Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн доктор, профессор Д.Уламбаяр.
Өнөөгийн дэлхий ертөнц зуун жилийн анхны цар тахлын нөлөөн дор гүн гүнзгий чанарын өөрчлөлт, тэрчлэн ноцтой сорилтуудын эрин үе рүү орж байна гэж тэмдэглэж болно. Эдүгээ геополитикийн орчинд үйл явц асар хурдацтай өөрчлөгдөж, их гүрнүүдийн хооронд шинэ хүйтэн дайн хэдийн эхэлж, хоёрт, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, гуравт, дижитал хувьсгал, дөрөвт, COVID-19 цар тахал, түүний шинэ хувилбар, тавд, “шинэ хэвийн байдал”-д (the new normal) хэрхэн дасан зохицох тухай асуудал шинээр тавигдаж байна.
Дижитал технологийн хөгжил, геополитикийн шинэ хүчин зүйлсийн нөлөөгөөр дэлхий нийтийн дүр төрх, олон улсын нөхцөл байдал асар хурдацтай хувьсан өөрчлөгдсөөр байна. Дэлхийн дулаарлын үр дагавараар хэдэн мянган жилд явагдаж байсан хувьсал, өөрчлөлтүүд хэдхэн жилийн дотор гарах болов. Үндэсний эдийн засаг дэлхийн зах зээлийн хуулиар зохицуулагдаж, үндэсний баялаг, түүхий эдийн нөөцөө захиран зарцуулах нь зөвхөн нэг улсын эрх мэдэл, хил хязгаараас шалтгаалахгүй болж, гадаад, дотоод бодлогын зааг ялгаа багасч, даяаршил, дижитал үйл явц хөгжлийн шийдвэрлэх хүчин зүйл болов. Дурдсан үйл явцад улс орны бүх салбар хамрагдаж, харилцан хамаарал үндэсний аюулгүй байдлыг тодорхойлогч нэг хүчин зүйл хэвээр байна. Олон тулгуурт эдийн засаг, (multi-pillared economy), олон тулгуурт аюулгүй байдлын (multi-pillared security) шинэ бүтцийг цогцлоох шаардлагатай гэж үзсээр байгаа билээ.
Олон улсын харилцаа, геополитикийн орчинд урьдчилан таамаглаж болохуйц нөхцөл байдлыг урт удаан хугацаанд, тогтвортой хадгалах явдал тулгамдсан асуудал болсоор байна. Үүнтэй нэгэн зэрэг “урьдчилан таамаглах чадавхийг бэхжүүлэх” (strengthen predictability) тухай онцлон тэмдэглэж байна. Нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн дүрмээр тоглодог олон улсын дэг журмыг хадгалах, их гүрнүүд болон хөршүүдийн хооронд цэргийн итгэлцлийг бүх түвшинд бэхжүүлэх явдал ч тулгамдсан асуудал хэвээр байна. Их гүрнүүдийн геополитикийн сөргөлдөөн жижиг дунд орнуудыг “хөлдөө чирж”, тэдгээрийг тодорхойгүй төлөв байдалд оруулсаар байгааг бид харж байна. Аюулгүй байдлын үзэл баримтлалд шинэ ойлголт гарч, Covid-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний үе шатанд дэлхийн бүх улс орон аюулгүй болтол аль ч улс гүрэн дангаараа аюулгүй байх боломжгүй болов.
Хэт глобалчлалын (hyber-globalisation) хүчин зүйл, хэт аж үйлдвэржилт, хэт хэрэглээ, өөрсдийн зохиомлоор буй болгосон хэт ачааллын сөрөг үр дагаврыг хүн төрөлхтөн ухаарч эхэлжээ.
ХХ зууны сүүлчийн улиралд хүн төрөлхтний хамгийн том нээлт нь өөрсдийн амьдрах оронзай, цаг хугацаагаа цоо шинээр, гэхдээ хязгааргүй “тэлсэн” явдал юм. Сyber space хэмээх хүний оюуны бүтээл болсон тулааны энэ шинэ оронзай хүн төрөлхтний амьдралд язгуур өөрчлөлт гаргаж, цаашид ч олон суурь өөрчлөлт, шинэ зүйлсийг буй болгох нь тодорхой болов. Дижитал үйл явц эдийн засагт асар их хэмнэлт буй болгож, цаг хугацааны алдагдлыг үлэмж бууруулж байна. Нөгөө талд дижитал технологийн хурдацтай хөгжлийн үр дагавараар дэлхий нийтийн аюулгүй байдал улам эмзэг болж, кибер орон зай дахь сөрөг үйлдлээс санамсаргүй байдлаар өчүүхэн зүйлээс ч асар их хор хөнөөл учирч болзошгүй байдал үүсээд буй. Кибер аюулгүй байдлыг хангах нь мэдээллийн аюулгүй байдлаас огт өөр, шинэ ойлголт болно.
Дубайн World Government Summit дээр хүний тархи болон түүний дижитал хувилбар хоёрын хооронд мэдээлэл солилцох хурдны тухай, тэдгээрийн нэгдлийн тухай өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнөх болов. Хүн ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн ч түүний бүх мэдээлэл, дижитал хуулбар амьдралаа цааш нь үргэлжлүүлэх боломжийг олгох гэнэ.
Дижитал оюун ухааны хөгжилд cognitive neuroscience нэн чухал үүрэг гүйцэтгэж байгаа боловч квант компьютерын хөгжил түүнийг орвонгоор нь өөрчлөх ажээ. Blockchain технологи хөгжлийн шинэ боломжийг нээсэн хэдий ч квант компьютерын хөгжил түүний схемийг бусниулж, итгэхэд нэн бэрх квант орны цоо шинэ нөхцөл байдлыг буй болгохоор байна. Blockchain сайтын мэдээлснээр биткойны 90 хувийг нэгэнт олборлож, нээлттэй зах зээлд арилжаалагдаж байгаа бөгөөд урьдчилсан тооцооллоор үлдсэн сүүлчийн 10 хувийг өндөр хүчин чадалтай супер комьютер ашигласан ч 2140 оны 2 дугаар сар хүртэл олборлож, зах зээлд нийлүүлэхээр байгаа ажээ. Өөрөөр хэлбэл 100 илүү жил шаардагдаж байна. Тэгвэл квант компьютер энэ асуудлыг хоромхон зуур шийдвэрлэж чадах ажээ. Квант компьютерын үйлдэл нь бурханд хамгийн ойрхон дөхөж очих шийдэл болно гэж мэргэжилтнүүд нь тэмдэглэх болжээ.
Ухаалаг төхөөрөмжүүд (smart objects) өндөр хурдны интернет сүлжээний дээд бүтэц, ложистикоор интеграцчлагдаж, объектуудыг алсаас мэдрэх, удирдах, хянах боломжтой (Internet of Things) болж, 6G хэрэглээнд нэвтэрч эхлэв.
Metaverse бидний паралелль ертөнц буюу хоёрдахь амьдрал болох нь. Амьдралын чухал зүйлс бүгд дижитал хэлбэр рүү шилжиж, тийнхүү дижитал амьдрал бидний бодит амьдралаас илүү үнэ цэнэтэй орчин болох ажгуу. Дижитал технологи урьдаас төсөөлж байгаагүй зүйлсийг бие даан хийж эхлэх л юм бол бид амьдралын цоо шинэ хэлбэртэй нүүр тулсан гэж ойлгох хэрэгтэй болж байна. 1980-90-ээд оныг бид электроникийн эрин буюу “цахим эрин” гэж нэрлэж байсан. Дурьдсан үед олон зориулалтын автомат үйлдэлтэй ахуйн өргөн хэрэглээний “электрон” бараа бүтээгдэхүүн бидний амьдралд хүч түрэн орж ирсэн. Тухайлбал, алсын удирдлагатай өнгөт ТВ, видео магнитофон, удирдлагатай хос хуурцагны стерео хөгжим, CD тоглуулагч, будаа агшаагч, кофе буцалгагч, хөргөгч, угаалгын машин, цахилгаан зуух, тооны машин, электрон цаг зэрэг олон нэрийн бүтээгдэхүүнүүдийг нэрлэж болно. Өдгөө бид дижитал технологийг ч аанай л “цахим” хэмээн нэрлэж байгаа боловч мөн чанартаа энэ хоёр нь тэс өөр ойлголтууд юм.
Дижитал үйл явц эдийн засагт асар их хэмнэлт буй болгож, орон зай-цаг хугацааны тухай бидний stereotype-ийг үндсээр нь өөрчилж байгаа билээ. Дижитал эдийн засгийн хамгийн эхний үе шат нь халбага үйлдвэрлэж байгаад сэрээ, эсвэл савх үйлдвэрлэхээр бол зүгээр л программыг нь өөрчлөөд “enter” товчлуурыг дарахад л хангалттай. Энэ бол программчлалын хүч юм. Дижитал эдийн засгийн хөгжлийн дараагийн үе шатанд интернетэд холбогдсон кибер орон зайд big data, ухаалаг төхөөрөмжүүдийн холболтоор үнэ цэнэтэй цоо шинэ өртөг буй болгох үйл явц юм. Энэ бол бизнесийн цоо шинэ модель. Тиймээс энэ бол цахим эдийн засаг биш, мөн тоон технологи ч биш юм. Тиймээс дижитал эдийн засаг гэдэг нь нэгд, програм хангамж дээр суурилсан эдийн засаг юм. Хоёрт, аппликашн, платформ дээр суурилна, гуравт, интернет сүлжээн дээр суурилж байна. Дөрөвт, кибер хязгааргүй орон зайд ажиллах эдгээр болно. Уур амьсгалийн өөрчлөлтөд “тэсвэртэй эдийн засаг”-ийг (climate-resilient economy) цогцлоох тухай өргөн хүрээнд ярилцаж байна. Түүнчлэн ногоон эдийн засгийн цөм болсон сэргээгдэх эрчим хүчний хөгжил тодорхой сорилтуудтай тулгарч байна. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор гол мөрний ус татарснаар усан цахилгаан станц, салхин станцуудад асуудал үүсч байгаа ажээ. Гэтэл дижитал технологид суурилсан халуун цөмийн гинжин урвалын реакторыг бүтээж, наран дээрх эрчим хүчийг гарган авах мөч хаяанд иржээ. Үүнийг “аrtificial sun” гэж нэрлэж байна. Ус төрөгчийн бөмбөгийн дэлбэрэлт нь нарны өдөр тутмын ердийн амьдрал билээ. Энэ бол эрчим хүчний шавхагдашгүй эх сурвалж мөн.
Гэвч дэлхий даяар 3.7 тэрбум орчим хүн интернетэд access хийж чадахгүй offline байгаа нь тэгш бус байдлын шинэ хэлбэрийг буй болоход хүргэж болзошгүй тухай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы дарга Волкан Бозкир мэдэгдэж, дижитал ялгаа (digital divide) нь “тэгш бус байдлын шинэ нүүр царай” болж байна. Covid-19-ийн хямрал энэ ялгааг бүрэн илчилсэн”. Тэдний дийлэнх нь эмэгтэйчүүд, ихэнх нь хөгжиж буй Өмнөдөд ногдож байна. Энэ нь хөгжингүй болон хөгжиж буй орнуудын хооронд дижитал хуваагдал улам гүнзгийрч байгааг харуулж байна” гэжээ. Тэрбээр “Тэгш бус байдлын шинэ хэлбэрт шилжих аюул учруулж буй дижитал ялгааг” арилгахыг уриалсан юм. Дижитал ялгаа буюу хуваагдал гэдэг нь дижитал эрин үеэс ашиг хүртэж буй болон хүртэж чадахгүй байгаа хүмүүс хоорондын хөгжлийн тэрхүү ялгааг илэрхийлж байгаа юм. Нөгөө талд дижитал технологийн хөгжил цахим орчинд хүчирхийллийг өөгшүүлэх, хувийн мэдээлэлд нэвтрэх, хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, цахим луйвар хийх, хүүхдийг цахим хүчирхийлэлд уруу татах, хүчирхийллийн хэт даврагч, үзэн ядах үзлийг түгээх, иргэдийг дижитал эриний өмнөх үеийн хоцрогдсон хүмүүс гэж ялгаварлан гадуурхах зэрэг нарийн түвэгтэй асуудлуудтай тулгарч байгааг бид харж байна. Дижитал технологийн хөгжил тэгш бус байдлыг бэхжүүлж, хурдасгаж байгааг нэгэн адил хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болжээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед хэлэхдээ: “Дижитал орон зайд өсөн нэмэгдэж буй хуваагдмал байдалд хариу арга хэмжээ авах хэрэгт НҮБ гол үүрэг гүйцэтгэх учиртайг тэмдэглээд дижитал үйл явцыг улс орнууд, технологийн компаниудын хамтын хүчин чармалтаар зөв маниупляци хийх шаардлагатай байна. Интернетэд холбогдох боломжгүй хүмүүс алсын зайн боловсрол, алсын зайн бизнес, алсын зайн эрүүл мэндийн үйлчилгээний үр шимийг хүртэж чадахгүй байна. Аль нэг улс гүрэн, эсвэл пүүс компаниуд дангаараа хүн төрөлхтний дижитал ирээдүйн хувь заяаг удирдах ёсгүй. Дэлхий нийтийн дижитал холболтыг (universal connectivity) буй болгох ажлыг зөвхөн технологийн компаниудад даатгаж болохгүй. Хиймэл оюун ухааныг удирдахад ч нэгэн адил болой. Хамтдаа бидний үүрэг бол хүн бүрийг өөдрөг ирээдүйтэй холбож чадах дижитал ертөнцийг зохион бүтээхэд туслах явдал юм” гэсэн байна.
“The New Normal” буюу “шинэ хэвийн байдал” хэмээх нэр томъёо өргөн хүрээнд мөн хэлэлцэгдэж байна. Үүний үндсэн мөн чанар нь дайн, зэвсэгт мөргөлдөөн, хямрал, гамшигийн дараа дахин сэргэлтийн үр дүнд улс төр, эдийн засаг, нийгэм, иргэдийн амьдрал хэвийн горимд шилжиж буй боловч эдгээр бүх нөхцөл байдал дайн, хямрал, гамшиг эхлэхээс өмнөх нөхцөл байдлаас эрс ялгаатай байгаа бөгөөд чухамхүү энэ шинж төлөв байдлыг “шинэ хэвийн байдал” гэж хэлж байна. Үүнд: хүйтэн дайн дууссаны дараах шилжилтийн үе, 2001/09/11-ний халдлага, 2007-2008 оны санхүү, эдийн засгийн хямрал, түүний үр дагавар, Арабын хавар, Сирийн иргэний дайн, үүнээс улбаалсан дүрвэгсдийн давлагаа, 2004/12/26-ны Зүүн өмнөд Азийн цунамийн гамшиг, эцэст нь covid-19 дэлхий дахиныг хамарсан цар тахлын дараах нөхцөл байдал зэргийг дурьдаж болно. Өнөөдөр дэлхий нийтээрээ “шинэ хэвийн байдал”-д дасан зохицохыг хичээж байна.
Хүн төрөлхтөн шинэ хэвийн байдалд хэрхэн хамгийн бага эрсдэлтэй, хамгийн бага зардлаар, хамгийн богино хугацаанд шилжих вэ гэдэгт төвлөрч байгаа юм. Энэ утгаараа шинэ хэвийн төлөв байдал нь хуучин хэвийн байдлаас маш том ялгаатай байх ажээ.
Нөгөө талд “шинэ хэвийн байдал” гэдэгт дижитал шилжилтийг хамруулж байна. “Хүний тэсвэр хатуужил, эв нэгдлийн төлөөх интернет” уриан дор 2021 оны 12 дугаар сард зохиогдсон Internet Governance олон улсын ээлжит форумд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн салбарын тэргүүн Лю Жэньмин (Liu Zhenmin) хэлэхдээ: “Ковид-19-ийн дараах эрин үе нь олон салбарт дижитал өөрчлөлтийг хурдасгах шинэ хэвийн байдлыг авчирч байна. Эдгээрт дижитал эдийн засаг, дижитал санхүү, дижитал Засгийн газар, дижитал эрүүл мэнд, дижитал боловсрол орно” гэжээ.
Цар тахлын дараа анх удаагаа авч хэрэгжүүлсэн хатуу хөл хорио, тусгаарлалт, өндөржүүлсэн бэлэн байдал, улсын хил хаах, онц байдал зарлах зэрэг дэлхий нийтийг хамарсан арга хэмжээнүүд нийт хүн төрөлхтний хамтын үнэт зүйлс болсон ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн харилцаанд ноцтой аюул учруулсан. Ерөнхийдөө дайн бүхий нөхцөл байдалд байгаагаа олон нийт анзаарахгүй байгаагаас зовиуртайгаар сэргэхийг оролдож буй эдийн засгийн өсөлтийн удаашрлын үед нийгэмд эмх замбараагүй байдлыг буй болгох магадлал өндөр байгааг анхаарах шаардлагатай байна. Эцэст нь, Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого” бол “шинэ хэвийн байдал”-д шилжих үйл явц мөн. Үүнийг ажил хэрэг болгох хэрэгт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сангийн сайд Б.Жавхлан болон Улаанбаатар хот, Монголбанкны удирдлагын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийн БНХАУ-д хийсэн ажлын айлчлал чухал ач холбогдолтой болсныг тэмдэглэе.
Холбоотой мэдээ