Хуучирсан мэдээ: 2010.08.19-нд нийтлэгдсэн

Наймдугаар сарын 19

Наймдугаар сарын 19-ний баяр

Афганистаны тусгаар тогтнолын баяр

Их Британитай Равалпинди хотноо 1919 онд гэрээ байгуулсны ойг Афганистан тусгаар тогтнолынхоо өдөр гэж тэмдэглэдэг. Тэр гэрээгээр Афганистаны тусгаар тогтнолыг Их Британи хүлээн зөвшөөрч Британийн арми Хайберын зурваст орж ирэхгүй байхаар тогтжээ. Мөн Британийн Засгийн газрын татаас Афгнистанд өгөгдөхгүй болсон байв. Афганистаны тусгаар тогтнолыг дэлхийн орнуудаас Зөвлөлт хамгийн түрүүнд зөвшөөрөн хүлээжээ.

Үйл явдал:

Жованни деи Мариньолийг Тогоон Төмөр хаан хүлээж авав

1342 ОН: Флоренцийн францискан шашны лам Жованни деи Мариньолийг Тогоон Төмөр хааны ордонд хүлээн авчээ. Үүнээс зургаан жилийн өмнө хамбын өргөө байрлаж байсан Францын Авиньонд орон нутгийн христийнхний хүсэлт ирээд Ромын хамбын элч төлөөлөгч 32 лам Хятадын зүг гарсан байлаа. Тэдний тоонд орж байсан  Мариньоли алс дорнодод дөрвөн жил болоод Энэтхэг, Пакистанаар дамжин буцаж иржээ. Түүний энэ аяны тэмдэглэл хэсэгчилсэн янзтай ч Дорнын амьдралын тухай нэлээд их мэдээлэл агуулжээ.

“Шулам” гэх эмсийг дүүжлэв

1692 ОН: "Салемын шулмуудыг" шүүж байгаа зураг

XVII зууны 90-ээд онд “шулам ангуучлах” гэх шашны фанатизмын том хөөрөл Массачусетс мужийн Салемд гарчээ.

Лам Сэмюэл Пэррисийн зээ охид есөн  настай Элизабет Пэррис ба 12 настай Эбигейл Уильямс нарт хачин өвчин илэрч тэд хачин дуу гаргаж, энд тэндгүй нуугдан янз бүрийн хөдөлгөөн хийж байсан гэнэ. Хүүхдүүд тэдний хэн нэгэн хутга шөвгөөр хатгаж маань унших гэхээр нь чихийг нь бөглөж байсан гэлээ. Доктор Уильям Григгс тэдний шулмын хорлолд орсон гэж оншолжээ.

Хүүхдүүдийн зааснаар 1692 оны гуравдугаар сарын 1-нд хүүхдүүдийн асрагч африк бүсгүй Титуба, гуйлгачин эмэгтэй Сара Гуд ба хүнд өвчтэй, бэлбэсэн эхнэр Сара Осборн нарыг баривчилсан байв. Тавдугаар сар өөр хэдэн эрэгтэй, эмэгтэйчүүдийг бариад нийт 19 хүнийг шүүх хурал эхэлжээ. Зургадугаар сарын 2-нд шүүх хөгшин эмэгтэй Брижет Бишопыг гэм буруутай гээд 10-нд нь дүүжилсэн байв. Мөн дараагийн сарын 19-нд нь Ребекка Нёрс, Сара Гуд нарын хэдэн эмэгтэйг дүүжлэн хороов. 1692 оны наймдугаар сарын 19-нд дахин таван эмэгтэйг дүүжилжээ. Тэдний дунд Салемаас гадна хөрш Топсфелд ба Бостоны эмэгтэйчүүд байсан юм. Шулмуудыг шүүх ажиллагаа бусад газруудад ч болж намар хүртэл үргэлжилсэн байна. Үүнээс дөрвөн жилийн дараа шүүгчид өөрсдийн буруу үйлдлийг хүлээсэн гэдэг. 1992 онд хотод тэр хэргийн хохирогч нарт зориулсан хөшөө босгосон ба мужийн захирагч Жейн Свифт хэрэгтнүүдийг гэм буруугүй гэсэн байлаа.

Дагерротип анх нээгдэв

1839 ОН: Гэрэл зурагчдад зураач нартай төстэй зүйл олон. Гэрэл зураг гэдэг нь өөрөө гэрлээр зурна гэсэн грек үг билээ.

Ах дүү Сюссийн дагерротип

Францын Шинжлэх ухааны академи ба Дүрслэх ургийн академийн 1839 оны нэгдүгээр сарын 7-ны хамтарсан хуралдаан дээр физикч Доминик Франсуа Араго (Arago), химич ба зохион бүтээгч Луи Жак Манде Дагерын (Daguerre) хуулбар гаргах аргын талаар хийсэн олон жилийн туршилт ба арга барилын тухай сонирхолтой илтгэл тавьсан байна.

Францын Засгийн газар Дегарын патентыг худалдан аваад уг нээлтийн 229 жилийн өмнө дэлхийд зарлажээ. Ингэж гэрэл зураг албан ёсоор “төрсний гэрчилгээг” авсан юм. Гэрэл зургийн ивээгч тэнгэр нь хувилгаан Вероника гэж тооцогддог. Гэрэл зураг аажмаар амьдралын бүхий л салбарт нэвтэрсэн бөгөөд шинжлэх ухаан, техникийн бие даасан чиглэлүүд нь ч гарч иржээ. Микрофотографи, рентгенографи, астрофотографи, радиографи байхгүй байсан бол олон шинэ нээлтүүд гарахгүй байв.

1980-аад эхнээс гэрэл зураг хөгжлийнхөө шинэ төвшинд гарч дижитал арга техник нэвтэрч эхэлсэн байна.

“Вестсайдын  түүх” хөгжимт жүжгийн анхны тоглолт болжээ

1957 ОН: Вашингтон хотноо  Артур Лоренцын жүжгээр бүтээгдсэн Леонард Бернстайны «Вестсайдын түүх» мюзикл тавигдсан байна.Шекспирийн Ромео, Жульеттагийн дурлалын түүхийг орчин үеийн Америкийн хөрсөнд буулгасан нь тэр байжээ.

Шинэ Ромео Жульетта хоёр нь еврей залуу Тони ба итали католик бүсгүй Мария хоёр бөгөөд тэд дайсагнасан хоёр бүлэгт хамрагддаг. Тони Ромеогийн адил Мариягийн ахыг санамсаргүй хөнөөгөөд дараа нь бүлгүүдийн хоорондын дайн эхэлдэг. Мюзиклын гол дүрүүдийг Кэрол Лоренс, Ларри Керт ба Чита Ривер нар бүтээсэн байв. Найруулагч Роберт Уайз, бүжиг дэглэгч Жером Роббинс нар уг мюзиклийг кино болгож тэнд Ричард Беймер, Натали Вуд, Жорж Чакирис ба Рита Морено нар тогложээ. Тэр кино нь есөн Оскар аар шагнагдсан бөгөөд жүжигчид Натали Вуд, Ричард Беймер ба Рита Морено хормын зуур Холливудын тэргүүн одод болж байв. Америкийн киночдын үнэлгээгээр энэ хөгжимт жүжиг бүх он цагийн шилдэг мюзиклүүдийн хоёрт бичигджээ.

Зөвлөлтөд төрийн эргэлт хийх гэв

1991 ОН: Тэр жилийн зун Зөвлөлт холбоот улсын нийгэм, улс төрийн амьдралд хямрал авчирсан билээ. Горбачевын өөрчлөлт шинэчлэлийн сүүлч хурцхан байлаа.  Балтийн орнууд тусгаарлаж, бусад холбооны улсуудад ч тусгаар тогтнох хөдөлгөөн газар авч байв. Горбачевын дэвшүүлсэн шинэ холбооны гэрээ холбоог бүрэн задраасан баримт мэтээр хүлээн авагджээ. М.Горбачевыг Крымд амарч байхад ЗХУ-ын дэд ерөнхийлөгч Янаев, хүчний байгууллагын сайд нар ба нам ба Дээд зөвлөлийн нөлөө бүхий хүмүүс түүнийг засгийн эрхээс зайлуулахаар хуйвалдсан байна. 1991 оны наймдугаар сарын 19-нд радио, телевизээр “Зөвлөлтийн удирдлагын мэдэгдэл” гэгч гараад Горбачевыг өвчтэй байгаа учир засгийн эрхийг шинээр байгуулагдсан Улсын онцгой байдлын бүрэн эрхт хорооны (УОББЭХ) дарга Янаевт шилжүүлж байна гэжээ.

Москвад цэрэг оруулсан бөгөөд хуягт техникийг ч авчирсан байлаа. УОББЭХ-ны эсрэг эсэргүүцлийг Оросын ерөнхийлөгч Борис Ельцин толгойлсон ба “Оросын иргэдэд хандсан уриалга” ба түүний зарлиг гарч УОБХ-г төрийн эргэлт гэж зарласан ба тэдний гишүүдийг гэмт хэрэгтнүүд гэсэн байлаа.

Самуун дэгдээгчдийн эсрэг  иргэдийг тэмцэхийг уриалсан ба УОББЭХ-ын эсрэг тэмцлийн гол талбар нь Зөвлөлт Оросын холбоот улсын Засгийн газрын Цагаан ордон болсон байлаа.

Ард олны хөдөлгөөн ба цэргийн зарим ангийнхан Оросын Засгийн газрын талд орсон нь УОББЭХ-ны буултыг хурдасгасан ба гишүүдийг нь баривчилсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж