"Хөгжлийн банкны асуудал хүндэрвэл АТГ-ыг шүүхэд өгнө"

Хуучирсан мэдээ: 2022.02.17-нд нийтлэгдсэн

"Хөгжлийн банкны асуудал хүндэрвэл АТГ-ыг шүүхэд өгнө"

"Хөгжлийн банкны асуудал хүндэрвэл АТГ-ыг шүүхэд өгнө"

Авлигатай тэмцэх газар Хөгжлийн банкнаас зээл авсан компаниудын барьцаа хөрөнгийг олон нийтэд зарласан. Үүнээс болж бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн борлуултад сөргөөр нөлөөлж байна. Зээлдэгч компаниудын зүгээс зээлийн төлөлтийг товлосон хугацаандаа төлөх сонирхолтой байгаа ч энэхүү нээлттэй мэдээллээс болж худалдан авалт эрс багасч, олон эрсдэл учруулж байна гэсэн юм. Зээлийн эргэн төлөлт ямар шалтгаанаар царцсан, цаашид асуудал шийдэгдэхгүй бол хэрхэх талаар “Гантиг Вилла” төслийг хэрэгжүүлэгч “Эй Би Трейд Групп"-ийн ерөнхий захирал А.Ууганбаяртай ярилцлаа.

-АТГ-аас банкны зээлдэгчдийг нийтэд ил зарласан асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-Энэ бол буруу шийдвэр байсан. Дотооддоо мэдээллийг гаргах бус, нийгэмд гаргаж зарлаж байгаа нь хортой үйлдэл. Банк зээлдэгчийн мэдээлэл болон барьцаа хөрөнгийн талаар олон нийтэд түгээх ёсгүй. Арилжааны банкууд ч ийм зохисгүй үйлдэл гаргаж байгаагүй учраас эсрэг байр суурьтай байна. Бид бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байна. Тиймээс санхүүгийн хувьд тодорхой хэмжээний зээл авах нь байдаг л үзэгдэл. Манай компаний хувьд 2019 онд “Гарден Вилла” төслийг шилжүүлж авсан. 2017 оны арванхоёрдугаар сард "Монгол мах экспо" компани Хөгжлийн банкнаас зээл авсан. Сонгинохайрхан дүүрэгт байрлах махны үйлдвэрийг барьцаанд тавих хүсэлт гаргасан ч барьцаа хөрөнгө дутмаг гэх дүгнэлт гарсан. Тиймээс өөрийн "Бишрэлт" корпорацийн объектуудыг барьцаалан зээл авах болсон.

АТГ-аас олон нийтэд эргэлзээ төрүүлж, хэтэрхий нэг талыг баримтлан, хэвлэл мэдээллийн хэрэгслээр зээлийн барьцаа хөрөнгийг харуулж байгаа нь зохимжгүй үйлдэл. Зээлдэгч өр төлбөрөө өгөхийн тулд бизнесийн үйл ажиллагаа нь доголдохгүй байх хэрэгтэй шүү дээ. Гэтэл энэ мэдээллээс болж төслийн борлуулалтад тодорхой хэмжээгээр сөрөг нөлөө үзүүлж байна.

-Зээлийн эргэн төлөлтийн талаар яриа хэлэлцээ хийхээр танай компанийн зүгээс Хөгжлийн банканд удаа дараа хандаж байсан гэлээ. Ямар яриа хэлэлцээ хийсэн бэ?

-Бид зээлсэн мөнгөө өгөхгүй гээгүй. Тиймээс зээлийн эргэн төлөлтийн талаар яриа хэлэлцээг Хөгжлийн банкны удирдлагуудтай хийсэн. Гэвч яриа хэлэлцээ хийгээд ямар ч үр дүнд хүрээгүй гэж хэлж болно.

Одоо ямар маргаан үүсээд байна вэ гэхээр зээл төлөлтийн үнийн дүн. Үнийн дүн дээрээ тохиролцоод төлөх гэхээр удирдлагууд нь солигдчихдог. Учир нь өнгөрсөн хугацаанд нийт гурван удаа тус банкны удирдлагууд солигдсон. Өнөөдөр би мэдүүлэг өгнө. Асуудал яаж шийдэгдэхийг урьдчилж хэлж мэдэхгүй байна.

2017-2019 онд зээлийн эргэн төлөлт болох 8.4 тэрбумыг эргүүлж төлсөн. Хөгжлийн банкны зээлийн эх үүсвэрийг зориулалтын бусаар ашигласан зэрэг мэдээлэл ташаа. Манай компани цар тахлаас шалтгаалж өнгөрсөн хоёр жилийн хугацаанд махаа экспортлож чадаагүй. Тиймээс зээлээ эргэн төлөхийн тулд энэ төслийн барилгуудыг ашиглалтад оруулах шийдэлд хүрсэн. "Гантиг Вилла" хотхоны барилгын ажлыг Хөгжлийн банкнаас авсан зээлээр санхүүжүүлээгүй. Барьцаа хөрөнгө нь л "Гантиг Вилла" төсөл. Манайх 32 тэрбумын зээл авсан, 8.4 тэрбум төгрөгийн зээлийг хугацаандаа эргүүлж төлсөн гэсэн үг. Харин одоо төлөх үнийн дүн дээр л маргаан үүсээд байна.

-АТГ бизнесийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлсэн учраас хууль хяналтын байгууллагад хандаж шалгуулах хүсэлтэй байгаа гэв үү?

-Одоохондоо цагдаа, шүүхийн байгууллагад хандах асуудал яригдаагүй байна. Гэхдээ яваандаа асуудал хүндэрвэл АТГ-ыг шүүхэд өгөхөөс өөр сонголтгүй болно. Үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа төслүүдийг АТГ битгий аваарай гэж нийтэд мэдээлнэ гэдэг бол зээлээ битгий төлөөрэй гэж байгаатай ижил. Манай компани зээлээ зохих журмын дагуу төлөөд явна. Төлөхдөө уриалга хүртэл гаргасан. Дотоодын томоохон үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дэмжих замаар хөрөнгөө дотоодод эргэлдүүлж, зээлийн төлөлтөө заасан хугацаандаа өгье гэж. Хөгжлийн банкнаас зээл авсан компаниуд нь нэгнээ дэмжиж байж зээлээ төлж барагдуулна. Түүнээс энэ төслүүдийг иргэд дэмжиж болохгүй, байр орон сууц худалдан авч болохгүй гэж мэдээлэл хийснээр зээл төлөгдөхгүй. Хэрэв шийдэлд хүрэхгүй бол тухай бүрд нь зохих хууль дүрмийн дагуу арга хэмжээ авч ажиллана.

-Төслийн барилгын худалдан борлуулах үйл явц хэр байна вэ?

-Мэдээж хүмүүс таатай хандахгүй. Шүүхийн байгууллагаас гаргасан шийдвэрийг дагаад явах зүйл дээр нийгэмд ил гаргаад, харлуулах үйлдэл хийсэн нь нэг талаар эрх ашигтай ч холбоотой байж магадгүй. Гэхдээ энэ бол таамаг. Манай борлуулалтын утсанд ирэх дуудлага нэмэгдсэн. Худалдан авалт хийсэн хүмүүс яаж байна гэж лавлаж байна. Асуудал үүссэн байна, одоо яах билээ гээд хүн бүхэн гайхаж хүлээж авсан. Жилийн төлөлт графикийн дагуу хийх хүмүүсийн дунд хүртэл эргэлзээ үүссэн. Энэ эргэлзээг тайлах хүрээнд бидний зүгээс олон нийтэд аль аль талын байр суурийг хүргэж өгөхийг хүсч байна. Нэг талын мэдээлэл давтамжтай өгснөөр иргэдийн дунд буруу ойлголцол үүсч байна. Хэрэв асуудал шийдвэрлэгдэхгүй байсаар байвал дээр хэлсэнчлэн дараагийн шатны байгууллагад хандаад явна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
5
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж