Мессигийн алдсаныг Мбаппе залруулав

Хуучирсан мэдээ: 2022.02.16-нд нийтлэгдсэн

Мессигийн алдсаныг Мбаппе залруулав

Мессигийн алдсаныг Мбаппе залруулав

Европын хөлбөмбөгийн клубуудын дундах хамгийн нэр хүндтэй тэмцээн болох УЕФА Аваргуудын лигийн энэ улирлын хасагдах шатны тоглолтууд эхэллээ.


ПСЖ 1 – 0 РЕАЛ МАДРИД

Лионель Месси энэ удаад Барселонагийн бус Пари Сен-Жермений өмсгөлтэй Реал Мадридын эсрэг тоглов. Тэрбээр хуурамч есөн номерын байрлал дээр тоглолтыг эхлүүлж, нэгдүгээр үед Мбаппед хөөргөж өгсөн дамжуулалтыг нь эс тооцвол эерэг нөлөө бага үзүүлсэн. Харин энэ өдрийн гол онцлох хүн нь Килиан Мбаппе байлаа. Ирэх зун Реал Мадридад тоглоно гэгдээд буй Франц довтлогч дийлдсэнгүй. Өдгөө 23 настай тэрбээр хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад багтаа торгуулийн цохилт авчирсан. Харамсалтай нь, Лионель Месси цохилтоо алдаж, хөгжөөн дэмжигчдээ гонсойлгов.

Реал Мадридаас хаалгач Тибо Куртуа сайн байлаа. Бельги залуугийн хувьд эсрэг багийнхаа аюултай довтолгоонуудыг удаа дараа няцааж, торгуулийн цохилт хаасан. Харин тус багийн довтолгоо тааруу байжээ. Бензема, Винисиус Жуниор, Асенсио тэргүүтэй Мадридын довтолгооны залуус нийлээд гурван цохилт хийсэн ч нэг нь ч хаалгаа оносонгүй. Харин сайн хамгаалалтынхаа ачаар үндсэн цагт гоол алдсангүй.

Шүүгчийн мэдлийн нэмэлт 90+4 дэх минутад Килиан Мбаппе Реал Мадридын хоёр хамгаалагчийг хууран, Тибо Куртуагийн хаалганд хожлын гоолыг оруулсан. Ийнхүү Европын баячуудын тулаанд ПСЖ ялсан юм.

Тоглолтын дараа Тибо Куртуа “Бараг л сайхан үдэш өнгөрлөө. Мэдээж, Месси торгуулийн цохилтыг олон удаа амжилттай болгож байсан. Тиймээс тааж үсрэх хэцүү. Харин тэр зүүн тал руу цохихдоо хэд хэдэн удаа алдаж байсан нь анзаарагдсан. Гоолын тухайд жаахан бухимдаж байна. Бид талбайн голд бөмбөг алдаж, Мбаппе хоёр тамирчны голоор төвөггүй гараад ирсэн. Би бушуухан шиг л өөдөөс нь үсэрч, хаахыг хичээсэн ч доогуур минь цохьчихсон. Иймэрхүү тоглолтын эцэст 1-0 гэсэн харьцаатай хожигдох шиг хэцүү юм байхгүй. Гэхдээ бидэнд дахиад 90 минут бий. Гэртээ бид илүү сайн байх болно. Би үүнийг хийж чадна гэдэгтээ итгэлтэй байна” гэжээ.

Багтаа ялалт авчирсан Килиан Мбаппе “Би ирээдүйгээ шийдээгүй байна. Би дэлхийн шилдгүүдийн нэг ПСЖ-ийн төлөө тоглодог. Энэ тоглолт миний ирээдүйд нөлөөлөх үү гэж үү? Үгүй дээ. Би шийдээгүй байгаа. Би энэ улирал чадах бүхнээ хийх болно. Тэгээд ирэх улирал юу болохыг харцгаая” гэжээ.

Дашрамд сонирхуулахад, удаан хугацаанд бэртэлтэй байсан Неймар энэхүү тоглолтод сэлгээнээс оролцсон.

СПОРТИНГ 0 – 5 МАНЧЕСТЕР СИТИ

Өнгөрсөн улирал финалд хожигдож, гашуун дурсамжтай үлдсэн Манчестер Сити дахин нэг удаа аваргын төлөөх дайралтаа эхлүүллээ. Үүнийгээ ч харуулах шиг Португалын Спортингийг талбайд нь 5-0 гэсэн харьцаатай хожив. Энэхүү тоглолтыг Кристиано Роналдогийн ээж үзэж сонирхон, Спортингийг дэмжсэн нь онцлох үйл явдал байлаа. Манчестер Сити тоглолтын турш өрсөлдөгчөө илт илүүрхэж, Махрез, Силва, Фоден, Стерлин гэсэн довтолгооны дөрвөл өрсөлдөгчийнхөө хаалганы торыг хөдөлгөжээ.

Тоглолтын дараа Манчестер Ситигийн дасгалжуулагч Пеп Гвардиола “Үр дүнд сэтгэл хангалуун байна. Энэ тоглолт, энэ тэмцээн амаргүй гэдгийг бид мэднэ. Тиймээс эхнээсээ чамбай байлаа. Бид сайн хамгаалж, сайн ч үр дүн авлаа. Гэхдээ үр дүн гэхээсээ илүүтэйгээр тоглолтын агуулгыг авч үзэх хэрэгтэй. Бид бөмбөгөө илүү их баримаар байна. Миний мөрддөг нэг дүрэм бол чи адилхан өмсгөлтэй хүнд бөмбөгөө дамжуулах. Өнөөдөр бид олон удаа бөмбөгөө алдлаа. Хүчтэй өрсөлдөгчийнхөө эсрэг үлгэрийн юм шиг л үр дүн авлаа. Хариу тоглолтод илүү сайн байх болно” гэжээ.

Өнөөдөр РБ Салзбург – Байерн Мюнхен, Интер Милан – Ливерпүүл гэсэн багууд хасагдах шатны эхний тоглолтоо хийнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж