Tel Aviv-Grand Slam: Монголын зургаан жүдоч өнөөдөр хүч үзнэ

Хуучирсан мэдээ: 2022.02.17-нд нийтлэгдсэн

Tel Aviv-Grand Slam: Монголын зургаан жүдоч өнөөдөр хүч үзнэ

Tel Aviv-Grand Slam: Монголын зургаан жүдоч өнөөдөр хүч үзнэ

Израилын Тель Авив хотноо өнөөдөр IJF-ийн дэлхийн цуврал тэмцээн Гранд слам ангиллаар зохион байгуулагдана. Тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор -60, -66, эмэгтэй -48, -52, -57 кг-ын жингийн аваргууд тодорно. Тель Авив хотноо 34 улсын эрэгтэй 165, эмэгтэй 133, нийт 298 жүдоч хуран цуглажээ. Эхний өдөр манай улсаас зургаан жүдоч хүч үзнэ.

-60 кг: Нийт 23 жүдоч хүч үзэх энэ жинд Өвөрхангай аймгийн Баянгол сумын харъяат, “Женко” клубын тамирчин Энхтайваны Сумъяабазар, Увс аймгийн Тэс сумын харъяат, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Хангарьд” спорт клубын тамирчин Бямбажавын Цогт-Очир нар барилдана. Э.Сумъяабазар тэмцээний чансааны 8-д эрэмбэлэгдсэнээр сугалаанд А хэсэгт бичигдэн, эхний тойрогтоо гоц мөргөөд, хоёрын даваандаа Европын залуучуудын аварга, Украины Дилшот Халматов, Израилын Ям Вользак нарын ялсантай шигшээ наймд шалгарахын төлөө хүч үзнэ.

Ялсан тохиолдолд хэсгийн аваргын төлөө ДАШТ-ий хүрэл медальт, тэмцээний чансааг тэргүүлж буй Азербайжаны Карамат Хусейновтой оноолт таарах магадлал өндөр байна. Харин энэ оны Португалийн Гран Пригийн хүрэл медальт Б.Цогт-Очир эхний тойрогтоо өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт Италийн Д Анжело Биажотой учраа таарсан. Өрсөлдөгчөө ялсан тохиолдолд С хэсгийг тэргүүлэгч өнгөрсөн оны Антальягийн Гранд Сламын аварга Бельгийн Жорре Верстраетентэй учраа таарна. Улмаар ялбал шилдэг наймд шалгарч, залуучуудын ДАШТ-ий мөнгө, өнгөрсөн оны Парисын Их дуулгын аварга Азербайжаны Агаев Балабайтай барилдах боломжтой.

-66 кг: Нийт 26 жүдоч хүч үзэх энэ жинд “World Masters”-ийн алт, мөнгөн медальт, “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Ганболдын Хэрлэн, Хэнтий аймгийн тамирчин -66 кг-ын жингийн улсын аварга Гүнжинлхамын Сод-Эрдэнэ нар барилдана. 2021 оны ДАШТ-ээс хойш олон улсын тэмцээнд оролцоогүй байсан Г.Хэрлэн тэмцээний чансааны 4-т эрэмбэлэгдэж, В хэсгийг тэргүүлэн барилдахаар болсон. Тэрбээр эхний тойрогт гоц мөргөөд, хоёрын даваандаа эзэн орны Ярин Менагед, Узбекистаны Бобур Яджиев нарын ялсантай барилдана. Ялсан тохиолдолд Украины Богдан Ядовтой барилдах магадлал өндөр байна.

Домогт жүдоч Георгий Зантарая зодог тайлснаар Украины -66 кг-ын жингийн гол төлөөлөл болсон энэ залуу өнгөрсөн оны төгсгөлд Абу Дабигийн Их дуулга, энэ оны Португалийн Гран Пригээс хүрэл медаль хүртээд байгаа юм. Харин манай залуу мастер Г.Сод-Эрдэнэ эхний тойрогтоо 2021 оны залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальтай Германы Сламбергер Леннарттай учраа таарлаа. Энэ бөхийг ялбал хэсгийг тэргүүлэгч эзэн орны Барух Шмайловтой барилдана. Сонирхуулахад, энэ жинд -60 кг-ын олимпийн мөнгө, хүрэл, ДАШТ-ий алт, хүрэл медальт Казахстаны Елдос Сметов, Гусман Кыргызбаевийн хамт жин өгсөн барилдах гэж байна.

-48 кг: Парисын “Их дуулга”-аас мөнгөн медаль хүртэж, чансаагаа үлэмж нэмэгдүүлсэн Бавуудоржийн Баасанхүү эхний тойрогтоо 2021 оны залуучуудын дэлхийн аварга, 2021 оны Абу Дабигийн Их дуулгын аварга Италийн Скутто Ассунтатай шилдэг наймд шалгарахын төлөө хүч үзнэ. Ялбал хэсгийн аваргын төлөө эзэн орны бөх Шира Ришонитой барилдах өндөр магадлалтай. Энэ жинд нийт 20 жүдоч хүч үзэх бөгөөд Францын Ширинли Боукли тэргүүлэн барилдаж байна. Хэрвээ манай бөх хэсгээ тэргүүлбэл хагас шигшээд Ш.Боуклитэй учраа таарна.

-57 кг: Өсвөрийн Ази, номхон далайн орнуудын аварга Оюунгэрэлийн Оюунчимэг эхний даваандаа өөрөөсөө 10 насаар эгч Казахстаны Севара Нишанбаеватай учраа таарсан. Энэ бөхийг ялбал тэмцээний чансааг тэргүүлэгч эзэн орны Тимна Нельсон Левайтай учраа таарна.

Тэмцээний хэсгийн барилдаанууд Улаанбаатарын цагаар өнөөдөр 17:00 цагаас эхлэх бол медалийн барилдаанууд 23:00 цагт эхэлнэ.

Эх сурвалж: МОНГОЛЫН ЖҮДО БӨХИЙН ХОЛБОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж