"Гоожингийн өндөр"-ийг нүүлгэх үү?

Хуучирсан мэдээ: 2022.02.17-нд нийтлэгдсэн

"Гоожингийн өндөр"-ийг нүүлгэх үү?

"Гоожингийн өндөр"-ийг нүүлгэх үү?

News.mn агентлаг 2019 оноос “Аврал эрсэн Гоожингийн өндөр”  сурвалжлагаараа түүхэн дурсгалт барилгын асуудлыг хөндсөн. Ад шоо үзэгдсэн энэ "балгас"-ыг нэн даруй авран хамгаалах шаардлагатайг судлаачид хэлж, сануулж буй. Хотын дарга Д.Сумъяабазар шинэ оны босгон дээр /2021.12.29/ түүхэн барилгыг хамгаалалтад авах тухай захирамж гаргасан. Ингэснээр хувийн эзэмшилд очсон газар эзэмших эрхийг нь цуцалж, шүүхээр түүхэн барилгын үнэлгээг эцэслэн тогтоохоор болсон юм. Түүхэн барилгын өмчлөл болон сэргээн засварлах ажил хэрхэн үргэлжилж байгаа талаар холбогдох албаныхнаас тодрууллаа.

Хамгийн сүүлд 2013 оны нэгдүгээр сард иргэн н.Үеэлэнгээс 521 мкв, хувийн орон сууцны зориулалттай “Гоожингийн өндөр”-ийг Б.Мөнх-Эрдэнэ гэх иргэн худалдан авч, эзэмших эрхийн гэрчилгээгээ гаргуулжээ.

"Гоожингийн өндөр"-ийг 1992 онд нийслэлийн өмчид шилжүүлэх тушаалыг тухайн үеийн Эдийн засгийн коллежийн захирал Р.Амаржаргал гаргаж байсан. Уг тушаалд 58500 төгрөгийн үнэтэй "Гоожингийн өндөр" гэх есөн айлын хоёр давхар сууцыг актлан, данснаас хасч, түүхийн дурсгалт барилгын хувьд Улаанбаатар хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны мэдэлд шилжүүлсүгэй гэжээ. Гэвч нийслэлийн удирдлагууд тухайн үед өмчөөр бүртгэж аваагүй. Одоо газар эзэмшигчид тэрбум төгрөгөөр газрыг үнэлж буй юм.

"Т.НАМНАНСҮРЭНГИЙН ГЭР МУЗЕЙГЭЭР АШИГЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ БАЙНА"

Нийслэлийн Засаг даргын зөвлөх Д.МӨНХ-ЭРДЭНЭ:

-Түүх соёлын дурсгалт барилгыг сэргээн засварлахаар бэлтгэлээ хангаж байна. Нийслэлийн соёл урлагийн газраас судалгаа хийж, анхны төлөвлөгөө, хар зургийг гаргаж буй. Хотын даргын захирамжтай холбоотойгоор нийслэлийн Соёл урлагийн газар, Цагдаагийн ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Газрын алба гээд олон байгууллага энэ асуудалд анхаарч байна.

Шүүхийн байгууллагаас “Гоожингийн өндөр” барилгын өмчлөлийн асуудлыг судалж, тогтооно. Хэрвээ иргэн хохирсон бол шүүхийн шийдвэрийн дагуу барагдуулна. Бид анхнаасаа нийслэлийн хамгаалалтад байсан объект ямар замаар хувь хүнд очсон бэ гэдгийг заавал шалгана. Бид өмчлөгч иргэдтэй уулзсан. Түүхэн барилгыг сэргээн засварлаж, Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн гэр музей хэлбэрээр ашиглах гэх мэт асуудлыг судалж байна. Бид мэргэжлийн хүмүүсийнхээ саналыг авч, хэлэлцсэний дараа нүүлгэн шилжүүлэх эсэх шийдвэрээ гаргана.

"ЯАМНААС ЗӨВШӨӨРӨЛ АВЧ, СОЁЛЫН ӨВИЙН ҮНДЭСНИЙ ТӨВӨӨС САНАЛ АВНА"

Нийслэлийн Соёл урлагийн соёлийн хэлтсийн дарга С.ДЭЛГЭРМАА:

-Хотын даргын захирамж ирсэн. Манай газарт үл хөдлөх дурсгалыг сэргээн засварлах ажлыг дөрөвдүгээр улиралд багтааж зохион байгуулах үүрэг чиглэл өгсөн. Үүний дагуу сэргээн засварлах судалгаа шинжилгээгээ эхлүүлсэн. Одоогоор судалгааны дүн эцэслэж гараагүй учраас мэдээлэх боломжгүй байна. Бас өмчлөлийн асуудал нь тодорхой болоогүй байна.

Хоёрдугаарт, соёлын өвийг сэргээн засварлана гэдэг хуулийн хүрээнд маш нарийн ажил байдаг. Тийм учраас бид сэргээн засварлахын тулд Соёлын яамнаас зөвшөөрөл авч, Соёлын өвийн үндэсний төвөөс санал авч арга зүйгээ тодорхойлох ёстой. Тэрнийхээ дагуу зураг төслөө гаргана.

"ГООЖИНГИЙН ӨНДӨР"-ИЙГ ӨМНӨ НЬ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЖ, ОДООГИЙН БУЙРАНД БАРЬСАН"

Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.ОЧБАЯР:

-Монголд түүхэн дурсгалт барилгыг нүүлгэн шилжүүлж, сэргээн засварласан туршлага байхгүй. Хятад болон Европын орнууд түүхэн дурсгалт барилгыг сэргээн засварлах тусгай арга зүйтэй. Тухайн дурсгалт барилгыг нураахаас өмнө нэг бүрчлэн дугаарлана. Тодруулбал, дээвэр, хана, шал гэх мэтээр ангилах явцдаа барилгын аль хэсэг нь муудсан байна гэдгийг тогтоодог. Тэгээд сэргээн засварлахдаа тэр хэлбэрээр угсарч, муудсан хэсгийг яг тэр материалаар нь сэлбэдэг. Жишээлбэл, хананы дүнз муудсан байвал дүнз мод л орлуулж хийнэ. Тэрнээс биш тоосгоор өрөхгүй.

Монголд түүхэн барилгыг нүүлгэн шилжүүлж, сэргээн засварлаж байгаагаагүй гэдэг нь огт хийж чадахгүй гэсэн үг биш. Учир нь хуучин Сэргээн засварлах газар гэж байсан. Энэ чиглэлээр дагнасан цөөн компани бий. Тэр мэргэжилтнүүд энэ ажлыг хийж чадна. Түүхэн барилгыг нүүлгэн шилжүүлэхэд өндөр зардал гарна. Одоогоор энэ барилгыг хэрхэн сэргээн засварлах эцсийн шийдвэр гараагүй байна. Хэрвээ музей байгуулах шийдвэр гаргавал орон зайтай байх шаардлагатай. Энэ барилга өмнө нь 1913 онд тухайн үеийн Богд хааны өндгөн сүргийн нутаг буюу одоогийн Хан-Уул дүүргийн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн хойно баригдсан. Ерөнхий сайд Т.Намнансүрэн нас барсны дараа энэ барилгыг одоогийн буйран дээр нүүлгэн шилжүүлсэн түүхтэй.

"1988 ОНД “ГООЖИНГИЙН ӨНДӨР”-ИЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ ЗУРГИЙГ ГАРГАСАН"

Архитектор Г.НЯМЦОГТ:

-Түүх, соёлын дурсгалыг сэргээн засварлах газрыг 1973 оноос байгуулсан түүхтэй. Хэрэв өдий хүртэл ажилласан бол үйл ажиллагаа нь цэгцэрчихсэн, олон улсын түвшинд хүрчихсэн байх байлаа. Гэвч 1993 хувьчлагдаж, үйл ажиллагаа нь бүрэн зогссон. Тус газар түүх соёлын дурсгалт барилгын бүх зураг төслийг хийж батлуулаад, сэргээн засварлалтын ажлыг хийдэг байсан. Дотроо мужааны цех, керамик үйлдвэр гээд сэргээн засварлалтын бүх төрөл багтдаг байв. Тэндээс төрөн гарсан доктор цолтой мэргэжилтэн олон бий. Одоо энэ газар ажиллаж байсан мэргэжилтнүүд ахмад настан болж, цөөн үлджээ.

Түүх, соёлын дурсгалыг сэргээн засварлах газар байх үед улсаас бодлогоор өв соёлын дурсгалт барилгуудыг ээлж дараагаар нь сэргээн засахаар ажиллаж байсан. “Гоожингийн өндөр” барилгын ойролцоо Улаанбаатар хотын музей, Г.Дэмид жанжны байшин, төмрийн завод гэх мэт түүх соёлын дурсгалт барилга олон бий.

Тэр дундаас 1988 онд “Гоожингийн өндөр”-т судалгаа хийж, сэргээн засварлалтын ажлын зургийг нь хүртэл хийсэн. Харамсалтай нь, газар нь хувьчлагдсаны улмаас энэ бүх ажил цаасан дээр л үлдсэн дээ.

Миний хувьд хоёр, гурван жилийн өмнө “Гоожингийн өндөр” барилга дээр Аса аварга Д.Дагвадоржтой хамт очсон. Өмнө нь ч хэд хэдэн удаа очиж байсан. Ер нь сэргээн засварлахдаа тухайн түүхэн барилгын дүр төрхийг хадгалах нь хамгийн чухал. “Гоожингийн өндөр” барилгыг нэн яаралтай хамгаалалтад авч, өмчлөлтэй болгож, тухайн газрыг цэвэрлэх шаардлагатай. Барилгын дотор тал нь шатсан.

Хоёрдугаарт, тухайн барилгын эргэн тойронд өндөр өндөр орон сууц бариад газар гэх юм үлдээгүй. Түүх, соёлын дурсгалт барилгыг буулгаад, эргүүлээд тэр чигээр нь өөр газар барьдаг нэг арга бий. Энэ бол олон улсад ашигладаг сэргээн засварлалтын арга. Энэ мэт түүхэн барилгыг авран хамгаалахын тулд Түүх, соёлын дурсгалт барилгыг сэргээн засварлах газрыг дахин байгуулах шаардлагатай. Монголын сэргээн засварлалтын мэргэжилтнүүд төсөв мөнгийг нь шийдээд өгвөл сайн ажиллаж чадна. Орчин цагт ур чадвартай мэргэжилтнүүд, техник технологи, багаж тоног төхөөрөмж хангалттай болсон" гэж өмнө нь хэлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж