“МоАХ-д Женко, С.Эрдэнийн тал гэж байх ёсгүй”

Хуучирсан мэдээ: 2022.02.16-нд нийтлэгдсэн

“МоАХ-д Женко, С.Эрдэнийн тал гэж байх ёсгүй”

“МоАХ-д Женко, С.Эрдэнийн тал гэж байх ёсгүй”

Монголын ардчилсан холбоо энэ сарын 18-нд Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын ордонд үндэсний зөвлөгөөнийг зохион байгуулахаар болсноо хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн. Уг асуудлаар МоАХ-ны гишүүн Д.Монголхүүтэй ярилцлаа.


-МоАХ-ны зөвлөгөөн энэ сарын 18-нд болох юм байна. Зөвлөгөөнөөр ямар асуудал хэлэлцэх вэ. Яагаад МоАХ-ныхон 10 гаруй жилийн дараа цуглаж, зөвлөгөөн хийх болов?

-МоАХ-ны гишүүдийн үндэсний хэмжээний зөвлөгөөнийг ирэх Баасан гаригт зохион байгуулахаар төлөвлөсөн.  МоАХ 1990 оны хоёрдугаар сарын 18-нд Үйлдвэрчний соёлын төв ордонд анх байгуулагдаж байсан түүхтэй. Тиймээс  33 жилийн ойн өдрөөрөө төрсөн байр буйран дээрээ цуглах гэж байна. Сүүлийн арав гаруй жил МоАХ хурал хийгээгүй, уулзаж ярилцаагүй. МоАХ “унасны” гор нь яаж гарсан бэ гэвэл өнөөдөр Монголд хүний эрх, эрх чөлөө хумигдмал байна.

МоАХ анх нэг намын тогтолцоог халж дарангуйллыг эсэргүүцэж, олон намын тогтолцоог оруулж, олон ургалч үзлийг хүлээн зөвшөөрүүлж, хүний эрхийн түгээмэл тунхаглалд суурилсан Үндсэн хуулийг батлуулсан түүхтэй  төрийн бус байгууллага.

Тиймээс 33 жилийн дараа эргэж нэгдэн уулзаад асуудал байвал ярилцъя, гурван үеийн үүсгэн байгуулагчид, залгамж халаа болох хүмүүс цуглаад “цаашдаа Монгол Улс яах юм, МоАХ ер нь байх юм уу” гэдгийг зөвлөе гэж байгаа юм. Шаардлагатай бол зөвлөгөөн дээрээс V их хурлаа зарлана. Өнгөрсөн хугацаанд сонгуулийг луйвардсан хар машинаас эхлүүлээд "60 тэрбум", Хөгжлийн банк зэрэг тэр дундаа МоАХ-ны газар нь барьцаанд байгаа ч асуудал үүссэн. Энэ бүхнийг МоАХ зүгээр хараад суугаад байх юм уу. Бүхэл бүтэн нийгмийн хувьсгал хийж тогтолцоог өөрчилж чадсан баатар, партизанууд яагаад чимээгүй суугаад харах ёстой юм. Өнөөдрийн үүсээд буй асуудалд хэний зөв, хэний буруу юм гэдгийг ярилцана.

-МоАХ-ны энэ удаагийн зөвлөгөөнд нийт хэчнээн хүн оролцох вэ?

-Хүслээ ярих юм бол МоАХ-ны гишүүдийг Улаанбаатарт багтаах зай олдохгүй. Цар тахлын хуульд захирагдаад хамгийн их багтаамжтай зааланд 50 хувийн дүүргэлттэй зохион байгуулах ёстой. Холбооны хурал хүн бүхэнд нээлттэй.

-МоАХ-ны ерөнхийлөгчөөр экс Ерөнхийлөгч Х.Баттулга сонгогдоод удаж байгаа. Одоо бараг хувийнх нь компани шиг болчихлоо гэсэн шүүмжлэл гардаг.  Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-МоАХ гэхээр Женко гэж харагддаг болчихсон байна гэдэг нь эмгэнэл. МоАХ анх үүсэхдээ 90 мянган гишүүнтэй байсан. Гэтэл өнөөдөр яагаад нэг хүнээр овоглодог болчихсон юм бэ. Их сонин ойлголт байгаа биз дээ. Тэгэхээр ийм байдалд орсноо хэдүүлээ ярилцъя гэж байгаа юм. 1990 онд үйл хэрэг, үзэл санааны төлөө явсан МоАХ-ныхон 30 жилийн дараа гэхэд нэг хүний эрх гүйцэлдүүлэх гэж яваагүй. Гэхдээ МоАХ-ны залуучууд хүн дээр фокуслаж ярихгүй. Женко, С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж, Б.Энхтүвшин байна уу, аль нь ч  хамаагүй. Тэд хувь хүмүүс байхгүй юу. МоАХ бол институци. Үнэт зүйлтэй, үзэл санаа зорилго, дүрэмтэй, хуультай. Тэгэхээр бид энэ удаа хүн ярихгүй. Нийгэмд алдагдаад байгаа МоАХ-ны амин сүнсийг сэргээе гэж байгаа юм

-Хөгжлийн банкнаас хувийн компани зээл авахдаа МоАХ-ны байрыг барьцаанд тавьчихсан гээд байгаа шүү дээ. Үүний ард мөн л экс Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр дурдагдаад байна лээ. Энэ үнэн үү?

-МоАХ-ны газартай холбоотой асуудалд ажлын хэсэг  байгуулаад ажиллаж байгаа. Хуулийн байгууллага шалгаж байгаа гээд МоАХ-ны гишүүд өөрсдийн байр суурьгүй байж болохгүй.

Тэгэхээр МоАХ-оос гарсан ажлын хэсэг асуудлыг тодруулаад явж байгаа. Одоо мэдэгдэж буйгаар МоАХ-ны нэр дээр Хан-Уул дүүрэгт газар авсан байдаг.  Газар авсан шалтгаан нь МоАХ-ны анхдагч гишүүдэд орон сууц баръя гэдэг хүсэлтээ хотын даргад өгсөн байдаг. Өөр шалтгаанаар хүсэлт өгсөн бол газар өгөхгүй нь ойлгомжтой шүү дээ. Гэтэл өгсөн газар дээр нь өөр байдлаар орон сууц бариад арилжааны хэрэгсэл болгон явчихсан юм байна гэдэг асуудал хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж буй. Түүнийг ажлын хэсгийнхэн нягталж шалгана.

-МоАХ-ны энэ удаагийн зөвлөгөөнөөс  та ямар хүлээлттэй байна вэ?

-Хурлын үр дүнгээс ямар  ч байсан тавдугаар Их хурлаа зарлаасай гэж бодож байна.

Тавдугаар их хурлаас нэг бол МоАХ-г татан буулгая, үгүй бол хүний эрх чөлөөг хамгаалах чиглэлээр тууштай байя гэж байгаа юм. АН хүний эрхийг хамгаалах байтугай дотоод хямралаа яая даа гээд явж байна. Тэгвэл МоАХ хүний эрхийг хамгаалах ёстой. Иргэдэд хамгаалалт хэрэгтэй.

-Ерөнхийлөгч асан  Х.Баттулга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон тооны бус зөвлөх шүү дээ. Энэ хэр  ёс зүйтэй үйлдэл гэж та харж байна вэ?

-МАХН буюу өнөөдрийн МАН 1937 онд олон хүний аминд хүрч, амьдралаар нь тоглосон. Хэчнээн мянган хүний амь нас, эрүүл мэнд, эрх чөлөөгөөр тоглосон билээ. Туснам 1990 онд МоАХ-той тулсан. Хэн нь ялсан бэ гэвэл МоАХ ялсан. Гэтэл МАН-ыг эсэргүүцэж, эрх чөлөөний төлөө тэмцэж явсан МоАХ-ыг удирдаж байгаа хүн эрх баригч намын даргын зөвлөх хийгээд байж болох юм уу. Үзэл санаа үнэт зүйл, зарчим, хайрлаж хамгаалах ёстой хүний эрх хаана байна вэ. Энэ зөвхөн миний хувийн бодол. Үүнийг ярилцъя, гишүүдээ хүрээд ир.

МоАХ-ыг тэргүүлж байгаа хүн бидний эсрэг хүчний даргын зөвлөх хийгээд явж байх зөв үү. Хэзээ байтлаасаа МоАХ нэг хүний үгээр явдаг болчихсон юм. Гишүүдийн үгээр явдаг байсан, яваг ч ёстой. МоАХ-ны дарга гэдэг даргалдаг хүн биш байхгүй юу.

Өөрөөр хэлбэл, гишүүдийн хүслийг гүйцэлдүүлдэг хүн. Гишүүд юу хүснэ, түүнийг дарга ажил хэрэг болгон зохион байгуулах ажлыг авч явдаг болохоос биш гишүүдийг “чи одоо тэг” гэдэг хүнийг МоАХ-ны дарга гэдэггүй. Гэтэл МАН бол босоо удирдлагатай. Дарга юу хэлнэ, гишүүд нь түүнийг дагадаг. Харин МоАх бол гишүүний үгийг даган биелүүлдэг. Энэ ялгаатай байгаа биз дээ.

"ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ҮЗЭЛТЭЙ ХҮН БОЛГОН МоАХ-НЫ ГИШҮҮН"

-МоАХ-ны зөвлөгөөнд мэдээж  Х.Баттулгыг дэмждэг  хүмүүс ирэх байх. Магадгүй бас л бөөн талцал, хэрүүл болж мэдэх юм биш үү?

-Яагаад орж ирж болохгүй гэж. Эрх чөлөөний үзэлтэй хүн болгон МоАХ-ны гишүүн шүү дээ. Гол пойнт нь МоАХ-д Женкогийн тал, С.Эрдэнийн тал гэж байх ёсгүй. Тэнд зөвхөн өөрийнхөө эрх чөлөөг хамгаалах гэсэн үзэлтэй хүмүүс цуглана. Бид асуудлаа ярихдаа эрх чөлөөний үнэт зүйл, үзэл санаагаа гаргаж тавина уу гэхээс биш Женкогийн тухай ярихгүй. Зөвхөн Монгол Улсын иргэдийн эрх чөлөө хумигдсаныг ярина.

-Цар тахлын хуулиар далимдуулж МАН хүний эрхийг олонтаа зөрчсөн. Эрх баригчдын дарамтад өртөж, жрхээ зөрчүүлсэн хүний нэг нь та. Гэтэл эрх баригчид цар тахлын хязгаарлалтуудаа цуцалсан ч хуулиа он дуустал сунгачихлаа. Үүний ард иргэдийн үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг "хянах" гэсэн шалтгаан байж болзошгүй гэж хардах хүмүүс байгаа шүү дээ?

-“Эд нар” яг л өмнө илэрч байсан фактуудыг үргэлжлүүлэх гэж байна. Эхлээд бид хардаж байсан.  Гэтэл тэр нь батлагдаж сүүлдээ бүр гаарсан. Та нар өвчинтэйгөө тэмц л дээ гээд талбай дээр гарсан. Хүмүүс “No naadam” буюу биднийг  наадамтай тэмцээд байсан гэж ойлгоод байсан. Үгүй шүү дээ. Цар тахлын хууль баталж, ажил хийж байгаа Засгийн газарт “та нар нэгэнт иргэдийн амьдрах балансыг алдагдуулж байгаа юм бол өвчнөө хяналтдаа аваач ээ” гэж жагссан. Цар тахлын хуулийг сунгаж болохгүй байсан юм. Түүний цаана мөнгө угаалт, хууль бус төрийн албаны томилгоо гээд товчхондоо “ковидизм” хамгаалж байхгүй юу. Далимдуулж дарангуйлаад байна л даа.

-Сүүлийн зургаан жил нэг нам дангаар засагласнааар  дарангуйлал тогтсон гэж хүмүүс ярих боллоо. Үүнтэй  та санал нийлэх үү?

-Ямар ч эргэлзээгүй тийм. Дарангуйлал хуулийн талаасаа, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ талаасаа ч тэр тогтсон.

-Сөрөг хүчний дуу хоолой нийгэмд үгүйлэгдэж байгааг олон жишээнээс харлаа. Сөрөг хүчин ажлаа хийхгүй байна гэх шүүмжлэл ч тасрахгүй байна. Та АН-ын гишүүн биз дээ?

-Засаглалын гурван институци байдаг. Хууль тогтоох буюу УИХ, УИХ-аас гарсан шийдвэрийг гүйцэлдүүлдэг нь Засгийн газар. Энэ үйл ажиллагааг хангах нь шүүх. Нэгдүгээрт, шүүх иргэдийг хамгаалдаг. Хоёр дахь нь улс төрийн нам, гурав дахь нь хэвлэл мэдээллийн салбар байдаг. Өнөөдөр иргэдийг аль нь хамгаалж байгаа вэ. Бодит байдалд дээрх дөрвөөс аль ч нь хамгаалж чадахгүй байна. Өнөөдөр АН иргэдээ хамгаалах нь байтугай “тамираа барж байна”.  Шүүх нэг намын талд үйлчилж байгаа бол, хэвлэл хаалтын гэрээ хийдэг болсон. Ингээд иргэд хамгаалалтгүй болчихсон байна. Тэгвэл одоо иргэдийг хэн хамгаалах ёстой юм бэ гэсэн асуулт гарч ирнэ. Иймээс иргэдийг  хамгаалахын тулд МоАХ сэрэх ёстой юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж