НЭМЭЛТ: 16:30 ЦАГ
ХЭҮК-ын эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан гишүүнд нэр дэвшигч Я.ЦЭЛМЭН
Дотоодын их сургуулийн эрүүгийн процессын эрхзүйн танхимд дэд профессороор ажилладаг. Тэрбээр 2006 онд Цагдаагийн академийг эрхзүйч мэргэжлээр төгсчээ. 2012 онд Гэмт хэргийн улмаас хохирсон хохирол түүнийг нөхөн төлүүлэх эрхзүйн зохицуулалтын сэдвээр магистрын зэрэг хамгаалсан. 2018 онд их, дээд сургуулийн багшийн хөгжлийг дэмжих асуудлаар удирдлагын ухааны магистрын зэрэг хамгаалсан. 2021 онд "Хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нотолгоо" сэдвээр хууль зүйн докторын зэрэг тус тус хамгаалжээ.
ХЭҮК-ын эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан гишүүдийн томилгооны сонсголыг хийж дууслаа. Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг санал хурааж, олонхын санал авсан гишүүдийг Хууль зүйн байнгын хороо УИХ-д танилцуулах юм.
Эргэн сануулахад, ХЭҮК-ын гишүүнд Т.Саруул, С.Дондов нар нэр дэвшсэн бол ХЭҮК-ын эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан гишүүнд Ч.Отгончулуун, Б.Өнөрмаа, Я.Цэлмэн нар нэр дэвшээд байна.
"НӨХЦӨЛ ШААРДЛАГА ХАНГААГҮЙ ХОНГИЛД ХҮНИЙГ БАЙЦААЖ БАЙГАА НЬ ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨРЧИЛ"
НЭМЭЛТ: 16:10 ЦАГ
ХЭҮК-ын эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан гишүүнд нэр дэвшигч Б.ӨНӨРМАА
Мэргэжил, боловсрол:
ХБНГУ-ын Триерийн их сургууль 2011-2014 доктор,
ХБНГУ-ын Триерийн их сургууль 2008-2010 магистр,
МУИС-ийн Хууль зүйн сургууль 1993-1998 эрх зүйч,
Ажлын туршлага:
Улсын ерөнхий прокурорын газар, УЕПГ-т хяналтын прокурор /бүтцийн өөрчлөлтөөр сургалтын төв/,
УЕПГ-ын Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлах хүрээлэн захирал, ахлах прокурор,
Улсын Ерөнхий Прокурорын Сургалт, судалгааны төв Хяналтын прокурор, сургагч багш, судлаач,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газар Хяналтын прокурор Нийслэлийн прокурорын газар хяналтын прокурор,
Нийслэлийн Прокурорын газар Хяналтын прокурор,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газар Хяналтын прокурор,
Тэрбээр “Би прокурорын байгууллагад 24 жил ажиллаж байна. Монгол Улсын хүн амын дундах амиа хорлох тохиолдлын суурь судалгааг анх удаа хийсэн. Мэргэжлийн судлаачдын баг бүрдүүлэн ажилласан. Судалгааны үр дүнг тухайн үеийн Засгийн газар, ХЗДХЯ, ЭМЯ руу явуулсан.
Дараа нь 18 нас хүрээгүй хүнийг хүчирхийлэх гэмт хэргийн шалтгааныг судалсан. Үүн дээр мөн л салбар бүрийн мэргэжлийн төлөөллүүдийг оролцуулсан. Тухайн гэмт хэрэгт өртөж байгаа хохирогч болон гэмт хэрэг үйлдсэн хүний нийгэм хүн ам зүйн шинжийг тодорхойлж, нэг хүн дээр 700-800 асуумж бөглүүлж, ямар төрлийн хүн хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлддэг болохыг тодорхойлсон.
Үүний тулд сэтгэл зүйчийн хамт хаалттай хорих ангид очиж, анх удаа хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүстэй уулзсан. Ингэснээр мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн хүний шалтгааныг тодруулах, хүчирхийлэлд өртсөн хүн, хүчирхийлэл дунд өссөн хүн хүчирхийлэл үйлдэх боломж маш өндөр байдгийг судалгаагаар нотолсон.
Дараа нь 25 хүртэлх насны 1000 охид, залуусаас бэлгийн замын халдварт өвчний мэдлэг тандалтын судалгаа авсан. Үүн дотор анх удаа бэлгийн харьцаанд орохдоо хүчээр үү, ямар байдлаар орсон бэ гэхэд 23 хувь нь анх удаа бэлгийн харьцаанд орсноос 13-15 хувь нь хамаатан садны хүчирхийлэлд өртсөн байгаа юм. Энэ судалгаа нь ураг төрлийн хүчирхийлэл Монгол Улсад далд хэлбэрээр явагдаж байгааг илрүүлсэн. ХЭҮК-ын эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан гишүүнд нэр дэвшихээр өргөдлөө өгөхдөө би олон зүйлийн талаар бодсон.
Хэрэв сонгогдоод очоод ажиллавал хамгийн эхэнд хууль тогтоомжийн бүтэц буюу хууль хэрэглээн дээр асуудлыг гаргаж тавина. Хоёрдугаарт, төрийн албан хаагчийн оролцоогүйгээр өөрсдөөс нь үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас эрүү шүүлт үүсээд байна.
Цагдаагийн байгууллагын хонгилд хүн саатуулах байранд хүн саатуулж болохгүй гээд мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан. Гэтэл Булган, Архангай, Баян-Өлгий, Орхон, Сэлэнгэ, Өвөрхангай аймгууд саатуулах байргүй учраас нөхцөл шаардлага хангаагүй хонгилд хүнийг байцааж байгаа нь хүний эрхийн зөрчил.
Дорноговь аймгийн Замын-Үүд, Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд цагдан хорих байр байдаггүй учраас нэг хүнийг саатуулахын тулд мөрдөгч нь 250 км хүртэл явдаг. Зөрчлийн хэрэг болон Эрүүгийн хэрэгт саатуулагдсан хүнийг тусгаарлан хорих байр сав байхгүй. Үүнийг хамгийн эхэнд санал болгоно. Хойшлуулашгүйгээр баривчлагдсан сэжигтний 70-80 хувь нь шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан байгаа нь жижүүрийн шүүх ажилладаггүйтэй холбоотой.
Эрүүдэн шүүх гэмт хэргийн нэг том хэлбэр нь сэтгэл санааны зовиур үйлдэл биш, үг хэлээр маш их үйлдэгддэг. Тухайн хохирогчийг камерын бичлэгээр мөрдөн байцаагчийн өрөөний гадна хэдэн цаг суусныг нотлох боломжтой. Улмаар мэдүүлэг авах явцдаа хувийн орон зай руу нь халдсан, доромжилсон, айлган сүрдүүлсэн нь камерын бичлэгт үлддэггүй учраас мэдүүлэг авах процессыг дуу хураагуурт бичих боломжийг тал бүрээс нь судална.
“МОНГОЛ УЛС ЭРҮҮ ШҮҮЛТЭЭС НЭГ АЛХАМ УХАРСАН”
НЭМЭЛТ: 14.45 ЦАГ
ХЭҮК-ын эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан гишүүнд нэр дэвшигч Ч.Отгончулуун 2001 онд МУИС-ийн Хууль эрхзүйн сургуулийг эрхзүйч мэргэжлээр, ЗГХЭГ-ын Удирдлагын академид 2006 онд төрийн захиргааны менежментийн магистрын зэргийг тус тус хамгаалжээ. Мөн Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд 2006-2007 оны аравдугаар сар хүртэл ажилласан. ХЭҮК-т 2007 оны аравдугаар сараас 2011 оны арванхоёрдугаар сар хүртэл буюу дөрвөн жилийн хугацаанд ажиллаж байсан. 2021 оны есдүгээр сард өмгөөллийн эрхээ сэргээжээ. Түүний хувьд 2020 онд УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвшиж байв.
Тэрбээр “ХЭҮК-т ирж байгаа өргөдөл, гомдлын нэлээд хувийг эрүүдэн шүүхтэй холбоотой гомдол эзэлдэг. Давхардсан тоогоор 150-160 гомдол ирдэг. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд эрүү шүүлтийн асуудал нууцлагдмал байдалд орсон. Хамгийн гол нь энэ хэргийг илрүүлж, шалгах ажиллагаа муу байдаг. УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанд ажиллаж байх үед эрүү шүүлт тулгасан хүнд ял оноож байсан. Мөрдөн байцаах алба 2014 онд татан буугдсан.
Үндсэн хуульд хэрэг бүртгэх мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавина, шүүхэд төрийг төлөөлнө. Тиймээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах боломжгүй, хоёрдугаарт АТГ-ын зарим шалгаж байгаа хэргүүд давхардаад байна гэж үзсэн. Үндсэндээ Монгол Улс эрүү шүүлтээс нэг алхам ухарсан гэж үздэг. Өөрөөр хэлбэл, цагдаагийн байгууллагын алба хаагчдын үйлдсэн эрүүгийн хэрэгтэй холбоотой асуудлыг хэд хэдэн тийшээ хуваасан. Нэг газар хамт ажилладаг хүмүүс нэгнээ шалгаж, эрүүгийн гэмт хэрэгт холбогдуулан шалгана гэдэг өрөөсгөл ойлголт. Хүний эрхийг хамгаалах үндэсний механизм дээр хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулах эрх хэмжээг олгосон бол мэдэгдэхүйц үр дүн гарах байсан.
2008 оны долдугаар сарын 1-нд УИХ-ын сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас жагсаал цуглаан нийтийг хамарсан эмх замбараагүй байдалд хүргэсэн. Тухайн үед би ХЭҮК-т гомдол хариуцсан ахлах референтээр ажиллаж байсан. 1000 гаруй хүнийг хорих руу аваачиж, хорьж, зодож, байцаалт авсан тохиолдол их гарсан. Цагдан хорих байруудад очиж, тайлбар мэдүүлэг авахад зодуулсан хүмүүс их байсан. Уух ус өгөхгүй, бие засах боломжоор хангахгүй маш олон хүнийг жижиг умгар өрөөнд хорьсон байсан. Долдугаар сарын 1-нд болсон үймээн самуунд цагдаагийн байгууллага бэлтгэлгүй байсан. Иргэдэд хүч хэрэглэсэн. Прокурорын яллах дүгнэлтүүдийг ажиглахад нэрийг нь солиод, зүйлчлэл нь бүгд ижилхэн байсан.
Шүүхийн практикаас харахад эрүү шүүлттэй холбоотой гомдол мэдээлэл их боловч илрүүлсэн шийдвэрлэгдсэн хэрэг нь сүүлийн таван жилийн байдлаар 6-7 байна. Хорих ангиудад эрүү шүүлт гэсэн ойлголт маш өргөн хүрээнд байна. Зөвхөн зодох хэлбэрээр биш цагдан хорих байранд эргэлт оруулах эсэх дээр хүртэл хясан боогдуулж байна. Мөрдөн байцаагч нь “Хэргээ хүлээвэл эргэлт оруулна” гэх асуудал ихээр гардаг. Тэнд өнөөдрийг хүртэл эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байдал хэвээр байна. Хэрэв би ХЭҮК-ын гишүүнээр сонгогдвол эрүү шүүлттэй холбоотой гэмт хэргийг илрүүлэхийн тулд мэдээллийг нууцалж аваад урамшууллын механизмыг зарлана. Ялангуяа цагдан хорих ангиудад байгаа эмч болон бусад ажилтнууд мэдээллийг нь нууцалж аваад тухайн газраас хөдөлшгүй нотлох баримт цуглуулж чадвал маш өндөр үр дүнд хүрнэ. Үүнээс гадна хорих ангиудын нөхцөл байдлыг сайжруулах шаардлагатай. Тэнд хэдийгээр эрх чөлөөгөө хязгаарлуулсан хүмүүс байгаа ч заяамал эрхүүд нь хорих ангиудад зөрчигдөж байна.
Цаашид цагдаагийн хэлтсүүд дээр байгаа мөрдөн байцаалтын өрөөнүүдийг бүгдийг нь камержуулах хэрэгтэй. Хуучин камерууд нь шаардлага хангахааргүй хэмжээнд хүрсэн. Үүнийг ХЭҮК-ын төсөвт суулгана. Ер нь нийтийн зааланд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах нь зөв. Ингэснээр эрүү шүүлт багасна. Эрүү шүүлттэй холбоотой гэмт хэргийг илрүүлэхийн тулд мэдээллийг нууцалж аваад, урамшууллын механизмыг зарлахын тулд төсөв мөнгө чухал. Гэхдээ төсөвт суугаагүй байлаа гээд хийхгүй байх үндэслэл биш. Гараа хумхиж суухгүй. Боломж нөхцлийг бүгдийг ашиглана.
"ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ТАЛААР СУДАЛГАА ХИЙЖ, ТУРШЛАГА СУДАЛСАН"
НЭМЭЛТ: 14.00 ЦАГ
ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч С.ДОНДОВ:
-Би 1998 оноос эхлэн сайн дураараа хүний эрхийн чиглэлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн. Энэ үед хүний эрхийн чиглэлийн ТББ-ууд үүсгэн байгуулагдаж эхэлсэн. Үүний нэг нь “Хуульч эмэгтэйчүүдийн холбоо” юм. Тус холбоонд би хууль эрхзүйн туслалцаа үзүүлэх, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, шинээр үүсч байгаа хүний эрхийн асуудалд дүн шинжилгээ хийх зэрэг ажлууд хийж ирсэн.
2000 онд хүний эрх хөгжил төв үүсгэн байгуулагдсан. Энэ төвд 2010 он хүртэл хуульчаар ажилласан. Энэ хугацаанд хүн худалдах гэмт хэргийн талаар судалгаа хийж, бусад улсын туршлагыг судалсан. Улмаар Эрүүгийн хууль болон бусад хууль тогтоомжуудад хүн худалдах гэмт хэргийн зүйл заалтыг хэрхэн зохицуулах, дагаж мөрдөх олон улсын гэрээ конвенцийн талаар судалсан. Ингээд үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенцийн нэмэлт болох Палермогийн протоколд Монгол Улс нэгдэн орох шаардлагатай гэж үзсэн. Монгол Улс уг тогтоолд 2008 онд нэгдэн орсон. Уг протокол нь “Улс хоорондын зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг Олон улсын конвенц”-ийн нэмэлт болох “Хүн худалдаалах, ялангуяа эмэгтэйчүүд, хүүхдийг худалдах, залхаан цээрлүүлэхийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх” зорилготой юм.
Би 2010 онд иргэдэд туслах “Хүний эрхийн төв” ТББ-ыг үүсгэн байгуулсан. Тухайн үед иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх, хохирогчийн эрх ашгийг хамгаалах асуудал тун төвөгтэй байсан. Эрхзүйн байдал нь тодорхой биш. Хохирсон иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх боломж хязгаарлагдмал байсан. Хохирогчид үнэ төлбөргүйгээр өмгөөлөгч авах эрхгүй байсан. Энэ үед би өмгөөлөгчийнхөө нийгмийн хариуцлагын хүрээнд хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлж ирсэн.
Тэр дундаа хүн худалдаалах гэмт хэргийн улмаас хохирсон иргэдэд өнөөдрийг хүртэл хуулийн зөвлөгөө өгч байна. Би өөрийн 25 жилийн ажлын туршлагаа үнэлж үзээд, ХЭҮК-ын гишүүнд нэрээ дэвшүүлсэн. Хэрэв би ХЭҮК-ын гишүүнээр сонгогдвол хүний эрхийг хамгаалагчийн эрхзүйн байдлын тухай хууль батлагдсантай холбогдуулан тус хуулийг олон нийтэд таниулна. Хоёрдугаарт, жендерийн эрх тэгш байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хянах эрх нь ХЭҮК-ын гишүүдийн үүрэг. Тиймээс үүн дээр анхаарч идэвхтэй ажиллана.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны “Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн /ХЭҮК/-ийг сонгон шалгаруулах” үүрэг бүхий ажлын хэсэг үргэлжлүүлэн ХЭҮК-ын Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан гишүүнд нэр дэвшигч Я.Цэлмэн, Б.Өнөрмаа, Ч.Отгончулуун нартай хийх томилгооны сонсгол хийж байна.
"ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧИЙН ХУУЛИЙГ УЛАМ БОЛОВСРОНГУЙ БОЛГОНО"
НЭМЭЛТ: 13.00 ЦАГ
ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч Т.САРУУЛ:
-Би иргэний нийгмийн байгууллагад найман жил ажилласан. Энэ хугацаанд хоёр ТББ байгуулан, тэргүүнээр ажиллаж байна. “Түгээмэл эрх хөгжил" ТББ-ыг 2014 онд судлаачдын хамт байгуулсан. Иргэдэд хүний эрхийг таниулах, хяналтын талаар судалгааны ажил хийж ирсэн. Дотооддоо болон олон улсын хэмжээнд семинар, дугуй ширээний уулзалт тасралтгүй зохион байгуулсан. Зарим нэг онцлох ажлуудаас дурдвал, 2015 онд хүний эрхийн арга зүй сэдвээр олон улсын хурал, 2016 онд хүний эрх сэдвээр Өмнөд Солонгосын цэцийн гишүүн байсан хүнийг Монголд урьж авчирсан.
2018 онд Хүний эрхийн түгээмэл тунхаглалын хүрээнд үг хэлэх эрх чөлөө олон улсын хурлыг таван орны дунд зохион байгуулсан. Манай ТББ урлаг, соёлоор хүний эрхийг түгээн дэлгэрүүлэх үндсэн онцлогтой. Хуульч бөгөөд соёл урлагаар хичээллэдэг, дотоодын болон олон улсын хуульчдын түгээмэл эрхийн төлөө гэсэн концерт зохион байгуулж байсан. "Эко соёл сан" ТББ-ыг 2019 онд үүсгэн байгуулсан. Үүний дараа Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-д бүртгүүлэх аян өрнүүлсэн. Хэрэв би ХЭҮК-ын гишүүнээр сонгогдвол Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг улам боловсронгуй болгоно. Одоогоор эрх нь зөрчигдвөл ямар арга хэмжээ авах талаар зохицуулалт нь тодорхой биш байна. Тиймээс шинэ хуулийн хэрэгжилтэд илүүтэй анхаарна. Төрөөс иргэний нийгмийн байгууллагыг дэмжих нь бага Монголд ТББ үүсгэн байгуулаад, удирдаад явах нь цаг хугацаа, хүч хөдөлмөр шаарддаг. Хүн хүчний бага нөөцөөр их ажлыг амжуулах ур чадвар шаарддаг. Тиймээс олон улсын байгууллагуудтай хамтран ажилласан туршлага, хэлний мэдлэг маань ХЭҮК-ын гишүүнээр сонгогдвол тус дэм болно.
ХЭҮК-ЫН ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧДИЙН ТОМИЛГООНЫ СОНСГОЛЫГ ХИЙНЭ
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны “Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн /ХЭҮК/-ийг сонгон шалгаруулах” үүрэг бүхий ажлын хэсэг нэгдүгээр сарын 31-нд хуралдаж, нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн хүмүүсийг оролцогчоор бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.
Тус хуралдаанаар ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад оролцохоо илэрхийлж, хүсэлт гаргасан Т.Саруул, С.Дондов нарыг сонгон шалгаруулалтын оролцогчоор бүртгэсэн бол З.Батбаярыг сонгон шалгаруулалтын оролцогчоор бүртгэхээс татгалзсан. Улмаар нэр дэвшигчидтэй хийх томилгооны сонсгол өнөөдөр /2022.02.17/ 11:00 цагаас эхэлнэ.
ХЭҮК-ЫН ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧ Т.САРУУЛ
БОЛОВСРОЛ
- 1992-1996 он Улсын Багшийн Их Сургуулийн Орхон аймаг дахь салбар сургуулийн Гадаад хэлний сургуульд англи, орос хэлний орчуулагч /Бакалавр/
- 2001-2006 он Монгол Улсын Их сургууль, Хууль зүйн сургуульд эрх зүйч /Бакалавр/
- 2010-2013 он ХБНГУ, Оснабрюкийн их сургуульд Хууль зүйн магистр /LL.M/
- 2010-2012 он ХБНГУ, Оснабрюкийн их сургуульд Улс төрийн магистр /M.А/
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
- 1996-1998 онд МУИС-ийн Орхон аймаг дахь салбар сургуульд англи хэлний багш
- 2007-2009 онд "GCE" ХХК, хуулийн зөвлөх
- 2009-2010 онд "GT’s Адвокатс" хуулийн зөвлөх
- 05-2013.06 сард Хууль зүйн үндэсний хүрээлэнд судлаач
- 06-2013.08 сард Шүүхийн ерөнхий зөвлөлд Гадаад харилцааны хэлтэст даргын үүрэг гүйцэтгэгч
- 2013-2015 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнд бодлогын судлаач
- 2014 оноос "Түгээмэл эрх хөгжил" ТББ-ын тэргүүн
- 2019 оноос "Эко соёл сан" ТББ-ын тэргүүн
- Өмгөөлөгч
ХЭҮК-ЫН ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧ С.ДОНДОВ
БОЛОВСРОЛ
- 1984-1989 онд Монгол Улсын Их сургууль, Хууль зүйн сургуульд эрх зүйч /Бакалавр/
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 1989-1991 онд Баянхонгор аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлд өмгөөлөгч
- 1991-1996 онд Баянхонгор аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга
- 1996-2002 онд Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлд өмгөөлөгч
- 2002-2010 онд Хүний эрх хөгжил төв ТББ-д Хүний эрхийн хөтөлбөрийн зохицуулагч
- 2010 оноос Нийслэлийн өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч
Холбоотой мэдээ