Монгол уран бүтээлчдийг олон улсын наадамд тогтмол оролцуулах шийдвэрийг Соёлын яамнаас гаргажээ. Оскарын дараа эрэмблэгддэг Каннын наадам бол дэлхийд Монголыг сурталчлах том боломж гэдгийг салбар яамны сайд онцлов.
Тодруулбал, Соёлын яамны дэмжлэгтэйгээр уран бүтээлчид Итали улсад зохион байгуулдаг “Венецийн дүрслэх урлагийн олон улсын биенналь” болон Франц улсад зохион байгуулдаг “Каннын кино наадам”-д тогтмол оролцох боломж нээгдэх гэнэ.
Соёлын сайд Ч.Номин "Монгол Улсын дүрслэх урлаг болон кино урлагийн бүтээлийг дэлхий дахинаа сурталчлах боломжтой болж байгаа нь сайшаалтай. Нөгөө талаар үргүй зардал ихээр төсөвлөх эрсдэлтэй гэж харж байгаа юм. "Алсын хараа-2050", "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд аж үйлдвэрийн салбарын хөгжил, эрчим хүч, дэд бүтцээс гадна аялал жуулчлал, ногоон хөгжил, бүтээлч үйлдвэрлэлийн салбарын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажиллах зорилт, хөтөлбөрүүд тусгагдсан. Энэ хүрээнд өнөөдрийн Засгийн хуралдаанаар дэлхийн хамгийн нэр хүнд бүхий наадамд уран бүтээлчдийг тогтмол оролцуулахаар шийдвэрлэж буй. Дүрслэх урлаг болон кино урлагийн салбарт зүтгэж байгаа мянга, мянган уран бүтээлчдэд бодит дэмжлэг үзүүлэх болсондоо ихэд баярлаж байна" гэдгээ хэлсэн юм.
Мөн "Монгол Улс Кино урлагийг дэмжих тухай хуулийг баталсан. Ингэснээр дэлхийн томоохон хэмжээний киног эх орондоо бүтээх боломж бий болж байна. Монголд дэлхийн томоохон продюссеруудыг авчирч, уран бүтээл хийх боломжийг танилцуулна. Холливудын дөрвөн кино продакшнтай хамтарч ажиллах суурийг тавьсан. Зургадугаар сард эхний киноны зураг авалтыг хийхээр төлөвлөсөн" гэж ам алдав.
Холбоотой мэдээ