Алга болоод хоёр жил болсон бяцхан охин гэрийнхээ модон шатны доороос амьд олджээ. Өдгөө зургаан настай Пэйсли Жоан Шултис 2019 оны долдугаар сарын 13-нд Нью-Йоркийн Итака хотын захад орших Каюга Хайтс тосгоноос сураггүй алга болсон гэж бүртгэгдсэн байна.
Пэйсли охиныг төрсөн эгч нь асран хамгаалдаг байжээ. Тухайн үед охиныг асран хамгаалах эрхгүй эцэг, эх Кимберли Купер, Кирк Шултис нар хулгайлсан гэж цагдаа нар мэдээлсэн байдаг. Хонгил руу хөтөлдөг модон шатны доороос "хоёр жижигхэн хөл" цухуйж харагдсанаар Пэйсли болон түүний ээжийг Даваа гаригт нуугдаж байхад нь мөрдөгчид олжээ.
Өмнө нь хэд хэдэн удаа охиныг хайж, асран хамгаалах эрхгүй болсон эцэг, эхийнх нь гэрт ирж, нэгжлэг хийж байжээ. Нэгжлэгийн явцад нэг өрөөг Пэйслид зориулсан мэт тохижуулсан байхыг мөрдөгчид хараад, охины байгаа үгүйг асуухад эцэг нь үгүйсгэсэн аж. Тэрбээр тус өрөөг Пэйсли охин хэзээ нэгэн цагт гэртээ ирнэ гэж бодон тохижуулсан гэж хэлдэг байжээ.
Цагдаа нар бүтэн хоёр жилийн турш тус байшинг нэгжсэн ч юу ч олж чадаагүйг нэгжлэг хийх эрхээс болсон гэж үзжээ. Учир нь нэгжлэг хийх эрх зөвхөн том өрөө, унтлагын өрөө болон гал тогооны өрөөнүүдэд гэсэн заалттай байснаар үүд, хонгилын өрөө зэргийг шалгаж чаддаггүй байсан аж.
Охиныг олсны дараа эцэг, эхийг нь цагдаагийн хэлтэст аваачиж мэдүүлэг авахад "Хоёр жилийн турш хонгилын өрөөнд нууж, цагдаа ирэх болгонд шатны доод талын тусгай хэсэгт нуудаг байсан" гэжээ. Охины эцэг, эх хэд хэдэн гэмт хэрэгт холбогдож, шоронд удаа дараа сууснаар Пэйслиг асран хамгаалах эрхээ алдсан аж.
Цагдаа нарт өнгөрсөн Даваа гариг /2022.02.14/-т үл мэдэгдэх хүн охин байшинд байна гэх баттай мэдээлэл өгснөөр цагдаа нар үдээс хойш 16.00 цагт гэрийг нь бүсэлжээ. Түүнээс хойш хоёр цагийн дараа нэвтрэн орох эрхийг дээд албанаас авснаар гэрт нь дахин нэгжлэг хийсэн байна. Нэгэн цагдаа модон шатны бүтэц их өөр байгааг ажиглан, ойртож шалгаснаар Пэйсли охины хөлийг харж, эрлийн ажиллагаа зогссон байна. Охин эрүүл саруул олджээ.
Шүүх хурал Лхагва гаригт болж, эцэг эхийг нь хоёрдугаар зэргийн хүүхдийн асран хамгаалах эрхэд халдсан, мөн хүүхдийн аюулгүй байдалд заналхийлсэн тул хорих шийтгэл оноожээ. Гэхдээ шүүхийн эцсийн шийдвэр гуравдугаар сарын 2-нд гарах тул тэр хүртэл эцэг, эхийг нь түр хорьж байгаа аж.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ