Эцэг, эхээсээ их мөнгө олдог цахим спортын тамирчдыг баалах утгагүй

Хуучирсан мэдээ: 2022.02.17-нд нийтлэгдсэн

Эцэг, эхээсээ их мөнгө олдог цахим спортын тамирчдыг баалах утгагүй

Эцэг, эхээсээ их мөнгө олдог цахим спортын тамирчдыг баалах утгагүй

Ө.Цэлмэг 2016-2019 онуудын хооронд “629” гэх нэрээр “dota2” төрлийн мэргэжлийн тамирчин байсан аж. Өдгөө Монголын электрон спортын холбооны тэмцээн хариуцсан комиссар гэнэ. Түүний ярьснаар цахим спорт Монголд асар хурдацтайгаар хөгжиж буй агаад мэргэжлийн гэж хэлж болохуйц тамирчдын тоо дор хаяж 100 хүрч, цалин нь дунджаар 1-3 саяын хооронд хэлбэлзэж байгаа гэнэ.

Г.Цэлмэг “Цахим спорт бол спорт. Бусад спортын тамирчид юу хийдэг тэр бүгдийг л хийдэг. Судалгаа шинжилгээ, бэлтгэл сургуулилалт, тоглолтын стратеги, төлөвлөгөө гээд бүх зүйлс бий. Цаашилвал одоо баг бүр дасгалжуулагч, сэтгэл зүйч, фитнесийн багш, хоол зүйч, бэлтгэлийн байртай, тодорхой цагийн хуваарийн дагуу ажиллаж, амьдарч байна. Тэгэхээр дэлгэцийн донтолт гэж хэлж болохгүй л дээ. Зохимжгүй зүйл” гэв.

Эцэг эхчүүдийн буруу ойлголт, хараа хяналтгүй байдлаас болж PC, гар утсыг удаан ширтдэг гэдэг утгаар үүнийг дэлгэцийн донтолт, спорт биш гэж үздэг.

Тэгвэл Ө.Цэлмэг хэлэхдээ “Эцэг эхчүүд маань цаг гарган цахим спортын талаар мэдээлэл аваасай. Тэр дэлгэцийн донтолт гэдэг зүйлийн ард юу юу байдгийг судлаад үзээсэй” гэлээ.

Ямар ч зүйлийн тунг хэтрүүлвэл хор болдог.  Жишээ нь, өдөр бүр 4-5 цагаас илүү дэлгэц ширтэж, видео тоглоом тоглож байвал энэ нь дэлгэцийн дон аж. 2003 оноос хүүхдүүд тоглоомд донтох эмгэгийн улмаас Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв /СЭМҮТ/-д хандах болсон гэнэ. Статистак тайлангаас харахад, хүүхэд өсвөр үеийн клиникт 2013 онд 31, 2014 онд 47, 2015 онд 41, 2016 онд 68, 2017 онд 94, 2018 онд 56 хүүхэд цахим тоглоомд донтсон гэх шалтгаанаар хэвтэн эмчлүүлжээ. Үүнээс хүйсийн хувьд 98-99 хувь нь эрэгтэй хүүхэд, насны хувьд 5-8 дугаар ангийнхан дийлэнх хувийг эзэлж байна.

СЭМҮТ-ийн их эмч Ж.Гантулга хүүхдийн дэлгэцийн донтолтын талаар ярихдаа “Тоглоом гэдэг эртнээс яригдаж ирсэн бидний амьдралын салшгүй хэсэг. Ялангуяа бага насны хүүхдийн хөгжлийн чухал хэсэг. Орчин үеийн тоглоом тоглох аргачлал өөрчлөгдөж, өргөн хүрээнд яригдаж, гар утас, таблет, компьютер ашиглаж тоглодог болсон. Иймээс бид тоглоомыг ямархуу байдалтай, хэр хугацаатай тогловол хүүхдүүдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө харьцангуй бага вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй. Хуучин PC-д очиж тоглодог байсан бол одоо байгаа газраасаа онлайнаар тоглодог болсон” гэв.

Судлаач Б.Мөнхзаяагийн 2016 онд СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлсэн 12-16 насны 80 хүүхдийг хамруулсан “Интернэт тоглоомын эмгэгтэй хүүхдүүдийн сэтгэл зүйн онцлог” судалгааны үр дүнгээс харахад нээлттэй бус, бие даасан биш, хариуцлага сул, өөрийгөө хянах чадвар багатай хүүхдүүд интернэт тоглоомд донтох эмгэгтэй байсан аж.

Их сургуулиудын дунд байрлах нэгэн цахим спортын газар буюу  PC-ээр орлоо. Цар тахлын үеийн  хорио цээрийг тавьж, шар түвшинд шилжсэнээр PC тоглоомны газрууд үүд хаалгаа нээх болсон. Арван жилийн өмнө PC тоглоомны газрууд  орон сууцны хонгил, эсвэл жижиг умгар, агаар, зай муутай, харанхуй орчинд үйл ажиллагаа явуулдаг байсан. Тэгвэл өнөөдөр үүдний ресепшнээсээ эхлээд тоглоомын заал нь хүртэл орчин үеийн дотор засалтай, байгалийн гэрэл нэвтрэхгүй ч гэрэлтүүлэг, агааржуулалт сайтай орчин, сүүлийн үеийн техник хангамжтай болжээ. Товчхондоо, тоглох бүхий л боломж, ая тухаар хангасан байна.

Оюутан сурагчдын хичээл эхэлсэнтэй холбогдуулан уг цахим спортын газар ачаалал ихтэй, заланд нь компьютерийн гар, хулганы дарагдах чимээ тасралтгүй энд тэндгүй сонсогдоно. Хааяахан баярлаж, хөөрсөн залуусын орилолдох чимээ ч дуулдана. Тоглож байгаа залуусын ихэнх нь оюутнууд байх бөгөөд арван жилийн сурагчид  цөөн харагдав. Харин эмэгтэй хүүхдүүд ганц нэгээр тогтохгүй тоглох аж.

Тус газраар үйлчлүүлж байсан хоёр ч оюутантай ярилцав. Хоёулаа нэр, царайгаа гаргахыг хүссэнгүй. Тэд хэлэхдээ  цахим спортыг ойлгодоггүй, донтолт гэж боддог хүмүүс харааж, зүхнэ гэлээ.

Тэдний нэг нь  МУИС-ийн Бизнесийн сургуульд сурдаг. Түүнээс яагаад PC тоглодог талаар асуухад “Онцын шалтгаан байхгүй ээ. Одоо бол завсарлагаанаараа дараагийн хичээлээ хүлээгээд тоглож байна. Би ч нэг их тоглодоггүй. Хүнд чөлөөт цагаараа хийдэг зүйл байдаг биз дээ. PC тоглох нь тэгвэл миний чөлөөт цагаараа зугаагаа гаргадаг зүйл” гэв.

Мөн тэрбээр PC бол одоогийн залуусын хамгийн ихээр үйлчлүүлдэг, чөлөөт цагаа өнгөрүүлдэг газар гэдгийг онцолсон. Түүний хэлсэн ч ортой. Хүмүүнлэгийн ухааны сургуулийн хажууд, МУИС-ийн урд л гэхэд 3-4 цахим спортын газар бий. Ороход бүгд дүүрэн. Гэхдээ бүгдээрээ тоглодог гэвэл өрөөсгөл болно. Зарим нь хичээлээ, бие даалтаа хийнэ.

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн оюутан залуу өөрийгөө цахим спортын тэмцээн уралдаанд тогтмол оролцдог бөгөөд өөрийгөө авьяастай биш ч муугүй тоглодог гэж тодотгосон юм. Тэрбээр “Миний мэргэжлийн тамирчин болно, амжилт гаргана гэдэг ч худлаа. Одоогийн энэ арван жилийн 16, 17 настай дүү нар авьяастай, сайн байна. Миний багад PC-ийг хортой, бараг хар тамхи гэж ээж, аавд минь ойлгуулчихсан. Тэгсэн одоо дүү нар мэргэжлийн тамирчин болчихсон аав, ээжээсээ илүү цалин авч байна. Монголд үүнийг хориглох боломжгүй. Сүүлд "PUBG", "dota2", "CS:GO"-ийг Монголд хорино гэсэн мэдээлэл явж байна лээ. Ардчилсан биш Хятад хүртэл энэ төрлийн тамирчдаа дэмжиж, олон улсын тэмцээн зохион байгуулж байна. Гэтэл ардчилсан Монгол Улсад ийм зүйл ярих нь утгагүй шүү дээ” гэлээ.

Монголын CS:GO төрлийн тамирчид жилдээ 50-100 сая төгрөгийн орлого олдог байна.

Цахим спортын тамирчид гадаадаас  бага гэлтгүй валют оруулж ирдэг. Эх орныхоо нэрийг тив дэлхийн тэмцээн, уралдаанд гаргадаг. Монголд орж ирээд удаагүй шинэ мянганы спорт гэгддэг цахим спортын хөгжил, цар хүрээ, зах зээл минут секунд бүрээр үсрэнгүй хөгжиж байна. Манай залуус ч энэ "шуурга"-ны гадна бус голд нь явна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж