Франц улс дэлхийн хоёрдугаар дайны үед еврейчүүдээс дээрэмдсэн уран зургуудаа буцаан өгөхөөр болсноо өнгөрсөн Мягмар гаригт мэдэгдэв. Францыг нацистууд булаан эзлэх үед дэлхийн хамгийн алдартай зураачдын хэдэн мянган зургийг буруу замаар олж авсан. Дайн дууссаны дараа тэдгээр бүтээлүүдийг Лувр, Орсей зэрэг алдартай музейнүүдэд байршуулжээ.
Урлагийн нийт 15 бүтээл өдгөө Францын музейд байршиж буй. Бүтээлүүдийг эзэмшдэг музейнүүд, тэр дундаа Парис дахь дэлхийд алдартай Орсей музейд үл хөдлөх хөрөнгийг анхны эзэмшигчийнх нь өв залгамжлагчид шилжүүлэх эрх олгосон байна.
Францын Соёлын сайд Розелин Бачелот энэхүү түүхэн алхмыг сайшаан хүлээж авчээ. Тэрбээр "Франц улс сүүлийн 70 жилийн хугацаанд анх удаа урлагийн түүхэн бүтээлүүдийг эзэнд нь эргүүлэн өгөх тал дээр дорвитой алхам хийлээ. Энэ бол зохих ёсны байрандаа байхгүй байгаа өөр бусад олон ч объектыг буцааж өгөх ажлын эхлэл болж байна” гэж хэлжээ.
Парламентын доод танхим өнгөрсөн сарын сүүлээр уг асуудлаар хуралдаж, санал хураасан. Санал хураалтын дараа сенат уг хуулийн төслийг баталсан бөгөөд одоо хүчин төгөлдөр болгохын тулд ерөнхийлөгч Эммануэль Макроны гарын үсэг л дутуу байгаа аж.
Францын засгийн газар 2018 оноос тухайн үеийн бүтээлүүдийг эзэн нь ирж авахыг хүлээх бус, тусгай баг гарган, өөрсдөө эрэн сурвалжлах ажиллагаагаа эхлүүлжээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард л гэхэд дөрвөн бүтээлийг хууль ёсны эзэмшигчд нь шилжүүлсэн байна. Түүнчлэн колончлолын үед Баруун Африкийн Бенин улсаас дээрэмсэн 26 эрдэнэсийг арваннэгдүгээр сард буцааж өгчээ.
Эдгээр 15 бүтээлийн дунд Австрийн уран зураач Густав Климтийн “Модны доорх сарнайн бутнууд” нэртэй алдартай зураг бий. Францын Соёлын яамны тооцоолсноор, дайны үед нийт 100 мянган урлагийн бүтээлийг хүчээр хураан авчээ.
Эх сурвалж: FRANCE 24
Холбоотой мэдээ