Гадаадын хөрөнгө оруулагчдыг дахин үргээчихгүй юмсан!

Хуучирсан мэдээ: 2022.02.16-нд нийтлэгдсэн

Гадаадын хөрөнгө оруулагчдыг дахин үргээчихгүй юмсан!

Гадаадын хөрөнгө оруулагчдыг дахин үргээчихгүй юмсан!

Монголд намчирхсан сонгуулийн үр дүнд засгийн эрхэнд гарсан нөхөд өмнөх засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулж, улс орны ирээдүйд чухал ач холбогдолтой, овоо урагш алхах бодлого, чиглэлтэй яам, агентлагуудыг татан буулгасаар ирсэн. Үүний нэг жишээ нь Гадаадын хөрөнгө оруулалтын газар юм.

Засгийн газар өнөөдөр хуралдаж, Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулж буйгаа зарлалаа. Цоо шинэ юм биш л дээ. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилготой агентлаг 1996 онд байгуулагдсан. Өөрөөр хэлбэл Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг Засгийн газрын бүтэц дотор бие даасан агентлагийн хэмжээнд ажиллаж байсан гэсэн үг.

Түүх сөхвөл, 20 жилийн хугацаанд 20 удаа нэрийг нь өөрчилж, эсвэл харъяа яамыг нь сольж байжээ. Дээрх хугацаанд Дэлхийн банкнаас гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах зорилготой агентлагийн үйл ажиллагааг сайжруулна гэж олон сая ам.доллар авч байсан ч 2016 онд агентлагаа татан буулгасан. Түүнээс хойш гадаадын хөрөнгө оруулалтаа бүртгэж чадахаа больж, Монголбанк нэг өөрөөр, Сангийн яам нэг өөрөөр бүртгэдэг, бүртгэлийн газар нь бүр өөрөөр бүртгэдэг болсон аж.

Сангийн сайд Б.Жавхлан олон жил тасарсны эцэст, манай засгийн газрын үед, Эдийн засгийн хөгжлийн яамны дэргэд Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулагдлаа гэж онцлов. Асуудал манай, танай засгийн газрын үед гэхдээ бус, гол нь гадаадын хөрөнгө оруулалт татаж, улс орны эдийн засгаа өөд татах билээ.

Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулснаар Сангийн сайд Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлт дунд, урт хугацаандаа маш тодорхой болж, гадаадын хөрөнгө оруулагчдыг дотоодын бүтээн байгуулалт болон эдийн засгийн бусад салбаруудтай холбоно. Мөн Монгол оронд хөрөнгө оруулалт хийх эдийн засгийн боломжууд, эдийн засаг бизнесийн салбаруудыг гадаадын хөрөнгө оруулалтын агентлагаар дамжуулж, таниулах сурталчлах гэх мэт ажлуудыг өргөн хүрээнд хийх засгийн газрын агентлаг бий болж байна.

Цаашлаад удахгүй Монголын эдийн засгийн форум, тасраад байсан ДАВОС-ын уулзалтад бэлтгэх, мөн энэ жилээс эрчтэй хэрэгжүүлж эхэлж буй "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын олон ажилтай уялдуулж, Гадаадын хөрөнгө оруулалтын агентлагийг байгуулж байгаа юм. Эдийн засгийн хөгжлийн яамны дэргэд 30 хүний бүтэцтэй байгуулахаар төсөвт тусгагдсан” гэж мэдэгдсэн.

Гадаадын хөрөнгө оруулагчдад “найр тавьж” эдийн засгаа сэргээхээр хичээж буй нь сайн мэдээ л дээ. Гэхдээ тэд юунд дургүйлхэж, юунаас болгоомжилж, яагаад Монголоос дайжих болсон бэ гэдгийг маш сайн санаж, анхаарч ажиллах нь чухал.

Монголд гадаадын орнуудаас хөрөнгө оруулах сонирхол буурсан гол шалтгаануудыг нэрлэ гэвэл тогтвортой бодлого үгүй, орвонгоороо хэзээ ч өөрчлөгдөж мэдэх хууль, эрх зүйн таагүй орчин гээд тоочвол уртаас урт жагсаалт үүснэ. Ийм “хамелеон” бодлоготой улсад хөрөнгө оруулж, эрсдэл хүлээх “тэнэг” гадаад цөөхнийг өнгөрсөн цаг хугацаа бидэнд сайтар ойлгуулсан.

Хамгийн сүүлийн мэдээллээр, Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулагч 35 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж буй. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалтын асуудалд онцгой анхаарах цаг болсныг, мөн хөрөнгө оруулалтыг дэмжих хууль эрх зүйн шинэчлэлийг яаралтай хийх хэрэгтэйг сануулсан хэрэг юм.

Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчны хувьд нээлттэй, таатай орон бөгөөд Засгийн газраас 29 улстай “Давхар татвараас чөлөөлөх тухай хэлэлцээр”, 24 улстай “Худалдаа эдийн засгийн ерөнхий хэлэлцээр”, 42 улстай “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай” хоёр талт хэлэлцээр байгуулжээ.

Гэвч хөрөнгө оруулах орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдад эрх зүйн баталгаа олгох, дэмжих, хөрөнгө оруулалтын үр ашгийг илүү шинэ түвшинд гаргах нь чухал.

Монголд хөрөнгө оруулсан хэмжээ 2016 онд 1.5 тэрбум ам.доллар байсан бол 2019 онд 3.1 тэрбум буюу сүүлийн найман жилийн дээд түвшиндээ хүрч, харин 2021 оны байдлаар бараг гурав дахин буурч, 1.3 тэрбум ам.долларт хүрчээ. Өөрөөр хэлбэл, Монголд оруулсан хөрөнгө оруулалтын үнэмлэхүй дийлэнх хэмжээ буюу 70 хувь нь уул уурхайд ногдож, худалдаа үйлчилгээний салбар 17 хувийг эзэлж буй статистик мэдээлэл бий.

Гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулалттай холбогдуулан "гэнэтийн" шийдвэрүүд гаргадаг нь үйл ажиллагаа явуулахад маш их хүндрэл учруулдаг. Монгол Улсын хууль хяналтын байгууллагынхан бизнесийн маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхэд удаан хугацаагаар хойшлуулдаг, гаргасан шийдвэрүүдийн хэрэгжилт мөн адил удаан хугацаагаар хойшилдог. Тухайлбал, захиргаа, шүүхийн үйл явц 18-24 сараас багагүй хугацаанд үргэлжилдэг зэрэг хүндрэл бэрхшээлүүд хэлдэг.

Эдийн засгаа сэргээж, эрчимжүүлэхийн тулд тэдний энэ мэт “гомдол, санал”-ыг онцгойлон анхаарч, улстөржилгүй, харилцан ашигтайгаар, гадаадын хөрөнгө оруулагчдаа үргээхгүй байх бодлого баримтлах нь чухал билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж