Гэр бүл цуцлуулахын тулд 1-2 жил зарцуулж байна

Хуучирсан мэдээ: 2022.02.16-нд нийтлэгдсэн

Гэр бүл цуцлуулахын тулд 1-2 жил зарцуулж байна

Гэр бүл цуцлуулахын тулд 1-2 жил зарцуулж байна
  • Өнөөдөр би хүүхдээ хараад гэртээ сууж байгаа ээж. Нөхөр хурдан салж, дахиад өөр амьдралаа эхлүүлэхийг хүссэн хүн. Харин шүүх хүүхдүүд бага гээд салгаагүй. Би салахыг нь хориглоогүй. Надаас салж болох ч хүүхдүүдээсээ битгий салаасай. Гэр бүлийн тухай хуулиа чангатгаасай.
  • Нөхөр маань гэр бүлээ цуцлуулахаар нэгэнт шийдсэн. Үүнийг нь хориглохгүй. Гэвч салахаар сэтгэл шулуудсан хүмүүст эвлэрүүлэн зуучлах үйлчилгээний хэрэг алга. Харин ч хугацаа алдаж, хүүхдийн тэтгэмж тогтоолгож чадахгүй бас  хуулийн хугацаанд 60 хоног нэг гэрт амьдрах уу үгүй юу гэдэг нь асуудалтай болж байна

Энэ мэтчилэн архидалт, ажилгүйдэл, хууран мэхлэх зэрэг олон шалтгаанаас болж гэр бүлээ цуцлуулж “хагас” амьдралыг туулж яваа олон мянган хүн бий. Сүүлийн жилүүдэд гэр бүл салалттай зэрэгцэн хүүхдийн тэтгэмжтэй холбоотой асуудал хурцаар яригдах болов. Гэр бүлээ цуцлуулахаар шийдсэн хүмүүсийн тухайд аль болох хугацаа алдахыг хүсдэггүй. Гэвч эвлэрүүлэн зуучлахаар орж хугацаа алдаж, хүүхдийн тэтгэмж тогтоолгож чаддагүй асуудал анхаарал татах асуудлын нэг болжээ. УИХ-аар 2012 онд батлагдсан  Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль нь шүүхийн бус аргыг хэрэглэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Гэвч тухайн зохицуулалтыг хэрэгжүүлэх процесс ажиллагааны зарим зохицуулалт хийгээгүй, зарим ажиллагааг хэт ерөнхийлөн заасан гэх дутагдалтай тал бий. Иймд Шүүхийн ерөнхий зөвлөл, ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газартай хамтран “Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулав. Энэ үеэр хууль, шүүхийн мэргэжилтнүүд эвлэрүүлэн зуучлах үйлчилгээнд гарч буй дутагдалтай талуудын нэг нь  гэр бүл цуцлуулах хүмүүс асуудлаа хуулийн дагуу эцэслэхийн тулд цаг хугацаа алдаж байгааг ч үгүйсгээгүй.

ГЭР БҮЛИЙН МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХЭД ӨНДӨР ТҮВШНИЙ СЭТГЭЛ ЗҮЙЧ, МЭРГЭЖИЛТНҮҮД ХЭРЭГТЭЙ

Нийслэлийн иргэний давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.ОЮУНТУНГАЛАГ: 

-Гэр бүлийн маргаантай холбоотой өргөдөл гаргахаас өмнө заавал эвлэрүүлэн зуучлах үйлчилгээнд хандах журамтай. Гэтэл эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ нь хамгийн үр дүн багатай. Энэ асуудал олон жил шүүмжлэл дагуулж байгаа. Гэр бүлийн маргаан дотор хамгийн их яригдаж, цаг хугацаа алддаг нь хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой. Мөн гэр бүлийн тэтгэлэг, эд хөрөнгөө хуваах асуудал ч яригддаг. Ийм тохиолдолд гэр бүлээ цуцлуулсан ч бусад асуудалд мэргэжлийн хүмүүсийн оролцоотой эвлэрч тайван шийдэх боломж гарахгүй байна.

Гэр бүлийн маргаан нь илүү хувь хүнтэй холбоотой учраас илүү өндөр түвшний мэргэжлийн сэтгэл зүйч нар байх шаардлагатай. Ерөнхийдөө шүүх бол аливаа маргааныг хуулийн үндэслэлээр шийдвэрлэнэ. Гэтэл иргэн хуулийн дагуу 200 мянган төгрөгөө авахын тулд маргаанаа шийдвэрлүүлэх өмгөөлөгчийн хөлс, улсын тэмдэгтийн хураамж төлөх, цаг хугацаагаа алдах зэрэг нь хуулийн дагуу нэхэмжилсэн мөнгөн дүнг давах тохиолдол гардаг. Энэ нь иргэдийг маш их бухимдуулдаг. Үүнээс сэргийлэх арга нь маргаан үүсгэсэн талууд хоорондоо эвлэрэх боломжийг л эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ олгож байгаа. Эвлэрч байна гэдэг хоорондын маргаанаа дуусгаж байна гэсэн үг. Заримдаа эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааны зорилго өөр ч болох тохиолдол байна.  Тиймээс хуульч, эрх зүйч нар сургалтад хамрагдаагүй, хүн бүрийн үзэл бодол өөр учраас хуулийн дагуу маргаан шийдэх ёстой гэж эвлэрүүлэн зуучлах үйлчилгээг дэмжихгүй байх, ойлгуулахгүй байх зэрэг асуудал ч гарч байгаа.

ГЭР БҮЛЭЭ ЦУЦЛУУЛАХАД 1-2 ЖИЛ ЗАРЦУУЛЖ БАЙНА

МУИС-ийн Хуульзүйн сургуулийн багш, Хууль зүйн ухааны доктор Н.НОРОВСАМБУУ: 

-Эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаа нь маш ач холбогдолтой. УИХ-аар 2012 онд батлагдсан Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль нь Монголд хэрэгтэй гэдэг нь тодорхой болсон. Эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээгээр иргэний эрх зүй, гэр бүлийн, хөдөлмөрийн гэсэн гурван маргааны шийдвэрлэж байгаа.

Голлон шийдвэрлэж байгаа нь иргэний эрх зүйн маргаан бөгөөд 70 гаруй хувь нь эвлэрдэг. Энэ тоо эсрэгээрээ гэр бүлийн маргаан амжилтгүй болох магадлал өндөр.

Монгол Улсад иргэний эрхзүйн маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхийн өмнө эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ авах ёстой. Тэгэхээр гэр бүлийн маргааны тухайд  заавал эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ авах шаардлага байгаа юу гэдгийг эргэж харах ёстой.

Яагаад гэвэл салахаар шийдсэн гэр бүлийн тухайд цаг хугацаа алдаж байгаа. Иймд бодит байдалт нийцэхүйц зохицуулалтыг Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчлэлтийн хүрээнд гаргах ёстой болов уу гэж харж байна.Ерөнхийдөө шүүхийн процессыг тооцвол 1-2 жил зарцуулж байгаа учраас энэ хугацаанд хүүхдийн тэтгэмж тогтоолгож чадахгүй байх асуудал гардаг. Иймд энэ тогтолцоог өөрчлөх шаардлага байна. Гэхдээ хүүхдийн тэтгэмжийг төлөхгүй тохиолдолд хилийн хориг тавих, зөрчлийн арга хэмжээ авах зэрэг тодорхой арга хэмжээ авдаг. Хамгийн гол нь, эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээ авсан ч цаг хугацаа алдаж байгаа юм.

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН ТОХИОЛДОЛД ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ШААРДЛАГАГҮЙ

Баянгол дүүргийн шүүх дэх  эвлэрүүлэн зуучлагч Б.ДАВААСҮРЭН: 

-Гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны хувьд шүүхээс урьдчилан шийдвэрлэх журам тогтоосон. Эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ авахгүйгээр шууд шүүхэд хандах боломжтой. Энэ нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогдсон бол тухайн хохирогч баримттайгаар шүүхэд хандах эрх нь нээлттэй. Үүнийг иргэд мэддэггүй учраас бухимддаг тал бий.

Гэр бүлийн маргаанаас үүссэн асуудлыг шийдвэрлэхэд эвлэрүүлэн зуучлагч  гэр бүлийг эвлэрүүлэх бүхий л олон талын арга хэмжээг авдаг. Гэхдээ талуудтай эхний ээлжид хамтарсан уулзалт хийдэг. Сэтгэл зүйчид үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг.

Эвлэрүүлэн зуучлах үйлчилгээг авахын тулд улсын тэмдэгтийн хураамж 30 мянган төгрөг төлдөг бол шүүхэд үнийн дүнгээс шалтгаалж тэмдэгтийн хураамж төлдөг. Хугацааны хувьд, Эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ нь өргөдөл хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор багтаан хариу явуулна. Мөн талууд хүсэлт гаргавал дахин 30 хоног сунгана. Нийт 60 хоногийн дотор маргааныг шийдвэрлэдэг.

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭХ ШААРДЛАГАТАЙ

ЖАЙКА-ийн Монгол дахь суурин төлөөлөгч А.САЙХАНТУЯА: 

-Бид 2019 оноос хойш сүүлийн таван жил хэрэгжүүлсэн төслийг илүү шинэ шатанд гаргах зорилготойгоор хамтын ажиллагааг хэрэгжүүлж байна. 2019 оноос хэрэгжүүлж буй үйл ажиллагааны хүрээнд бид шүүхээс гадуурх төрийн бус байгууллага дахь эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ, илүү сайжруулах талаас үнэлгээ хийх судалгааг хийсэн.

Цаашид Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг өнөөгийн нөхцөлд тохируулж  шинэчлэх шаардлагатай гэж үзэж байгаа.

Өнөөдрийн байдлаар Монголын худалдаа аж үйлдвэрлэлийн танхимд шүүхээс гадна эвлэрүүлэн зуучлагчийн үйл ажиллагаа явуулж байна. Үүнийг шүүхээр баталгаажуулах албан ёсны процесс дутуу байгаа учраас практикт илүү дутуу хэрэгжиж байна гэсэн үр дүн гарсан гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж