Төрийн хулгайчид иргэдээс итгэлийг нь хүртэл хулгайлдаг

Хуучирсан мэдээ: 2022.02.17-нд нийтлэгдсэн

Төрийн хулгайчид иргэдээс итгэлийг нь хүртэл хулгайлдаг

Төрийн хулгайчид иргэдээс итгэлийг нь хүртэл хулгайлдаг

Улс төр ч, бизнес ч итгэл дээр тогтдог. Монголын ард түмний бүрэн итгэлийг хүлээж, бүтэн багаараа шахуу УИХ-д орж ирсэн МАН-д итгэх иргэдийн итгэл ямар төвшинд байна вэ. Засаг барьж буй намаар дамжаад монголчуудын төрдөө итгэх итгэл хэр хэмжээнд байгаа бол.

Ерөнхийдөө бид төр нь иргэндээ, иргэн нь төрдөө итгэхээ больсон цаг үед  амьдарч байна. Учир нь иргэд “УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох механизм байгаа ч үйлчилдэггүй учраас төрд итгэх итгэл алдарсан” гэцгээх болжээ. Тэдний ингэж хэлэх нь ч аргагүй. Учир нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэдийнхээ боломжийг хулгайлсан түшээдийн араас Хөгжлийн банкны асуудал нийгэмд “бүүм” тариад буй.

Үүнтэй холбоотойгоор МАН-аас тэдгээр хүмүүст хариуцлага тооцохоо мэдэгдсэн. Хэрэвзээ үнэхээр тэгж чадвал иргэдийн төрд итгэх итгэл аяндаа дээшилнэ. Харин хоосон яриа, амлалт, уриалга нь иргэдийн  итгэлийг үгүй хийх нь лавтай.

МУБИС-ийн багш, Улс төрийн ухааны доктор Э.Гэрэлт-Од 2020 онд Монгол пост социалист орон. Бид либерал үзэл санаа яриад буй ч амьдралд хэрэгжихгүй байгаа шалтгаан нь нийгмийн ядуурал. Азийн барометр гэж судалгаа Монголд дөрвөн удаа хийгдсэн. Азийн улс орнуудын хөгжил, ардчилал, засаглалыг харьцуулсан судалгаа юм. Тэр судалгаанд монголчуудын төрд итгэх итгэл, тэр дундаа улс төрийн намд итгэх итгэл хамгийн бага түвшинд хүрсэн. Улс төрийн намд итгэх итгэл дөнгөж 20 хувьтай. Үл итгэх хандлага нь 80 хувьтай байна” гэж онцолж байв. 

Фредрих Ницшег “Чамайг надад худал хэлсэнд би гутраагүй, харин үүнээс хойш чамд итгэж чадахгүй болсондоо гутарч байна” гэх эшлэлийг энд онцолъё. Угаас хоосон үг, амлалт, тайлбар итгэлийг бий болгохгүй. Итгэл олох цорын ганц арга нь үйлдэл юм. Тиймдээ ч иргэд УИХ-ын гишүүдээс шударга, тууштай, хариуцлагатай байхыг шаардаж байна.

НЭГ ХҮНИЙГ ШИЙТГЭХГҮЙ  ҮЛДЭХЭД  ДОЛООН ХҮНД ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭХ
СЭДЭЛ ӨГДӨГ

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, Хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид “Эрхзүйн ухамсар гэдэг нь улс төрийн өндөр дээд албан тушаалтнаас эхлээд бүх хүнд хууль адилхан үйлчилдэг гэдэгт итгэх итгэл юм. Иргэдийн төрд итгэх итгэл буурах нь хууль ёсыг сахихгүй, үл хүндэтгэх байдалд хүргэдэг. Нэг гэмт хэрэгтнийг шийтгэхгүй үлдэхэд цаана нь долоон хүнд гэмт хэрэг үйлдэх сэдэл өгдөг гэх олон улсын судалгаа бий. Ялангуяа авлига, албан тушаалын гэмт хэрэгт хариуцлага тооцохгүй бол иргэдийн эрхзүйн ухамсарыг бууруулдаг. Хууль зөрчихөд бэлэн болгодог гэсэн үг. Тухайлбал, “УИХ-ын өндөр дээд албан тушаалтнууд хуулийг биелүүлэхгүй байхад би заавал биелүүлэх албагүй” гэх сэдэл төрүүлдэг. Товчхондоо буруутай этгээд нь шийтгэлээ хүлээх ёстой. Иргэдийн зүгээс нэг салбарт гаргасан алдааг нийтэд нь хамааруулж ойлгодог. Энэ нь тухайн салбарын системийг ганхуулдаг. Тиймээс иргэд эрхзүйн ухамсраа сулруулах нь аажимдаа маш их хор нөлөөтэй” гэв.

Сэтгэлзүй талаасаа төрд итгэх итгэл алдрахад нийгэмд итгэх итгэл хэврэг болж, төрд, нийгэмд итгэлгүй болсноор хүн нь хүндээ итгэхээ больж, эцэстээ энэ нь өөртөө итгэх итгэлийг ч алдруулдаг аж. Энэхүү итгэл алдарсан нөхцөл нь нийгмийн сэтгэл зүйн уруу дорой чиг хандлагыг бүрдүүлж, харин дээрх итгэлийн давхрагууд бат тогтвортой байгаа нөхцөлд нийгмийн сэтгэл зүй өөдрөг, эрч хүчтэй, урам зориг, хүсэл тэмүүлэл дүүрэн байдаг байна.

Гадна талдаа итгэх юмгүй болсон хүнд улс нийгэм, бусдын өмнө хүлээх үүрэг хариуцлага нь утга учиргүй болж, ганцаардал, сэтгэл гутрал, стресс, сэтгэлийн дарамтат төлөв хуримтлагдана. Түүнийгээ даван туулах гэсэн зарим нэгэнд бусдыг үзэн ядах гэмт хэргийн сөрөг сэтгэл зүй төлөвшин бүрэлддэг аж. 

Тиймээс төрд итгэх итгэл гэдэг аливаа улс үндэстний хувьд туйлын чухал юм. Ард түмнийхээ итгэлийг олж чадсан төртэй улсын ард иргэд хамгийн өөдрөг сэтгэлтэй байдаг. Тийм улс үндэстэн хөгждөг. Үүнийг дэлхийн хамгийн өөдрөг сэтгэлтэй ард түмнээр БНХАУ-ын ард иргэд тэргүүлж буй үзүүлэлт ч батална. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж