Улс төрийн шинжлэх ухааны доктор Б.Эрдэнэдалайтай ярилцлаа.
–Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх ёстой гэж олон жил ярьж байгаа. Хэрэв шинэчилье гэвэл яаж өөрчлөх ёстой вэ?
-Улс төрийн намын тухай хуулийн төслийг өөрчлөх талаар 2014-2015 оноос хойш ярьж эхэлсэн. Гэхдээ тухайн хуулийн төслийг парламент батлаагүй. Нэг удаа парламент дээр ороод унаж байсан тохиолдол бол бий. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 10 гаруй жилд гурван парламент дамнаж, Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх тухай ярилаа. 2021 онд Улс төрийн намын тухайн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Улс төрийн санхүүжилтийн тухайн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Намуудын улс төрийн санхүүжилт, дотоод ардчилал, намын дотоод бүтцийг намын тухай хуульд шингээх ёстой. Хамгийн гол зүйл нь намын дотоод ардчилал, санхүүжилтийн асуудал байна. Улс төрийн намуудын эх үүсвэр нь намын гишүүдийн татвар, хандив, төрийн санхүүжилт байна. Тус хуулийн төслийг парламент хэзээ батлахыг хэлж мэдэхгүй юм. Уг хуульд шинэчлэл хэрэгтэй гэдгийг бүгд мэдэж байгаа хэрнээ хэрэгжихгүй явсаар өдийг хүрсэн.
-Үе,үеийн парламент энэ хуульд шинэчлэл хийнэ гэдэг ч гар хүрэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Гэвч МАН дангаараа эрх барьж байгаа энэ үед дээрх хуулийг шинэчлэх нь эрх баригчдад давуу байдал бий болгох вий?
-Намын санхүүжилттэй холбоотой асуудлыг хянаж, хязгаарлах зохицуулалтууд орж ирж байгаа учраас тийм эрх ашиг байхыг үгүйсгэхгүй. Намууд өөрсдөө уг асуудалд ач холбогдол өгөхгүй байна. Магадгүй намууд улс төрийн намын тухай хуулийн төслийг батлах сонирхолгүй байгаа юм болов уу даа.
-Намууд хуулийн төслийг батлах сонирхолгүй байгаа нь намууд дотор маш их асуудал байгааг харуулж байх шиг?
-Бид ардчилсан нийгэмд шилжээд 30 жил болох гэж байна. Гэтэл улстөрчид, намуудын авлигатай холбогдсон байдал, далд аргаар эрх мэдлийг хэрэгжүүлэх, хэт төвлөрсөн эрх мэдэл гэх мэт зүйлс хэтэрхий их байна. Судлаачид маш олон жил улс төрийн намын санхүүжилтийн талаар ярьж, хэлж, хэлэлцүүлж байгаа. Судалгаа хийгээд харахад иргэний нийгэм санхүүжилтийг хянадаг байх ёстой. Иргэд улс төрийн боловсрол, мэдлэгтэй, хариуцлагатай сонголтоо хийж, улс төрийн намын санхүүжилтийн эх үүсвэрийг олж хараад мониторинг хийж дүгнэдэг болох юм бол намчирхсан байдал засагдана. Намууд бодлогоор өрсөлддөг байх ёстой.
-Та ярианы эхэнд намын дотоод ардчилал чухал гэдгийг онцоллоо. Тэгвэл өнөөдөр намын дотоод ардчилалтай гээд хэлчих нам байна уу?
-Азийн сангийн дэмжлэгээр хоёр байгууллага хамтран 2018, 2019, 2020 оны “Улс төрийн намуудын дотоод ардчиллын индекс” судалгааг хийж байсан. Судалгаагаар Монголын улс төрийн намуудын дотоод ардчиллыг хэмжих зорилготой. Дотоод ардчиллын хувьд хагас ардчилсан байна гэж гарч байсан бол сүүлийн 2020 оны судалгаанд зарим улс төрийн намуудад дотоод ардчилал байна гэж гарсан. Гэхдээ мэдээж бүх намуудад дотоод ардчилал харьцангуй жигд байна гэсэн үг биш. Том улс төрийн намуудын хувьд гишүүдийн оролцоо, улс төрийн намын бодлого боловсруулах үйл ажиллагаанд бага байдаг. Өрсөлдөөн нээлттэй биш.
Харин парламентад суудалгүй эсвэл цөөн суудалтай жижиг улс төрийн намуудын хувьд дотоод ардчилал нь өндөр юм шиг харагддаг. Хамгийн наад зах нь санхүүжилтийн мэдээллээ ил тод зарладаг нам алга. Зөвхөн сонгуульд нэр дэвшсэн хүмүүсийн зардлын тайланг харж болно. Харин тухайн намын бусад санхүүжилттэй холбоотой асуудал хаалттай байдгаас харахад санхүүжилтийн асуудал нь далд хяналтгүй байгааг харуулж байна.
-Олон нийтийн дунд намууд, УИХ-ын гишүүд хариуцлагатай, ёс зүйтэй байгаасай гэсэн хүлээлт байсаар байна. Хамгийн сүүлд гэхэд Хөгжлийн банкны асуудал нийгэмд “бүүм” тарилаа. Үүнтэй зэрэгцэн УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудал хөндөгдөж байна?
-Ард түмнийг төлөөлж УИХ-д сонгогдсон гишүүд өөрсдөө иргэд болон улс орныг хөгжүүлэх боломжоос хулгайлах кейсүүд маш их гарч байна. Бүр цаашилбал “Би энэ зээлийг эргээд төлчихнө”, “Миний хамаарал бүхий этгээд зээл авсныг би мэдээгүй” гэх тайлбар хийж байгаа нь маш харамсалтай. Сонгогчдын улс төрийн мэдлэг боловсрол төдийлөн хангалттай биш байна.
–Та 2019 онд “Улс төрчдийн гарын бэлэг” гэх өвөрмөц үзэсгэлэнг гаргаж байсан удаатай. Аяга, шанага, халуун сав, цаг тооны бичиг гээд улс төрийн сонгуулийн үеэр иргэдэд үнэгүй тараадаг улстөрчдийн гарын бэлгээс дэлгэсэн байсан. Гэвч түүнээс хойш байдал өөрчлөгдсөнгүй. Сар шинийн өмнө нэр бүхий УИХ-ын гишүүд иргэдэд хэвийн боов, бэлэн мөнгө тараасан. Үүнийг хүмүүс нэлээд шүүмжлэлтэй хүлээж авлаа. Бэлэг тараадаг байдлыг хэрхэн таслан зогсоох вэ?
-Сонгуулийн болон улс төрийн намуудын тухай хуулиар энэ асуудлыг зохицуулах ёстой. Ямар ч зохицуулалтгүй явж ирсэн учраас хуульч, судлаач байсан хүн парламентын гишүүн болчхоод “Яг ямар хуулийн заалт зөрчсөн юм. Уламжлалаа дагаж ахмадууддаа бэлэг тараасан” гэх зүйлийг жиргээд байна. Энэ нь өөрөө маш буруу. Хуулийн хүрээнд тухайн гишүүнийг эргүүлэн татах зэргээр хариуцлага тооцох ёстой.
Монголчууд олон ч баяр, наадам тэмдэглэдэг. Энэ үеэр бэлэг тараадаг. Мөн айлд орж ирсэн хүн хоосон орж ирэхгүй ямар нэг зүйл өгдөг нь ёс юм шиг болчихсон. Олон хүмүүс бодохдоо хүн юм өгч байхад яахав дээ, авч л байя. Сонгохдоо өөр сонголт хийнэ гэдэг. Үүний цаана маш хортой нэг зүйл гарч ирнэ. Улс төрийг авлига мөнгөнөөс ангид байлгая гэж бидний яриад байгаа зүйл хэрэгжихгүй гэсэн үг.
Ер нь иргэд нь улс төрийн боловсролгүй байх тусмаа авлига, хээл хахуульд автсан, тэдгээр хүмүүст ашигтай нөхцөл байдал үүсгэж байдаг. Ядуу буурай орнуудыг харахад эдийн засгийн өсөлтгүй, хүн ам нь ядуу, эрүүл мэнд, боловсролын асуудал орхигдсон. Иргэд нь улс төрийн мэдлэг боловсролгүй байх тусам бүх боломжоо гадагшаа алдаж байна. Сонгогч тухайн бэлгийг авснаар бэлэг өгсөн улс төрчийнхөө төлөө саналаа өгнө гэсэн үг биш хэдий ч улс төрд тэгш өрсөлдөх, сонгуулийг нэг гараанаас эхлэх түвшнийг хангах боломжгүй болгож байгаа юм.
Холбоотой мэдээ