг дэмжих зээлд зарцуулагдсан. Цаашид 10 их наядын цогц төлөвлөгөө үргэлжлээд явна” гэлээ.
Холбоотой мэдээ