ХӨСҮТ: Чартераар нисэх иргэдийн анхааралд

Хуучирсан мэдээ: 2022.02.17-нд нийтлэгдсэн

ХӨСҮТ: Чартераар нисэх иргэдийн анхааралд

ХӨСҮТ: Чартераар нисэх иргэдийн анхааралд

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр /2022.02.17/ гадаадын улс орон руу зорчих иргэдэд анхааруулга, зөвлөмж хүргэж байна. Иргэд зорчих гэж байгаа улсынхаа Элчин сайдын яамнаас визийн мэдүүлэг авахдаа шалгуурыг нь заавал тодруулах хэрэгтэй байна.

МОНГОЛД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ЗӨРӨХ БОЛОМЖГҮЙ

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн нэгдсэн лабораторийн албаны дарга, Анагаах ухааны доктор Б.БУМДЭЛГЭР:

-Шинжилгээний хариу зөрүүтэй гарснаас болж зарим улс орон Монголыг улаан жагсаалтад оруулах тохиолдол гарч байсан. Үүнд ЭМЯ-наас маш хатуу бодлого баримталж ажиллах үүрэг өгсөн. Хамгийн сүүлд гэхэд 2021 оны есдүгээр сарын 29-ний өдрийн А-599 дүгээр тушаалаар гадаад руу зорчих иргэдийн шинжилгээг стандарт хангасан лабораторид хийхээр болсон. Энэ шалгуурт ХӨСҮТ болон "Интермед" эмнэлгийн лаборатори тэнцсэн. Тэгэхээр заавал энэ хоёрын аль нэгэнд иргэд шинжилгээ өгч байж зорчино. Шинжилгээг ХӨСҮТ дээр 08:30-11:00 хооронд 50 мянган төгрөгийн төлбөртэй авч байна. Хариу нь шинжилгээ өгсөн оройны 22:00 цагаас хойш гарна.

ХИЛИЙН ТАНДАЛТААР 3-10 ХОНОГ ТУСГААРЛАЖ БАЙГАА УЛСУУД БИЙ

ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг хариу арга хэмжээ авах нэгжийн дарга, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Н.СУВДМАА:

-Гадаад руу чартер нислэгээр зорчих иргэдэд улс орон бүр тодорхой шалгуур тавьж байна. Тиймээс өнөөдөр монголчуудын гол төлөв зорчдог улсуудын шалгуур, шаардлагыг хүргэхээр боллоо. Covid-19 PСR шинжилгээг хилээр нэвтрэхээс 24-72 цагийн дотор өгсөн байхыг иргэдэд анхааруулъя. Мөн нислэгийн тийз авахдаа PCR шинжилгээний талаар тодорхой мэдээлэл авах боломжтой. Хэрэв аль нэг улс руу аялал жуулчлал, албан ажлаар зорчих гэж байгаа тохиолдолд шалгуур шаардлагыг хангаагүй бол буцаж ирэхээс өөр сонголтгүй болно. Олон улсын эрүүл мэндийн дүрэм гэж бий.

Тухайлбал, хилийн тандалтыг улс орон бүр харилцан адилгүй зохион байгуулахаар заасан. Япон улсын хувьд нэгдүгээр сарын 29-нөөс хилийн хорио цээрийн хугацаанд өөрчлөлт орсон. Өвчлөл өндөр орноос ирсэн тохиолдолд заавал тусгаарлан ажиглах байранд гурав хонож байна. Үүнд, Монгол Улсын иргэд хамаарна.

Хэрэв Япон руу зорчих бол тусгаарлалтад орж, зочид буудлаас гарахдаа PCR шинжилгээ өгнө гэсэн үг. Эерэг гарвал тусгаарлан ажиглаж, буцаах зэрэг шаардлага тавьж байна. Дараагийн улс бол Өмнөд Солонгос. Нэгдүгээр сарын 22-ноос эхлэн БНСУ явах өдрөөс өмнө 48 цагийн дотор PCR шинжилгээ өгөх шалгуур тавьсан. Хэрэв хариу 48 цагаас хойш гарсан бол хүлээн авч, хилээр нэвтрүүлэхгүй. Мөн шинжилгээний бичгийг цаасаар хэвлэж заавал авч явах ёстой.

Монголоос сөрөг хариугаа хэвлээгүй, хуурамчаар авч яваад, очоод эерэг гарвал хоёр хүртэлх сая воны торгууль ногдуулж байна.

Аль улсад ямар вакцин хүлээн зөвшөөрч байгааг мөн сайтар судлахыг хүсч байна. Зарим ч улс орос вакцин хүлээн зөвшөөрөхгүй байна. Тиймээс албан бичиг буюу вакцин болон шинжилгээний хариугаа заавал цаасаар биедээ авч явах нь чухал. АНУ-ын хувьд бүрэн вакцинд хамрагдсан жуулчид хоёр дахь тунгаа зорчихоос 14 хоногийн өмнө хийлгэсэн байна. Хилийн шалгуур чанга байгааг иргэд ойлгох хэрэгтэй. Хэрэв хоёроос доош насны хүүхэд авч явах бол PCR өгсөн байхыг зарим орон шаардах болсон. Хөөрөхөөс өмнө 24 цагийн хугацаанд шинжилгээ авна. Өвдөөд эдгэсэн хүний хариу 90 хоногт эерэг гарах магадлалтай учир эдгэсэн гэдэг бичгийг мөн заавал хэвлэж, биедээ авч явахыг хүсч байна. Канад улсын тухайд вакцины хоёр тунд хамрагдсан байх шалгууртай. Өвдсөнөөс хойш 180 хоногийн дараа Канадын хилээр нэвтрэх гэж байгаа бол эдгэснээ нотлох хэрэгтэй. Хэрэв тухайн улсын шинжилгээгээр эерэг гарвал тусгаарлах арга хэмжээ авах юм. Тусгаарлалтын хувьд 10 хоног хэвээрээ байна. Тухайн улсад зорчих хугацаанд Covid-19-ийн шинж тэмдэг илэрвэл нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээ авах дугаарт холбогдож, дахин тусгаарлагдах юм. Тодорхой шалтгаанаар вакцин хийлгээгүй хүн хорио цээрийн журмыг адил мөрдөнө гэж ойлгож болно.

ОХУ-ын хувьд 48 цагийн дотор шинжилгээний хариу сөрөг байх ёстой бөгөөд хариугаа англи, эсвэл орос хэл дээр хэвлэж авч явах хэрэгтэй.

Австри руу зорчиход гурав хоногийн дотор сөрөг гарсан хариутай байх хэрэгтэй. Тусаад эдгэсэн бол заавал шинжилгээ шаардахгүй. Иймд зорчих улсынхаа хилийн тандалтын нөхцөлийг сайтар судалж байж явах нь зүйтэй. Хоёрдугаар сарын 21-ний өдрөөс бусад орны жуулчдад Австри хилээ нээсэн. Вакцины тундаа хамрагдсан, ЭМЯ-наас баталсан дархлаажуулалтын тунг хийлгэсэн байхыг шаардаж байyа. Олон улсын зорчигчид хоёр тунд л хамрагдсан байх хэрэгтэй. Хэрэв хийлгээгүй бол яагаад гэдэг заалтыг заавал биедээ авч явахыг зөвлөж байна. 12-оос доош насны хүүхдүүд вакцин хийлгэхгүйгээ мөн нотлох хэрэгтэй. Мөн Их Британи, Мальта, Герман зэрэг улс орны шаардлагад 24-72 цагийн дотор өгсөн шинжилгээний бичиг байхыг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж