Аймаг, сум бүр өвсний нөөц бүрдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.08.19-нд нийтлэгдсэн

Аймаг, сум бүр өвсний нөөц бүрдүүлнэ

Түрүү өвлийн зуд малчдад хатуухан сургамж өгсөн. Өвс, тэжээл хангалттай бэлдэхийг ч  сануулсан өвөл болсон билээ. Мал тооллогоор 43 сая мал бүртгэсэн монголчууд өнгөрсөн өвлийн зуднаар 8.1 саяыг алдаж, мөнгөн дүнгээр тооцвол 350 гаруй тэрбум төгрөгийн хохирол амссан. Хавар 9.1 сая төл хүлээн авсны 6.7 сая нь одоогийн байдлаар эсэн мэнд бойжиж байна. Хорогдсон малын тоог төлийн тоо нөхсөнөөр энэ өвөл 41.5 сая орчим мал өвөлжих урьдчилсан мэдээг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас авлаа. Тус газар ирэх өвлийн бэлтгэлийг арай өөр хэлбэрээр зохион байгуулж, өмнөх жилүүдийн алдаа дутагдлыг давтахгүй байхаар төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Ирэх өвлийн төлөв ямар байх нь одоогоор тодорхойгүй байна. Энэ сарын 25-наас улирлын мэдээг ус цаг уур орчны шинжилгээний газар гаргах юм байна. 

Юуны өмнө өвс тэжээлийн нөөцийг аймаг сумын дарга нар дор бүрнээ бэлдэхийг үүрэгдсэн байна. Ингэснээр аймгийн Засаг дарга нарын дэргэд зайлшгүй 500-750 тонн өвсний аюулгүйн нөөц бүрдүүлэх бол сумын хэмжээнд 50-70 тонн өвс нөөцлөх ажээ. Малчид өвс тэжээлээ дуусч хүндхэн байдалд орж эхлэхэд улсын нөөцөд шууд хандах биш сум, аймагтаа хандаж байх аж. Байдал бүр дордсон үед улсын нөөцөөс өвс, тэжээл авч байх гэнэ. Нийтдээ 988.5 мянган тонн байгалийн хадлан бэлтгэх төлөвлөгөөний дагуу энэ сарын 13-ны байдлаар хадланчид 46.6 мянган тонныг нь бэлтгээд байна.

Хадлан бэлтгэлийн ажил наймдугаар сарын эхний 10 хоногоос эрчимжиж, нийтдээ 1482 трактор, 765 хадуур, 357 хаман боогч болон 1000 гаруй морин хадуураар малчид хадлангаа хадаж байна. Эдгээр техник хэрэгслийг түрүү жилийнхтэй харьцуулахад 25-30 хувь илүү гэнэ. Дараагийн жил мөн техник хэрэгслийн тоог нэмэгдүүлж, малчдад 1300 орчим хадлангийн техник хэрэгсэл олгох төлөвлөгөөг холбогдох албаныхан гаргаад байна.

Өнгөрсөн зун хур ихтэй, хурц нартай болж өнгөрсөн. Харин говийн зарим нутагт ган болж, газрын гарц тааруухан байгаа аж. Өмнөговь, Дундговь, Дорноговь болон Баянхонгор аймагт хадлан авах боломжгүй байна. Тиймээс эдгээр аймгийг Сэлэнгэ, Төв, Булган болон Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт тодорхой хэмжээний хадлан бэлтгүүлэх зохион байгуулалтыг яам хийж байна. Түүнчлэн говийн аймгийн малчин өрхөд тус бүр 50-иас доошгүй кг гар тэжээл бэлтгэхийг даалгажээ.

Хадлангаас гадна өвөлжилтийн бэлтгэл ажилд тэжээл багтана. ХХААХҮЯ-наас гаргасан төлөвлө­гөөгөөр малчид өөрсдөө 127 мянган хүчил тэжээл, 38 мянган гар тэжээл бэлтгэх юм байна. ОХУ-аас тусламжаар авсан 56.8 мянган тонн тэжээлийн арвай буудайг боловсруулж орон нутагт малын тэжээл бэлтгэх юм. Бүх аймагт хуваарилаад дууссан ч Дархан-Уул аймаг болон Увс аймаг арвай буудайгаа татаж аваагүй байгаа ажээ.

Аймаг, сумдад нийтдээ ийм хэмжээний өвс тэжээл бэлтгэж байгаа бол улсын нөөцийг сонирхлоо. Энэ нь улсын нууц тул олон нийтэд ил тод байх боломжгүй гэдгийг албаны хүн хэлсэн. Харин ойрын үед тендер зарлаж есдүгээр сарын 20 гэхэд худалдан авалтаа хийж, улсын сан өвс тэжээлийн нөөцөө бэлтгэх юм байна.

Малчдын хувьд отор нүүдэл хийхдээ дайран өнгөрч буй нутгаа талхилж, тухайн орон нутгийн иргэдээс нэлээд хэл ам дагуулдаг. Тиймээс ийм байдлыг дахин гаргуулахгүй байх үүднээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болон Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын хамтарсан тушаал гарч отрын бүс нутагт мал орж гарч байх маршрутыг гаргаж, хэчнээн мал тус бүсэд орох тухай зохицуулалт хийх гэнэ. Одоогоор манайд отрын зургаан бүс нутаг байдаг ба отор нүүдэлтэй холбоотой асуудлыг есдүгээр сарын 1 гэхэд багтаан зохицуулж дуусгана. Юутай ч Өмнөговь аймагт гантай байсан тул аймгийн малыг баруун, зүүн нутагт оторт гаргах ажлыг зохион байгуулах ажээ. Түүнчлэн отрын бүс нутагт мөн өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх гэнэ. Одоогийн байдлаар Булган, Хэнтий аймагт техникийн хоёр том салаа хадланд гараад байна.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж