"32 багш сайн дураараа нэгдэж монгол бичиг заана"

Хуучирсан мэдээ: 2022.02.17-нд нийтлэгдсэн

"32 багш сайн дураараа нэгдэж монгол бичиг заана"

"32 багш сайн дураараа нэгдэж монгол бичиг заана"

Эх хэл, бичиг гэдэг үндэстний эрхэмлэн дээдлэх зүйл мөнөөс мөн. Монгол хэлний тухай хуульд 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний монгол бичгээр хөтлөн явуулахыг тусгасан. Энэ зорилгын хэрэгжилтийг хангах, хүн бүр үндэсний бичгээрээ уншиж, бичиж чаддаг болох хүрээнд өөрийн хувь нэмрээ оруулах санаачилгыг Б.Гүндсамбуу гаргажээ. Сайн дурын үндсэн дээр яагаад энэ ажлыг хэрэгжүүлэх болсон, бэлтгэл ажил, сургалтын төлөвлөгөө боловсруулалт ямар шатанд яваа талаар түүнээс тодрууллаа.

УЛАМЖЛАЛТ БИЧГИЙГ БАЛЧРААС БУУРАЙ ХҮРТЭЛ БҮГД СУРАХЫГ ХҮСЧ БАЙГАА НЬ САЙШААЛТАЙ

Б.Гүндсамбуу: Үнэ төлбөргүй сургалт эхлүүлэх тухай мэдээлэл цахим хуудастаа тавихад маш олон хүн холбогдсон. Анх тооцоолохдоо эхлээд бүртгэл хийж, дараа нь хичээлийн анги танхим бэлдэж, хөтөлбөр гаргана гэж бодож байсан. Гэвч бага ангийн сурагчаас эхлээд бүх насны хүмүүс сургалтад суух хүсэлтэй байгаагаа хэлсэн учир цахим бүртгэлийн хугацааг хойшлуулаад байна. Мэдээлэл сүүлд авсан хүмүүсээс "Бүртгэлээс хоцорлоо" гэсэн гомдол, санал ирсэн учраас бүртгэлийг зогсоох нь зүйтэй гэж үзсэн. Бид хүмүүсийг ялгаварлаж болохгүй шүү дээ. Аль болох олон хүнд үндэсний бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх боломж олгох нь миний хэрэгжүүлж буй аяны гол зорилго.

Хэдийгээр дэмжиж байгаа хүн их ч сайн дурын аян гэж хүлээж авахгүй байгаа тохиолдол ч гарч байна. Хөтөлбөр ямар удаан гаргадаг юм бэ. Худал мэдээлэл тараагаад, сургалтаа зохион байгуулахгүй л байна гэхчилэн саналууд ирж байна. Миний хувьд анхнаасаа хэлсэн. Гуравдугаар сарын 1-нд сургалт эхэлнэ. Түүнээс өмнө зохион байгуулалт явагдаж дуусах учир санаа зоволтгүй.

Одоогийн байдлаар хөтөлбөр боловсруулалт 25 хувьтай байна. Сургалт заах багш нар сайн дураараа нэгдэж, өдгөө нийт 32 багш хичээл заахаар бүртгүүлсэн. Сургалтад суух хүмүүс бусдын ажлыг хүндэтгэх хэрэгтэй учраас нэг удаа хичээл шалтгаангүй тасалсан тохиолдолд шууд хасалт хийгдэх зарчмаар явна. Хасагдсан сурагчийн оронд дараагийн бүртгүүлэгч элсэнэ. Мөн иргэдээс ирж байгаа саналуудын дийлэнх нь түвшин. Анхан, дунд, гүнзгий түвшингээр суралцагчдад хичээл олгох нь зүйтэй. Аяныг минь дэмжиж санал, хүсэлт өгч байгаа хүмүүст бид хэзээд нээлттэй. Мэдээж хүн цаг зав гаргаж, өөрийн боловсролдоо хувь нэмэр оруулахдаа чанартай мэдлэг авах хэрэгтэй. Тэгэхээр монгол бичгийг суралцагчдын түвшингээр анги, бүлэг болгож заана.

Сургалт орох анги танхим тодорхой болоогүй ч дүүрэг болон аймаг бүрд төлөөлөл болгож нэг бүс тогтооно. Тухайн ангид танхимын сургалт явагдана. Цахим сургалтын хувьд бүлэгт хичээл дарааллын дагуу орж, хүмүүс өөрийн боломжит цагтаа хичээлээ судлаад явна гэсэн үг.

МЭДЛЭГЭЭ БАТАТГАХААР ХАМГИЙН АХМАД НЬ 67 НАСТАЙ ХҮН БҮРТГҮҮЛЭХИЙГ ХҮССЭН

Бүртгэл, баталгаажуулалт, боловсруулалт нэгдсэн зохион байгуулалт хийхэд тодорхой хугацаа шаардлагатайг ойлгож, хүмүүс хүлээцтэй байх хэрэгтэй. Хамтран ажиллах, дэмжих хүсэлтээ өгч байгууллага, хувь хүмүүс ч холбогдож байна. Ирэх сарын 1-нээс хэрэгжүүлэх ажлыг минь ийм олон хүн дэмжинэ гэж төсөөлөөгүй. Алдаа дутагдал олон гарах байх. Тэр бүр дээр хүмүүс ойлгож, хүлээн авч, залруулж өгвөл баярлана. Сайн дурын ажил гэдэг олон хүнийг зэрэг баярлуулах үйлс. Түүгээр ч зогсохгүй эрдэм, мэдлэг түгээх нь хамгийн сайхан зүйл.

Нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байгаа ажилдаа цаг хугацаа харамгүй зарцуулж байна. Албан бичгээ боловсруулаад, яам болон боловсролын газарт хандахаар төлөвлөсөн.

Цаашид бүх нийтээр монгол бичигт шилжих бэлтгэлийг бүрэн хангахад чадах хувь нэмрээ оруулах хүсэл минь өнөөдрийн ажлыг санаачлах. Өнгөрсөн жил цар тахлаас шалтгаалж англи болон орос хэлний үнэ төлбөргүй сургалт цахимаар явуулахад олон хүн идэвхтэй байсан нь сэдэл өгсөн. Тиймээс тодорхой зорилго тавьж, түүнийгээ биелүүлэх шаргуу зүтгэлийн минь ард найзууд, гэр бүл гээд баг бий. Бүгдэд нь баярлалаа.

Сургалт товлосон хугацаандаа буюу ирэх сарын 1-нээс эхэлнэ. Хөтөлбөр батлагдсаны дараа бүртгэнэ. Анх бүртгүүлсэн хүмүүсийн мэдээлэл хасагдсан. Тиймээс нэгдсэн журмаар бүртгэл хийж, нийслэлийн хүмүүсийг дүүргээр, орон нутгийг аймгаар нь анги болгоно. Мөн түвшингээр нь бүлэг болгох юм. Бага хугацаа үлдсэн ч ажлаа амжуулна гэж төлөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж