ЗГ: Иргэдийг тавдугаар сараас үзлэгт хамруулна

Хуучирсан мэдээ: 2022.02.16-нд нийтлэгдсэн

ЗГ: Иргэдийг тавдугаар сараас үзлэгт хамруулна

ЗГ: Иргэдийг тавдугаар сараас үзлэгт хамруулна

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. 


Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Covid-19-ийн үеийн санхүүгийн зарцуулалтад хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Сангийн сайд Жавхланд, мөн 2022 оны тавдугаар сарын 1-нээс иргэн бүрийг урьдчилан сэргийлэх үзлэг, эрүүл мэндийн эрт илрүүлгийн оношлогоо, шинжилгээнд хамруулах үүргийг Эрүүл мэндийн сайд С.Энхболдод даалгалаа. Өнөөдрийн хуралдаанаар иргэн бүрийг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулах ажлыг энэ оны тавдугаар сарын 1-нээс эхлэн зохион байгуулах үүрэг чиглэл өглөө.

Гадаадын хөрөнгө оруулалт, худалдааны газрыг сэргээн байгуулах үүргийг холбогдох албан тушаалтнуудад өглөө. Тодруулбал, Засгийн газраас дэвшүүлсэн "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжих хүрээнд дээрх үүргийг өгч байна. Мөн тус бодлогын хүрээнд хүнд аж үйлдвэрийн салбар, дэд бүтцээс гадна аялал жуучлал, ногоон хөгжил, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх ажил үргэлжилсээр байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар олон улсын тэргүүлэх чиглэлийн урлагийн наадамд оролцох шийдвэр гаргалаа.

Өнөөдрийн хуралдаанаар Мал эмнэлгийн газрын даргыг түр орлон гүйцэтгэгчээр Д.Батчулууныг томилсон гэв.


НАС БАРАЛТААР ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧИН ТЭРГҮҮЛЖ, ХАВДАР, ОСОЛ ГЭМТЭЛ ДАРАА НЬ ОРЖ БАЙНА

Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД:

-Эрүүл мэндийн даатгалын санд 60.8 тэрбум төгрөг төвлөрүүлсэн ба тавдугаар сарын 1-нээс бүх иргэнийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлгийн оношлогоо, шинжилгээнд хамруулна. Сүүлийн хоёр жил цар тахалд өртсөн, нас баралтын шалтгаан болсон таван өвчнийг эрт илрүүлэх зорилготой. Бүх насныхан буюу нярайгаас ахмад үеийн эрхтэн тогтолцоог хамруулсан шинжилгээ, үзлэгт хамруулах ажилд бэлтгэж байна.

Монголд 2018 оноос эхлэн эрүүл мэндийн даатгалаар урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажил эхэлсэн. Харамсалтай нь, иргэдийн идэвх оролцоо сул байгаагаас үзлэгийн үзүүлэлт 10 хувиас дээш гардаггүй. Тиймээс 2022 оны төсөвт Эрүүл мэндийн даатгалын санд 60.8 тэрбум төгрөгийг иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар тусгасан.

Иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсанаар эрүүл мэндийн нэгдсэн дататай болно. Мөн цаашид гарах санхүүгийн эрсдэлээс сэргийлэх бүрэн боломжтой. Манай улсын эмэгтэйчүүдийн дундаж наслалт 70.8, эрэгтэйчүүд 60.6 байдаг. 2024 онд насны зөрүүг таваан долоон жил болгохоор Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан.

Монголд амьсгалын тогтолцооны өвчлөл, бэлгийн замын өвчин, хоол боловсруулах тогтолцооны өвчин, осол гэмтэл тэргүүлэх байр эзэлдэг. Нас баралтаар зүрх судасны өвчин тэргүүлэх байр эзэлж, хавдар, осол гэмтэл дараа нь орж байна. Тиймээс урьдчилан сэргийлэх үзлэгийг энэ өвчлөл рүү чиглүүлж, улс орон даяар нярай хүүхдээс ахмад настан хүртэл бүх иргэнийг хамруулна.


КАННЫН ФЕСТИВАЛЬ, ВЕНЕЦИЙН БИЕННАЛЬД ОРОХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

Соёлын сайд Ч.НОМИН: 

-Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2025”-д хөгжлийн тэргүүлэх зургаан чиглэлийн нэгд бүтээлч эдийн засаг гэж орсон. Тэр ч утгаараа Аж үйлдвэржилтийн бодлого дотор бүтээлч эдийн засгийг хөгжүүлэх хөтөлбөрүүд мөн орсон. Үүнээс гадна аялал жуулчлалын бодлогын хөгжлийн бодлого дээр соёлын салбартай илүү уяж ажиллах бодлогууд орж ирсэн.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дэлхийн нэр хүнд бүхий, хамгийн том гэж нэрлэгддэг, кино урлагийн салбарын Каннын фестиваль, дүрслэх урлагийн салбарт томоохонд ордог Венецийн биеннальд орох шийдвэр гаргалаа. Ингэснээр дээрх салбарынхан дэлхийн хэмжээний томоохон наадамд Соёлын наадмын дэмжлэгтэйгээр оролцох боломж бүрдэж байгаа юм.

Монгол Улс Кино урлагийг дэмжих тухай хуулийг баталсан. Ингэснээр дэлхийн томоохон хэмжээний киног эх орондоо бүтээх боломж бий болж байна. Монголд дэлхийн томоохон продюссеруудыг авчирч, уран бүтээл хийх боломжийг танилцуулна. Холливудын дөрвөн кино продакшнтай хамтарч ажиллах суурь тавигдсан. Зургадугаар сард эхний киноны зураг авалтыг хийхээр төлөвлөсөн.


ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ ХУУЛИЙН ДАГУУ ЧИГ ҮҮРГЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖ,
БҮТЦЭЭР ХАНГАГДАЖ БАЙНА

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-Засгийн газрын хуралдаанаас Эдийн засгийн хөгжлийн яам болон Сангийн яамнаас хамтарч 2022 оны Төсвийн тухай хууль болон Засгийн газрын хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Эдийн засгийн хөгжлийн яам нэгдүгээр сард байгуулагдсан. Тус яамны болон стратеги хөгжлийн төлөвлөлтийн бодлогыг өнөөдөр батлууллаа. Ингэснээр шинэ яам Засгийн газрынхаа хуулийн дагуу үндсэн чиг үүргээ цаашид хэрэгжүүлэх боломж бүтцээр хангагдаж байна. Энэ дотор онцолж хэлбэл, гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг шинээр байгуулагдаж байна. Өмнө Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг Засгийн газрын бүтэц дотор бие даасан агентлагийн хэмжээнд ажиллаж байсан.

Олон жил тасарсны эцэст, манай засгийн газрын үед Эдийн засгийн хөгжлийн яамны дэргэд Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулагдлаа. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулагч нарын хувьд монгол Улсад ирэх гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлт дунд, урт хугацаандаа маш тодорхой болж, гадаадын хөрөнгө оруулагчдыг дотоодын бүтээн байгуулалт болон эдийн засгийн бусад салбаруултай холбох, Монгол оронд хөрөнгө оруулалт хийх эдийн засгийн боломжууд, эдийн засаг бизнесийн салбаруудыг Гадаадын хөрөнгө оруулалтын агентлагаар дамжуулж, таниулах сурталчлах гэх мэт ажлуудыг өргөн хүрээнд хийх засгийн газрын агентлаг бий болж байна.

Удахгүй Монголын эдийн засгийн форум, тасраад байсан ДАВОС-ын уулзалтад бэлтгэх, мөн энэ жилээр эрчтэй хэрэгжүүлж эхэлж байгаа "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд хийгдэх олон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил бий. Тэдгээр ажлуудтай уялдуулж, Гадаадын хөрөнгө оруулалтын агентлагийг байгуулж байгаа юм. Эдийн засгийн хөгжлийн яамны дэргэд 30 хүний бүтэцтэй байгуулахаар төсөвт тусгагдсан.


ЗАСГИЙН ГАЗАР ТҮГЖРЭЛИЙН АСУУДЛААР ХУРАЛДАЖ БАЙНА

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Өнөөдөр:

  • Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зарим төсөл, арга хэмжээний талаар,
  • Эрчим хүчний сэргэлтийн ерөнхий төлөвлөгөө,
  • Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явц зэрэг 30 орчим асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж