"Эсгий уран зураг нь мартаж боломгүй уламжлалт өв соёл, урлагийн бүтээл"

Хуучирсан мэдээ: 2022.02.16-нд нийтлэгдсэн

"Эсгий уран зураг нь мартаж боломгүй уламжлалт өв соёл, урлагийн бүтээл"

Монголчууд хэдийнээс урлаг, гоо зүйн өндөр мэдрэмжтэй ард түмэн байсан. Хувцас, гоёл чимэглэл, морин хуур, уртын дуу, хөөмий, уран нугаралт гээд хосгүй, дахин давтагдашгүй шинж чанар бүхий урлагийн төрөл зүйлийг хөгжүүлсэн арвин баялаг түүхтэй.

Монголын эзэнт гүрний үе, Монголын нөлөө хүчтэй тогтсон дэлхийд Персээс эхлэн Хятад хүртэл, Хойд Энэтхэгээс Зүүн Европ хүртэл Монголын язгууртнууд урлаг соёлыг ивээн тэтгэж, хөхүүлэн дэмжиж ирсэнийг нотлох түүхийн хуудаснууд илхэн байна.

Дэлхий дахиныг дуу хуураар давалгаалуулж буй "The HU" хамтлагийн жишээн дээр харахад монголчуудын өв соёл, урлаг дэлхий дахинд томоохон үсрэлт хийх цаг нь болсныг илтгэх мэт.

Монголчуудын хосгүй өв соёл бол эсгий уран зураг юм. Нүүдэлчдийн соёлын өвийг тээж буй эсгий урлал, тэр дундаа эсгий уран зургийн хөгжлийг шинэ шатанд гаргах зайлшгүй шаардлага тулгарчээ. Бид эсгий гэртэй нүүдэлчдийн үр удам бөгөөд эртнээс эсгийг гэр сууцаас гадна тоглоом наадгай, эдлэл хэрэгсэл, бэлэг дурсгалын зүйлс, хөвөн материалыг орлуулсан түүхий эд болгох гэх мэтээр олон талаар хэрэглэж ирсэн. Тэр дундаа нүүдэлчдийн гоо зүйн мэдрэмж, таашаал, зан заншил, ертөнцийг үзэх үзлийг илтгэсэн урлагийн бүтээлийг бүтээж ирсэн нь бий. Ширдэг, ширмэл урлагаас гадна онцгой нэг зүйл нь ноосыг зулж бэлтгэн эсгий уран зураг бүтээдэг өвөрмөц технологийг нэвтрүүлсэн явдал юм.

Магадгүй дэлхийд бидний онцлог байдал, түүх, ёс уламжлал, зан заншил, ахуйн соёлыг илтгэх нэгээхэн нэрийн хуудас бол эсгийн соёл юм.

Артист, эсгий урлаач С.Саран эсгий уран зургийн чиглэлээр сүүлийн 20 гаруй жил дагнан ажиллаж байгаа бөгөөд Монголчуудын эсгийн соёл, эсгий урлалыг шинэ түвшинд гаргах, түгээн дэлгэрүүлэх, олон улсын түвшинд сурталчилан таниулах, мөн эсгий урлалын технологи, нау-хауг залуу хойч үедээ өвлүүлэх зорилгоор “Эсгий уран зураг – урлагийн бүтээлийн инноваци” төслийг санаачилан хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа ажээ.

Юун түрүүн эсгий урлалын талаарх үндсэн ойлголт, суурь технологиудын талаарх мэдлэгийг сонирхсон хүмүүст үнэ төлбөргүй зааж өгөх гэж байгаа аж.

Дэлхийд өрсөлдөх Монгол агуулга бүхий уламжлалт бүтээгдэхүүн, арга технологийг шинэ үеийн технологийн боломжтой хослуулан хөгжүүлэх нь мартагдаж буй өв соёл, уламжлалаа хадгалах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээхэд чухал нөлөөтэй гарц байж болох юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж