Мөсний ханхүү Юзүрү Ханю

Хуучирсан мэдээ: 2022.02.17-нд нийтлэгдсэн

Мөсний ханхүү Юзүрү Ханю

Мөсний ханхүү Юзүрү Ханю

Бээжин 2022 өвлийн олимпийн наадмын тод оддын нэг, охидын анхаарлыг татаж буй Юзүрү Ханю Олимпийн хошой аварга, Япон улсын зургаан удаагийн аварга юм. Бид түүний спортын замналыг энэ удаа "ХҮМҮҮС" буландаа онцолж байна.


ДӨРВӨН НАСТАЙДАА УРАН ГУЛГАЛТЫН СПОРТОД ХӨЛ ТАВИВ

Тэрбээр 1994 онд Японы Сэндай мужид айлын бага хүү болон мэндэлжээ. Аав нь бага сургуулийн багш бөгөөд бэйсболын зөвлөхөөр ажилладаг байсан учир Ханю багаасаа спортод дур сонирхолтой болсон байна. Гуравдугаар ангид байхдаа тэрбээр бэйсболын тамирчин болъё гэж хүртэл боджээ. Ханюгийн ээж их дэлгүүрт худалдагчаар ажилладаг, уран гартай нэгэн байсан тул хүүгээ уран гулгалтаар замнаж эхлэх үед тоглолтын хувцсыг нь өөрийн гараар урладаг байсан аж.


Юзүрү Ханю гэх нэр өөртөө итгэх итгэл, шулуун шударга байдал, хүч чадал гэсэн утгатай ханзнаас бүрддэг. Аав нь түүнийг нэр төртэй, шударга амьдраасай хэмээн бэлгэдэж, энэ нэрийг өгчээ. Ханю хоёрхон настайдаа астматай гэж оношлогдож, өсвөр насандаа тэмцээн, уралдаанд оролцох бүрд энэ өвчин нь асуудал болдог байжээ. Гэвч цаг хугацааны явцад бие нь сайжирч, насанд хүрэгчдийн тэмцээнд оролцдог болох үедээ астма өвчнөө даван туулж чадсан байна.

Эгч Саяа Ханю нь мөн л багаасаа уран гулгалтаар хичээллэжээ. Ханюг дөрвөн настай байхад эгчийнх нь дасгалжуулагч багш түүнийг эгчийгээ харж уйдаж суухын оронд хамт хичээллэ гэж анх санал болгосон гэдэг. Ийнхүү Юзүрү Ханю дөрөвхөн насандаа анх уран гулгалтын спортод хөл тавьжээ. Өдгөө түүний талаар хүмүүс "Ихэнх эрэгтэй уран гулгагчдын хийж чаддаггүй хүнд үзүүлбэрүүдийг үзүүлдэг" гэж ярьдаг.

ДЭЛХИЙН ХАМГИЙН ЗАЛУУ АВАРГА

Анх 2004 онд Японы уран гулгалтын сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээний “Б” ангилалд алтан медаль хүртсэнээр түүний амжилтын үүд хаалга нээгдэв. Энэхүү тэмцээн нь дотроо хоёр ангилалтай бөгөөд “Б” ангилалд анхан шатныхан түлхүү ордог. Бэлтгэлээ хийдэг байсан гулгалтын талбай нь тухайн үед санхүүгийн асуудлаас болж хаагдсанаар бэлтгэл хийх боломж хомс үе ч тохиож байжээ. Дасгалжуулагч багш нь бэлтгэлийн талбайгаа сольсноор Ханю үргэлжлүүлэн бэлтгэлээ базааж, улмаар 2006 онд мөн тэмцээнийхээ “А” ангилалд хүрэл медаль хүртэв.

Сонирхогчоос өсвөрийн төрөлд хүч сорьж эхэлсэн нь 2008 он. Тухайн үед Юзүрү Ханю 13 настай байсан бөгөөд Японы өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль авсан хамгийн залуу эрэгтэй тамирчин болжээ.

Түүний амжилт зөвхөн арлын Японоор хязгаарлагдсангүй, 2010 онд Дэлхийн өсвөрийн уран гулгалтын аварга шалгаруулах тэмцээнд орох эрх авчээ. Энэ тэмцээндээ богино үзүүлбэрийн төрөлд гуравдугаар байр, чөлөөт гулгалтын төрөлд нэгдүгээр байр тус тус эзэлж, нийлбэр дүнгээрээ түрүү байр авч чадав. Ийнхүү "Өсвөрийн дэлхийн аварга" цол хүртсэн хамгийн залуу япон хүн болжээ.

Энэ цагаас хойш медалийн буухиа тасрахгүй явсаар хамгийн анхны олимпийн алтан медалиа 2014 оны Сочигийн олимпийн наадмаас хүртэв.

Тухайн үед Юзүрү Ханю эрэгтэй богино үзүүлбэрийн төрөлд 101.45 оноо авснаар 100-гаас дээш оноо авсан анхны уран гулгагч болсон байна. Тэрбээр 2014 оны Сочигийн олимпийн дараа 2018 онд Пёнчаны олимпоос мөн алтан медаль хүртэж, амжилтаа бататгажээ.

ЮЗҮРҮ ХАНЮГИЙН ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

Газар хөдлөлтийн айдас

Сэндай мужид 2011 оны гуравдугаар сард болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас 18 мянга гаруй хүний амь хохирч байв. Тухайн үед, Ханюг ид бэлтгэлээ хийж байх явцад 9.0 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тэшүүрийнх нь доор мөс хагарч, бүх зүйл хүчтэй чичрэн савлахыг харснаас хойш тэр газар хөдлөлтөөс хамгийн их айдаг болсон аж.

Сав л хийвэл бэртэх гээд байдаг гэмтэй

Пёнчаны олимпийн үеэр түүний нэр хамгийн том өрсөлдөгчийн тоонд зүй ёсоор багтаж байсан боловч харамсалтай нь баруун шагайны шөрмөс нь гэмтсэнээр эргэлзээтэй байдал үүсч байв. Гэвч эцсийн мөчид тэрбээр олимпод оролцоод зогсохгүй алтан медалийн эзэн болж чадсан.

Сочигийн олимпийн үеэр ч гэмтэл бэртэл түүнийг тойрсонгүй. Бие халаалт хийж байхдаа толгойдоо хүнд бэртэл авсан боловч тэмцээндээ оролцож, мөн л алтан медалиа өөрийн болгожээ.

Бамбаруушинд хайртай Ханю

Юзүрү Ханю сурагч байхаасаа л бидний сайн мэдэх Винни Пухын зурагтай салфетканы сав ашигладаг байжээ. Одоо ч энэ салфетканы саваа ашигласаар байгаа бөгөөд олимпийн наадмын үеэр ивээн тэтгэгчдийн эрхийн асуудлаас үүдэн гадуур нь өөр цаасаар бүрэх шаардлагатай болсон байна. Түүний шүтэн бишрэгчид Ханюг үзүүлбэрээ үзүүлсний дараа хайраа илэрхийлж, хэдэн зуун чихмэл бамбарууш мөс рүү шиджээ. Эдгээр чихмэл бамбаруушуудаа Пёнчанд хандивлана гэж тэр хэлж байжээ. Винни Пух өөрт нь аз авчирна гэдэгт тэр итгэдэг бөгөөд талбай дээр гарахын өмнө бамбаруушаа тэвэрч, ярилцлага өгөхдөө хүртэл бамбаруушаа дагуулж явдгаараа алдартай.

Харцаараа ойлголцдог найзууд


Тэрбээр Испанийн тамирчин Хавьер Фернандестай эн тэнцүү өрсөлдөхийн сацуу маш дотно найзууд. “Фернандес байгаагүй бол би бэлтгэлээ хийж чадахгүй байсан. Бид биенээ дэмждэг, ярилцаагүй үедээ ч харцаараа ойлголцдог” гэж Ханю хэлж байв.

Канадын Торонто хотод 2012 онд хамтрагчийн хувиар хамт бэлтгэл хийдэг байх үеэс тэдний үерхэл эхэлжээ. Пёнчаны олимпийн медаль гардуулах ёслолын үеэр Ханю болон Фернандес нар онцгой дотно харилцаатай харагдсан тул үзэгчдийн дунд тэднийг ижил хүйстэн үү гэх хардлага ч төржээ.

Жинхэнэ жентелмен

Эмэгтэй уран гулгагчидтай авахуулсан зурагнаас нь түүнийг хэчнээн жентелмэн болохыг харж болно. Олуулаа зурган дээр ч ялгаагүй Юзүрү Ханюгийн гар хүний биенд хамаагүй хүрсэн байхыг олж харах боломжгүй.

Японы ардын аман зохиолд томоохон байр суурь эзэлдэг “Абэ но Сэймэй” үлгэрийн дүрийг Ханю чөлөөт уран гулгалтын үзүүлбэрээрээ дамжуулан амилуулсан. Сэймэй бол дайснаа ялахын тулд өөрийгөө золиослоход бэлэн эрэлхэг дүр юм. Тухайн үед шагайдаа хүнд бэртэл авсан байсан ч Ханю олимпийн мөрөөдлөө биелүүлэхийн тулд уг бүжгийг уран гулгалтын үзүүлбэртээ нэгтгэжээ. Энэ хичээл зүтгэл нь үр дүнгээ өгч, өөрийгөө золислосноор Пёнчаны олимпоос алтан медаль хүртэж, жинхэнэ орчин цагийн Сэймэй болж чаджээ.


"Бээжин-2022" наадмын хувьд мэргэжилтнүүд ганцаарчилсан төрөлд Ханюд хамгийн их найдлага тавьж байсан. Гэвч Америкийн тамирчин Натан Чэн түүний тогтоосон дээд амжилтыг эвдсэнээр Ханю наймдугаар байранд буюу 95.15 оноотойгоор чансаа доогуур бичигдэж байна.

Мэдээж дэлхий даяар түүний дэмжигчид тоймгүй олон бий. Монгол Улсад “Юзүрү Ханю Монголын шүтэн бишрэгчид” нэртэй фэйсбүүк бүлгэм хүртэл байдаг бөгөөд 2100 гишүүнтэй ажээ. Тэрбээр энэ удаагийн олимпод төдийлөн амжилттай оролцоогүй ч зодог тайлах болоогүйгээ хэлсэн. Дараагийн олимпийн наадамд Юзүрү Ханю хэрхэх бол, бидэнд хүлээх л үлдлээ.

Эх сурвалж: FRANCE24, WIKIPEDIA, TIME, INFNEWS, ITSPORTSHUB

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж