"Тендер авч, дараа нь мөнгө угаадаг тогтолцоо бий болсон"

Хуучирсан мэдээ: 2022.02.17-нд нийтлэгдсэн

"Тендер авч, дараа нь мөнгө угаадаг тогтолцоо бий болсон"

"Тендер авч, дараа нь мөнгө угаадаг тогтолцоо бий болсон"

Хөгжлийн банк тойрсон асуудлаар эдийн засагч С.Бямбахорлоотой ярилцлаа.


-Хөгжлийн банкнаас гаргасан 1.8 их наядын зээл чанаргүй болсонд олон нийт бухимдалтай байгаа. Зарим намууд  улс төр хийгээд эхэллээ. Ер нь Хөгжлийн банкны дампуурах шахсан нь юунаас болсон бэ?

-Хөгжлийн банкны хүний нөөцийг өөрсдөө томилдог. Уг нь тус банкны засаглал хараат бус байх ёстой. Томилгоог намын бус шударга зарчмаар явуулдаг байх ёстой. Банкинд намаас хүн томилохоор тухайн эрх баригчийн үгийг дагадаг талаар яригдаж байна. Тэгэхээр засаглалд нь алдаа гарсан учраас Хөгжлийн банкны асуудлууд үүссэн болов уу гэж харж байна. Уг нь импортын бүтээгдэхүүнийг орлох боломж руу мөнгийг хуваарилж чадсан уу гэдэгт баялаг бүтээгчдийн наад захын шалгуур бий. Гэвч энэ шалгуурыг хангасан нь ердөө 20 гаруй хувь. Тэд гадагшаа урсдаг байсан валютын урсгалыг дотоодод үлдээж, эдийн засгийг эргэлтэд оруулсан. Үлдсэн 80 орчим хувь нь буюу чанаргүй зээлийн 882 тэрбумын асуудал яригдаж байна. Үүний дотор зориулалтын бусаар ашигласан гэх асуудал ч багтана. Ийм тохиолдолд маш их харагдаж байгаа юм. Энэ бол баялгийн зөв хуваарилалт биш. Үүнийг анхаарах ёстой. Ерөнхийдөө төр бүх зүйлд гар дүрж, хараат бус байдлыг алдагдуулж, өөрсдийнхөө хүнийг томилдог боллоо.

Жишээ нь, Засгийн газрыг Үндэсний аудитын газар хянах ёстой. Гэтэл тус газрынх нь даргыг УИХ-аас томилж байна. Тэгэхээр өөрийнхөө томилсон хүнээр шалгуулахаар үнэн, шударга шалгах боломжгүй. Үүнтэй адил хуваарилалт хийж буй байгууллагад эрх баригчид хүний нөөц бүрдүүлж, эргээд зээл авч байгаа нь хамгийн буруу тогтолцоо.

Тиймээс аудит хийж байгаа бол чанаргүй зээлд төвлөрөхөөс илүү баялаг бүтээх үндсэн үйл ажиллагаа руу чиглэгдсэн үү гэдгийг харах хэрэгтэй. Мөн Хөгжлийн банкны зээлдэгчдийн дунд төрийн өмчит хувьцаат компаниуд багагүй хувийг эзэлж байгаа ч хөрөнгийн хэрэгцээ нь унасан байдаг. Уг нь зээл авах байдлаар хөрөнгө оруулалт хийснээр борлуулалтын хэмжээ нэмэгдэх ёстой. Нэг үгээр хэлбэл, төрийн өмчит компаниуд руу зээл өгөхийг засгаас нь шаарддаг. Гэвч зээл авсан төрийн өмчит компаниуд нь бүгд алдагдалтай.

Ерөнхий дүр зургаар нь харвал системийн алдаа л гаргаж байна. Төрийн эрх барьж буй нам нь төрийн өмчит хувьцаат компаниудын захирлыг томилдог. Тодорхой хэмжээгээр санхүүгийн систем ажиллуулж буй Хөгжлийн банкинд ч бас өөрийн хүнээ томилдог. Энд л алдаа гарч байгааг харах ёстой. Чанаргүй зээлдэгчдийг хорьж цагдсанаар энэ асуудал шийдэгдэхгүй. Хөгжлийн банкийг ч дампууруулах шаардлагагүй. Харин ч байх ёстой. Хөндлөнгийн байгууллага хянах ёстой. Гэхдээ Үндэсний аудитын газар, Авлигатай тэмцэх газар биш. Олон нийтийн оролцоотой байгууллагууд хөндлөнгийн хяналт тавих ёстой.

-Хөгжлийн банкны дуулиан ЖДҮ-гийн хэрэг шиг замхрах вий гэсэн болгоомжлол ч байна. Ер нь төрийн мөнгийг тонож иддэг явдал хэрээс хэтэрлээ. Төрийн сангуудын луйвар эдийн засагт ямар сөрөг нөлөө үзүүлж байна вэ?

-Зориулалтын мөнгийг зориулалтын бусаар зарцуулбал утгаа алдана. Хүнтэй зүйрлэвэл, би гутал авах мөнгөөрөө малгай авч өмссөнтэй адил. Засгийн газрын стратегийн хөгжлийн бодлогыг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг зориулалтын бусаар ашиглах нь гэмт хэрэг. Жилээс жилд бидний өр нэмэгдэж байгаагийн цаана мөнгөө зөв хуваарилж чадаагүй гэсэн үг. Уул уурхайн салбараас олсон хөрөнгөө эргүүлээд зөв хуваарилж чаддаггүй. Ер нь тодорхой системээр нь, засаглал хуулийн талаас нь харвал энэ асуудлууд цэгцэрнэ. Түүнээс биш Хөгжлийн банкийг дампууруулж, хэсэг хүмүүсийг шоронд хорьсноор уг асуудал шийдэгдэхгүй. Бид 2023 онд төлөх томоохон бондын өрийг Хөгжлийн банкны эргэн төлөлтийн санхүүжилтээр төлөх ёстой байсан. Үүнийг төлөх эсэх нь эргэлзээтэй болж байна. Хоёрдугаарт, чанаргүй зээл нь инфляци өсгөж, валютын ханшийн хөөрөгдөл бий болгож байна. Өнөөдөр инфляци 14.6 хувьтай, валютын ханш чангарахад Хөгжлийн банкны чанаргүй зээл нөлөөлж байгаа нь тодорхой болсон. Цаашид ч бас асуудлууд үүснэ.

Хамгийн гол нь, зээл эргэн төлөгдөхгүй бол олон улсад ангилал буурна. Гадаадын хөрөнгө оруулагчид  Монгол Улсыг чанаргүй зээлдэгч гэж харна.

Энэ мэтчилэн дараа нь хар мөртэй л үйл ажиллагаа явуулж байна.  Гэтэл систем нь байгаагүй учраас л аль аль нь цавчдаг банк боллоо. Одоо засаглалынх нь асуудлыг сайжруулахад анхаарах ёстой.

-Төрөөс өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн эдийн засгийн томоохон төсөл, хөтөлбөрүүд эзэндээ хүрч чаддаг уу, аль эсвэл “хулгай” гарах үндэслэл болж байна уу?

-Хөгжлийн банкны зээл дотор банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн эх үүсвэрийг тодорхой хэмжээгээр бүрдүүлсэн. Гэхдээ энэ бол эдийн засагт үр ашгаа өгсөн нь маш бага. Хоёрдугаарт, Хөгжлийн банк байгуулчихаад, арилжааны банкууд санхүүжүүлэхийг эргэж харах ёстой. Дээр нь төрийн өмчит компаниудыг санхүүжүүлэх шаардлагагүй. Уг нь стратегийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл бодит байдал дээр өөрчлөгддөг. Энэ нь улстөрчид эрх мэдлээ хэтрүүлдэг, тодорхой засаглалын нөлөө орж байгаа нь тодорхой. Хувь хүний зүгээс дүгнэхэд, Сангийн яам эдийн засгийн тооцоо судалгааг маш сайн хийдэг. Гэвч энэ тооцооллыг Засгийн газар нь ашигладаг уу гэдэг эргэлзээтэй. Дуртай нь аль нэг төслийг нэмж, хасдаг жишиг тогтлоо. Жишээ нь, Богд Зонховын хөшөө анх 5.5 тэрбум гэж яригдсанаас илүү өндөр 32 тэрбумын төсөвтэй болсон байна шүү дээ.

-Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд зургаан салбарт эдийн засгийг дэмжихээр төлөвлөсөн. Түүхий эд нийлүүлэгч улсаас аж үйлдвэржсэн улс болох төлөвлөгөө хэр бодит судалгаанд үндэслэсэн байна вэ?

-Монгол Улс өөдлөхгүй нэг л байрандаа байна. Цалин нэмэгдсэн атал хэрэглээ нь улам танагдаж, валютын ханш  чангарч байна. Өнөөдрийг хүртэл төмөр зам ашиглалтад ороогүй. Төсөвт тодотгол хийхэд Сангийн яам бодит судалгаа тооцоо л гаргаж байгаа юм. Гэтэл  аль нэг төслийг улстөрчид попорч, нийгэмд сэвүүлж, төсөвт суутгасан мөнгийг нэмүүлдэг. Хоёр тэрбумын сургууль барих төслийг попорч, нийгэмд сэвүүлээд л төсвийн тодотголд 25 тэрбумыг суулгадаг. Товчхондоо, тендер авч, дараа нь мөнгө угаадаг схем явж байна.

Ерөнхийдөө мэргэжлийн байгууллагуудын үгийг сонсдоггүй, бодит судалгаагүй шийдвэр гаргадаг, засаглалын асуудал ч яригдаж байна.

Монголбанкны анхаарах ёстой асуудал нь хараат бус байдал болсон. Уг нь мөнгөний бодлого барьж буй байгууллагууд нь хараат бус, төр оролцохгүй байх ёстой.

Эрх баригчид эдийн засгийг хөгжүүлэх тухай уриа лоозонгийн шинжтэй ярихаас биш бодитоор хардаггүй гэсэн шүүмжлэл гардаг. Төр эдийн засгийг дэмжихийн тулд ямар бодлого баримтлах ёстой вэ. Үүнийг та хэрхэн харж байна вэ?

-Эдийн засгийн тооцоололгүй улс төрийн шийдвэрүүд гаргадаг. Жишээ нь, инфляци 14.6 хувьтай тэнцэж байхад тэтгэвэр нэмэх нь чанарын ялгаагүй болж байна. Засгийн газрын стратеги бодлогууд тооцоо судалгаанд үндэслэсэн эсэх нь тодорхойгүй учраас л тунхагийн шинжтэй гэж ярьж байна. Эдийн засгийг дэмжихийн тулд баялгийн хуваарилалт зөв хийх ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж