Хаан банкны хувьчлал: Ч.Хүрэлбаатар VS Б.Лхагвасүрэн

Хуучирсан мэдээ: 2022.02.16-нд нийтлэгдсэн

VS

Хаан банкны хувьчлал: Ч.Хүрэлбаатар VS Б.Лхагвасүрэн

Хаан банкны хувьцааны 60 хувийг хэн авсан бэ гэх асуудал Хөгжлийн банкны дуулианд дарагдаад байгаа. Актив хөрөнгөөрөө, ашиг орлогоороо арилжааны банкууд дотороо Монголдоо нэгд бичигддэг Хаан банкны асуудлаар улстөрчид өөр өөрийнхөө байр суурийг илэрхийлэх болсон.  Тиймээс энэ долоо хоногийн VS  буландаа УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар болон Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн байр суурийг хүргэж байна.


 

Ч.Хүрэлбаатар
УИХ-ын гишүүн:

-Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн 2021 оны долдугаар сарын 26-ны өдөр өгсөн гүйлгээгээр Хаан банкны Япон талын гүйлгээг шилжихийг зөвшөөрсөн бичиг өгсөн юм байна лээ. Би нүдээрээ харсан. Тэр бичгийг өгөхөөсөө өмнө "Худалдан авч буй эцсийн эзэмшигч нь хэн бэ" гэдгийг зайлшгүй эцэслэж тогтоосон байх ёстой. Үүний цаадах  эцсийн эзэмшигчийг олох мэдээж  амаргүй ч хянамгай сайн ухаж  байж олж тогтоох ёстой.

Мөн Монголын банкны хувьцааг авч байгаа мөнгө цэвэр мөнгө үү, бохир мөнгө үү гэдгийг зайлшгүй нягталж үзэх ёстой. Энэ ажил эцсийн эзэмшигч тодроогүй байхад түрүүлж тодрохгүй л байх. Энэ ажлыг хийх ёстой. Хэрвээ үүнд хариуцлагагүй ажилласны улмаас Монгол Улс дахиад "Саарал жагсаалт" руу орвол Монголбанк та бүгдийг монголын ард иргэд, хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчид барьж иднэ.

Үүнд АТГ, Санхүүгийн мэдээллийн алба, тагнуул, ХЗДХЯ бүгд маш сайн хяналт тавих ёстой. Хуулийн байгууллага 60 хувийг худалдаж авсан компанийг шалгаж байгаа эсэхийг мэдэхгүй байна. Шалгаж байгаасай гэж хүсч байна.  Хэрэв энэ арилжаа наймаанд монголын улстөрчид, түүний дотор шийдвэр гаргагч нар оролцсон бол дэлхий даяараа шившиг болно. Энэ зүйл нотлогдвол Монгол Улс юун "Саарал жагсаалт" шууд "Хар жагсаалт" руу орно. Нэг улстөрч ч юм уу, Хотын дарга гүйлээ гээд энэ бүгдийг зөвшөөрч болохгүй. Эцсийн эзэмшигч тийм амар гарч ирэхгүй.

Монгол банк арилжааны банкуудад хяналт тавьдаг. Капитал банк 2014 он гэхэд дампуурчихсан байсан ч таван жил үйл ажиллагааг нь явуулсан. Ингээд төрийн 300 гаруй тэрбум төгрөг хөндөгдсөн.Би Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банкуудад төрийн мөнгийг байлгаж болохгүй гэсэн бичиг өгөөд гурван жил болж байна. Төрийн албан хаагчид, төрийн мөнгийг байршуулж буй банкууд бодит мэдээллийг ард түмэнд мэдээлэх ёстой. Банкны нэг эзэн 20 хувиас дээш гаргаж болохгүй. Ийм хуультай. Нэг банкны эзэн нөгөө банкаа худалдаж авах нь бүр хуулиар хориотой.

Б.Лхагвасүрэн
Монголбанкны Ерөнхийлөгч:

-Хаан банкны хувьцаа эзэмшилд өөрчлөлт ороогүй, өөрөөр хэлбэл, өнөөдрийн байдлаар тус банкны нийт хувьцааны 45.5 хувийг Япон улсын хуулийн этгээд Савада холдингс компани, 14.5 хувийг Эйч Эс Интернейшнл (Ази) Лимитед, үлдсэн 40 хувийг Таван богд трейд ХХК холбогдох этгээдийн хамт эзэмшсэн хэвээр байна.

Хамгийн том хөрөнгө оруулагч Япон улсын иргэн Х.Савада нь Токио болон Сингапурын хөрөнгө биржид бүртгэлтэй 2 компаниараа дамжуулан нийтдээ Хаан банкны 60 хувийг эзэмшдэг. Савада холдингсийн хувьд Монголоос гадна хэд хэдэн оронд банк болон банк бус санхүүгийн байгууллага эзэмшдэг нээлттэй компани. Нэгэнт дээрх хоёр компани олон нийтэд нээлттэй хувьцаат компаниуд учир харъяа улс орныхоо зохицуулалтын хүрээнд хянагдаж шалгагдаад, хөрөнгө оруулагчид нь хуулийнхаа хүрээнд орж гараад солигдоод ирсэн байдаг. Японы санхүүгийн зохицуулах байгууллагын хяналтын дор үйл ажиллагаа явуулж, Токиогийн хөрөнгийн бирж дээр бүртгэгдсэн, нээлттэй, ил тод тайлагнах зохицуулалттай тул арилжаа, хэлцэл, бүртгэл гээд бүхий л мэдээллийг нээлттэй харах боломжтой. Эдгээр компаниудыг хэн нэгэн монгол хүн, компани, эсвэл аль нэг Монголын банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч худалдаж авч, эзэмшил нь солигдсон гэх мэдээлэл, бүртгэл байхгүйг шалгаад үзэх бүрэн боломжтой.

Бизнесийн үйл ажиллагаа, мөнгөний эх үүсвэр нь эрүүгийн болон мөнгө угаах, татвараас зайлсхийх, терроризмыг санхүүжүүлэх эсхүл ижил төстэй санхүүгийн гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэсэн тодорхойлолтыг холбогдох байгууллагуудаас ирүүлсэн. Тийм болохоор тухайн компанитай холбоотой бүхий л хэлцлүүд Япон улсын хуулийн дагуу хийгдэж мэдээлэл нь олон нийтэд нээлттэй ил тод зүйл. Давхар хяналттай гэсэн үг. 

Өнөөдрийн бидний зорьж хийгээд байгаа банкны салбарыг шинэчлэл, банкыг олон нийтийн компани болгох өөрчлөлт нь банкыг олон нийтийн хяналттай болгох, нээлттэй ил тод болгох, давхар хяналт зохицуулалттай болгох зорилготой. Цаг хугацаа үнэний шалгуур гэдэг. Дээрх олон таамаг, хардалт нь үндэслэлгүй хоосон зүйл байсныг цаг хугацаа харуулна гэдэгт итгэлтэй байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж